Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөлийн ээлжит хуралдаан 2014 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр эхэллээ. Энэ удаагийн хуралдаанаар эдийн засгийн нөхцөл байдалтай уялдуулан мөнгөний бодлогын саналыг хэлэлцэж буй ажээ.

Мөнгөний бодлогын зөвлөл 2012 онд байгуулагдсан бөгөөд нийт 5 удаагийн хурлаар шийдвэр гаргаад байгаа юм. Өнгөрсөн 2013 онд тус хурлаас гарсан шийдвэрээр мөнгөний бодлогын хэрэгслийг боловсронгуй болгохоор хүүний коридорыг шинээр нэвтрүүлсэн. Түүнчлэн төв банкны бодлогын хүүг хоёр удаа бууруулснаар өнөөдрийн байдлаар 10,5 хувьтай байна.

Энэ оны 2 дугаар сарын 11-ний өдрийн мөнгөний бодлогын зөвлөлийн ээлжит хурлаар бодлогын хүүг хэвээр үлдээсэн бөгөөд олон улсын зах зээл дээрээс 3 болон түүнээс дээш жилийн хугацаатай бонд, зээл хэлбэрээр банкны татсан гадаад валютын эх үүсвэрийг Заавал байлгах нөөцийн шаардлагаас чөлөөлөх шийдвэр тус тус гаргаад байгаа билээ.