Долоо хоног бүрийн пүрэв гаригийн 12.30 цагт товлогддог “Ерөнхий сайдын 30 минут” уулзалт боллоо. Уулзалтын эхэнд Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Эдийн засгаа эрчимжүүлэх нийт 100 хоног” төлөвлөгөөний төслөө танилцууллаа.

Одоогийн байдлаар үндэсний үйлдвэрлэгч, бизнес эрхлэгчдээ дэмжих, уул уурхай-ашигт малтмалын салбарын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, барилга-аж үйлдвэр, дэд бүтцийн салбарыг эрчимжүүлэх, аймаг орон нутгийн дэд бүтэц, эдийн засгийн чадавхийг сайжруулах, гадаадын хөрөнгө оруулалт татах чиглэлээр тодорхой ажлууд төлөвлөөд байна гэж Ерөнхий сайд Н.Алтанхуяг хэллээ. Тухайлбал, дотоодын ухаалаг хэрэглээг урамшуулах, үйлдвэрлэлийн зориулалтаар импортлох тоног төхөөрөмжийн татварыг үйлдвэрлэл эхэлсний дараа авах, мөн тоног төхөөрөмжийн түрээсийн болон зээлийн даатгалын үйлчилгээний тогтолцоо бий болгох, тендерийн хуульд өөрчлөлт оруулах, хөрөнгийн биржийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, 100 мянган ам.доллараас дээш хөрөнгө оруулалт татаж буй банк бус санхүүгийн байгууллагын ашгийн татварыг тэглэх зэрэг замаар бизнес эрхлэгчдэд бодит дэмжлэг үзүүлнэ.

Зам, барилга, бүтээн байгуулалтын томоохон төслүүдийг төлөвлөгөөт хугацааныхаа дагуу эрчимтэй үргэлжлүүлнэ. Түүнчлэн, импортыг орлож, экспорт нэмэх 888 төсөлд хөрөнгө санхүүжилт олгох ажлын ачааллыг бууруулахын тулд Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих санд Чингис бондоос тодорхой эх үүсвэр шилжүүлснийг Засгийн газрын тэргүүн дурьдлаа. Учир нь дээрх 888 төслийн 550 орчим нь жижиг дунд үйлдвэрийн төсөл учир тус сангаар дамжуулан зээлийн дэмжлэгт хамрагдах нь илүү хөнгөн шуурхай байх юм.

Эдийн засгаа эрчимжүүлэх 100 хоногт хийх ажлуудын уялдаа, гүйцэтгэлийг байнга хянахын тулд Ерөнхий сайдын дэргэд Эдийн засгийг эрчимжүүлэх зөвлөл тогтмол ажиллах ажээ. Ерөнхий сайд мэдээлэл хийсний дараа сэтгүүлчдийн асуултад хариуллаа

-Өнгөрсөн долоо хоногт та “Авлигатай тэмцэх газар /АТГ/, Ардын нам хоёр ажил хийлгэхгүй байгаа” гэж хэлсэн. АТГ-ын дарга таны тэр үгийг “Хувийн байр суурь нь байх” гэж хэлсэн байсан. Таны хувийн байр суурь байсан уу, эсвэл? 

-АТГ-ын тухай хувийн байр сууриа илэрхийлээгүй Ерөнхий сайдын хувиар хэлсэн. Ямар үйл ажиллагаа нь буруу харагдаж байгаа вэ гэхээр эдийн засаг өсч хөгжихөд АТГ-ын явуулж байгаа үйл ажиллагаа маш их саад тотгор учруулж байгаа. Ялангуяа баялаг бүтээж байгаа, юм хийе, бүтээе гээд явж байгаа хүмүүсийг дарамталдаг, барьж авч шоронд хийдэг, энэ бол манай нийгэмд байж болшгүй үзэгдэл учраас хэлсэн. 

-Эдийн засгийг идэвхижүүлэх арга хэмжээний хүрээнд нүүрсний борлуулалтыг нэмэгдүүлнэ гэж байсан.  Нүүрсээ түүхийгээр нь гаргаад ашиг олох уу?

-Нүүрсний борлуулалтын тухайд нэг хэсгийг түүхийгээр нь экспортолно. Зарим нүүрсийг угаана. Ухаа худагт нүүрс угаах үйлдвэр барьчихсан байгаа, түүгээр зарим нүүрсийг угаалгана. Цаашдаа нүүрсийг угаах болон бусад байдлаар боловсруулахын төлөө явна. 

-100 хоногт эдийн засгийг идэвхижүүлэх арга хэмжээ авснаар бодит үр дүн гарах уу? 

-100 хоногийн хүрээнд 50 гаруй ажлыг эрчимтэй хийснээр эдийн засгийн өсөлт бий болгоно. Инфляцид шууд нөлөө үзүүлэхгүй. Ер нь бол Засгийн газар гаднаас зээл авах бус гадаадын хөрөнгө оруулалтыг татах чиглэлд нэлээн анхаарал тавьж байна. Хэрвээ Концессын гэрээгээр зарим ажлуудаа хийлгэчих юм бол 1 тэрбум ам.доллар ороод ирнэ. Энэ мэт ажлууд дээр онцгой анхаарал тавьж ажиллаж байна. 

-Тагнуулын ерөнхий газрын дэд дарга н.Эрдэнийг чөлөөлсөн талаар? 

- Ерөнхий сайдын захирамжаар өөрчилсөн. 

-Үндэслэл нь яг юу вэ? 

- Би өөрөө тавьсан, чөлөөлсөн. Саяхны асуудал. 

-“Буянт-Ухаа” хорооллын азтан яагаад шалгарахгүй байна вэ. Төрийн орон сууцны корпорацийн зүгээс “Засгийн газартай ойлголцохгүй байгаагаас ажил саатаж байна” гэсэн тайлбарыг өгсөн. ? 

-Засгийн газар талаас саатуулсан юм байхгүй. 1700 гаруй орон сууцны захилга дээр 8000 иргэний захиалга ирсэн. Тэр бүгд дээр баталгаажуулалт явж байна. Энэ долоо хоногт амжих уу гэхэд ТОСК-ийн зүгээс “Дахиад долоо хоног шаардлагатай” гэсэн. Электрон сугалаа явуулна гэж байснаа больсон, цаасан сугалаа ашиглана. Ил тод байна. маргаан гарахгүй. 

-Давхар дээл тайлах төсөл дээр эсрэг кноп дарсан гишүүдэд Ардчилсан нам хариуцлага тооцох тухай яригдаж байгаа? 

-Саяхан аймгуудын Ардчилсан намынхантай цахим хурал хийхэд хариуцлага тооцох асуудлыг шахсан байна лээ. 

-УИХ-ын гишүүн Ж.Батзандан “Ерөнхий сайд надад дарамт шахалт үзүүлж намаас хөөнө гэсэн” гэж хэлсэн. Та түүнийг дарамталсан юм уу? 

-Би намаас хөөдөг хүн биш, буруу мэдээлэл байна. 

Үүнээс үзэхэд АН дотроо хагаралдаантай байгаа бөгөөд Засгийн газрын гишүүдийг эхнээс нь "намнах" төлөвлөгөө амжилттай хэрэгжиж  байгаа бололтой юм. 

Өнөөдрийн УИХ-ын чуулганыг хараад л сууж байя даа.