П.Н.Шастины нэрэмжит улсын III төв эмнэлгийн Уушигны тасагт хэвтэн эмчлүүлж байсан 37 настай эмэгтэй коронавирусний халдвартай болох нь тогтоогджээ.

Тэрбээр өнгөрсөн лхагва /2020.11.18/ гарагт амьсгалын замын дутагдал гэх оноштойгоор тус эмнэлэгт хэвтжээ. Тухайн эмэгтэйн биеийн байдал хүндэвтэр байгаа бөгөөд ХӨСҮТ-д шилжүүлэн эмчилж байна. Мөн Уушигны тасгийг битүүмжлэн улсын III төв эмнэлэгт ариутгал, халдваргүйжүүлэлт хийсэн байна.

Эх сурвалжийн мэдээлснээр 37 настай эмэгтэй нь Хан-Уул дүүргийн "Буянт-Ухаа-2" хороололд оршин суудаг аж. Үүнээс гадна Төмөр замын нэгдсэн эмнэлэгт коронавирусний халдвартай нэг иргэнийг илрүүлжээ.

Тодруулбал Баянгол дүүргийн 3-р хороонд амьдардаг 53 настай эрэгтэй халуурч тус эмнэлэгт хандсан бөгөөд шинжилгээ хийхэд коронавирусний халдвартай болох нь тогтоогдсон байна.

Тэрбээр Төмөр замын байгууллагад ажилладаг ба халуурсны улмаас хэд хэдэн эмийн сангаар үйлчлүүлээд өчигдөр орой Төмөр замын эмнэлэгт хандсан гэх мэдээлэл ирлээ. Одоогоор Төмөр замын эмнэлэгт хөл хорио тогтоон, үзлэг шалгалт явуулж, ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байгаа юм байна. Дээрх хоёр тохиолдол нь ЭМЯ-наас зарласан өчигдөр оройн 17 цагаас хойш нийслэлд батлагдсан 15 тохиолдолд багтаж байгаа юм.