Хоригдлуудыг хууль бусаар ажиллуулж, тэдний хөдөлмөрийг ашигладаг тухай мэдээлэл өмнө нь их яригдаж байсан. Хэдэн жилийн өмнө Хууль зүй, дотоод хэргийн сайдын зуслангийн барилга дээр хоригдлууд ажиллаж байгаа нэг нь осолдож нас барсан тухай мэдээлэл хэвлэлээр цацагдаад тэгэсгээд намжсан байдаг.

Тэгвэл өдгөө  Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь хорих ангийн удирдлагууд холбогдох хуулийг зөрчин байж  тус хорих ангид ял эдлэж байгаа хоригдлуудыг  хорих ангиас 1000 гаруй км  алслагдсан Замын-Үүдэд  ажил хийлгэж байгаа тухай мэдээлэл бидэнд ирлээ. Тус хорих ангийн удирдлагууд 50 гаруй хоригдлыг “Чингисийн цааз” ХХК гэдэг компанид ажиллуулан Замын-Үүдэд хар бор ажил хийлгэж байгаа гэнэ.

Замын-Үүд боомт бол Монгол Улсын хилийн онцгой бүс, төмөр замын чухал объект. Ийм газар хоригдлууд хараа хяналт сул, энгийн иргэдтэй хамт ажиллаж байгаагийн зэрэгцээ утсаар хүмүүстэй холбогдож уулзалддаг, харьцангуй чөлөөтэй байдаг гэнэ. Магадгүй үүнээс болж Замын-Үүд боомтод онц ноцтой гэмт хэрэг гарч болзошгүй гэдгийг үгүйсгэж болохгүй. Энэ хууль бус үйл ажилагааг ШШГЕГ -ийн удирдлагууд, Төмөр замын удирдлагууд, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын  Засаг даргатай хуйвалдан, хамтран  зохион байгуулж байгаа гэдэг мэдээлэл байна.

Энэ асуудлыг Прокурорын байгууллага хяналт тавихгүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь мэдсэн ч мэдээгүй юм шиг царайлж байгаа сурагтай.

Хоригдлуудыг тусгай гэрээгээр гадуур ажил хийлгэдэг журам байдаг ч, хорих ангиас алс хол ажиллуулах хууль зөрчиж байгаа үйлдэл юм. Үүнээс болж тухайн хоригдлуудад прокурорын зүгээс хяналт тавих боломжгүй болж байна.

Энэ асуудлыг холбогдох  байгууллагууд нь анхааран үзэж,  хяналтандаа авч магадлаж шалгана гэдэгт итгэлтэй байна. Прокурор шүүхийн байгууллагын удирдлагууд хоригдлын хөлс хүчийг сорон мөлжиж хувьдаа ашиг олдог хууль ажиллагаа хэдий болтол үргэлжлэх бол…

Бид энэ асуудлыг эргэн мэдээлэх болно.

А.Галт

Ugluu-logo17