Д.Сумьяабазар Орон нутгийн сонгуулийн маргааш “...Нүх болгонд ордог оготно биш” гэж хэлж байв. Харин нөгөөдөр нь энэ “зүүдэлж ч байгаагүй” албан тушаалдаа очсон байдаг юм.

Ерөнхийдөө Д.Сумьяабазарын улс төрийн амьдрал МАН-аас эхэлж, тус намын Нарийн бичгийн даргаар ажиллаж байгаад УИХ-ын гишүүн болсон. Гишүүн болчихоод УУХҮ-ийн сайдаар ажилласан. Тэр үедээ Нийслэлийн МАН-ын дарга болсон.Ингээд 2020 оны сонгуульд дахин УИХ-ын гишүүн болсон ч сайд болж чадаагүй. Харин Орон нутгийн сонгуульд Нийслэлийн МАН ялалт байгуулснаар тэр Нийслэлийн Засаг дарга болсон.Д.Сумьяабазарын улс төрд амьдарсан он жилүүдийг ийн бичсэн нь учиртай.Ерөөс тэр Монголын төрд баргийн хүн занхайсан улстөрч болчих хугацааг өнгөрөөж, ажил албан тушаалыг хашсан байгаа юм. Гэсэн ч чадаагүй бололтой юм.

 

Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн Онцгой комиссын дарга болоод сар ч болоогүй Д.Сумьяабазар саяхны мэдээлэл дээр “...Би энэ Улаанбаатар хотынхоо ард иргэдийн төлөө нойр хоолоо хасаад 26 мянган төрийн албан хаагчдаа удирдаж чиглүүлээд явж байна” гэж хэлээд буруутлаа. “...Ялархлаа, шантарлаа, ядарлаа” гэж зэмлүүлж байна.

 

Ер нь бол улстөрч хүн бол хэзээ, хаана, юу ярих вэ гэдгээ маш сайн мэддэг байх ёстой. Улстөрчийн хамгийн эхний “боловсрол” энэ юм.

Хамаа замбараагүй ярьдаг. Юу ч хамаагүй хэлдэг “улстөрчид” маань голдуухан нийгмийн зүтгэлтэн гэдэг шошготой явсаар дуусдаг юм. Сайхан сайхан улстөрчид ингээд л “гудамж”-нд карьераа дуусгаж байгаа жишээ олон доо. Эсрэгээрээ амнаас унагаж байгаа үг бүрээ хянаж, цагдаж байдаг ах нар нь улс төрд яаж удаан амьдарч байгааг Д.Сумьяабазар харж л баймаар юм.

Ерөөс энэ Д.Сумьяа­базар УИХ-ын гишүүнээр ажиллаж байсантай хол­боотой. Эрхэм гишүүн хэлсэн үгийнхээ төлөө хариуцлага хүлээдэггүй хууль­тай. Тэгэхээр манай гишүүд чуулганы танхимдаа юу ч хамаагүй ярьдаг. Тэгж яриад сурчихдаг.

Чуулганы танхи­маас шууд Хотын захир­гаанд ирсэн учраас Д.Сумьяабазар бас л цензур багатай ярьж буй бололтой.

Нийслэлийн Засаг дарга бол тэндээ л Ерөнхий сайд гэсэн үг. Бяртай албан тушаал л даа. Хэдэн агентлагийн даргаа суулгаж байгаад зандарч загнахад хорио байхгүй.

Тиймээс Д.Сумьяа­базар сул гишүүн байснаас илүү аатай бяртай болж, тэр эрчээрээ олны өмнө мэдээлэл хийж гарч ирсэн гэсэн үг.

Энд Д.Сумьяабазарын ганц үгтэй ноцолдох гэсэнгүй. Учир нь Монгол Улс дэлхийг сөхрүүлж буй COVID19 тахлаас хамгаалж арван сарыг өнгөрөөсөн. Үүнийг тэр мэдэж байгаа. Хүн ам нь тэр чигтээ ирээд суучихсан Улаанбаатарыг хариуцсан Онцгой комиссын дарга болсон. Тэрийгээ Д.Сумьяабазар ойлгосон байх ёстой. 

Тиймээс тэр хатуу хөл хорионд орж, элдвийн хохирол амссан, цаашид хэрхэхийг мэдэхгүй хямарч суугаа нийслэлийн иргэдтэй “зөв” харилцах, өөрийгөө ч зөв ойлгуулах үүрэгтэй юм.

Эцэст нь хэлэхэд, ядарснаа нууж, задарснаа дарж байж “дарга” болдог юм шүү, Д.Сумьяабазар дарга аа.

 

Б.Дамдин-Очир

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин