Youtube гэдэг сайт хүн төрөлхтөнд  ёс суртахууны цагдаагийн үүрэг гүйцэтгэдэг болжээ. Гудамж талбайд явах,  хүмүүстэй  соёлгүй, бүдүүлэг харилцах,  хараал урсгах,  хэрүүлчээ гайхуулах, юуны түрүүнд уур омгоор асуудлыг шийдэх, зүй бус үйлдэл гаргах,  хүний ёсноос гажууд үйлдэл хийх  зэрэг нь хэзээ нэгэн цагт youtube дээр гардаг болчихсон цаг юм байна.

 

Энэ бол нийгэмд биеэ буруу авч яваа хүмүүсээс  ёс суртахууны хариуцлага нэхдэг сайт. Энд тавьсан бичлэгүүд хэзээ ч баларч устдаггүй. Үүрд мөнхөд хүн төрөлхтний хүртээл болон үлддэг жамтай. 

Ийнхүү мөнхөрсөн зарим нэг бичлэгээс жишээ дурдъя. Хамгийн шинээс нь эхэлье. Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, жүдо бөхийн дэлхийн аварга, олимпийн хүрэл медальт Х.Цагаанбаатар байна. Яалт ч үгүй  энэ үеийн шилдэг тамирчдын нэг. Гэтэл түүний адууны засааг түүхийгээр нь хуу татан зулгааж, амаа олохгүй идэж байгаа дүрс бичлэг саяхан цацагдлаа. Үзсэн хүний огиудсыг цутгуулмаар, өөрийг нь мэдрэл ч юм уу гэж харагдуулахаар энэ бичлэгийг хамт яваа найз нөхөд нь утсаараа хийгээд youtube-д тавьчихаж. 

Цааш нь явъя. 2008 оны наймдугаар сарын 14-нд хийсэн нэг бичлэг байна. Н.Түвшинбаяр олимпийн алтан медаль хүртсэн өдөр. Согтуу С.Баяр "Би Монгол Улсын Ерөнхий сайд байна, Ура" хэмээн орилж, хэлээ зажлан, хөл дээрээ тогтож ядан дэнжигнэж байгаа бичлэгийг  "согтуу толгой" гэдэг гарчигтайгаар тавьчихсан байна. Эрхэм Ерөнхий сайд асан эрүүл болсон хойноо эндээс өөрийгөө олж  үзээд үхтлээ ичсэн байх гэж найдъя. 

Дараагийн бичлэг. Санхүү эдийн засгийн дээд сургуулийн захирал Д.Батжаргал гэдэг нөхөр нэгэн цайны газар ороод хутга барин тогоочийг нь элдэж гүйж яваа дүрс байна. Уурыг нь хүргэсэн тогоочийг  алах юм гэнэ. Камерт бичигдсэн түүний энэ тэнэглэлийг "ёс суртахууны цагдаа" сайт дэлхий даяар дор нь цацсан байна. 

Багш хүн бол шавь нартаа бурхан лугаа хүндлэгддэг. Бусдын хүүхдэд эрдэм заадаг болохоор нь буруу юм хийдэггүй, мунхаг зан гаргадаггүй, ертөнцийг танин мэдсэн, зөв төлөвшсөн хүмүүс гэж ойлгоцгоодог.  Тэгвэл оюутан, сурагчдын хувьд бүхнийг мэдэгч ардын багш нь ийм л хүн  гэдгийг  тэр бичлэг харуулаад өгч. Шавь нар нь цаашлаад таньдаг найз, нөхөд нь юу гэж бодоо бол. Энэ цагаас хойш сургуулийн захирал маань хэсэгтээ хүний нүүр харж чадахгүй хэцүүхэн л байсан байх.   

УИХ-ын гишүүн байхдаа бусдын өмнөөс салаавч гаргадаг моод дэлгэрүүлсэн Хамуг монгол хөдөлмөрийн намын дарга Ц.Шинэбаярын бичлэгийг энд дурдаж болно. Чуулганы танхимд том гэгчийн салаавч үзүүлчихээд тоосон шинжгүй зогсч байсан Ш.Сайхансамбуугийн зураг байна.  Бүгд л интернэт ертөнцөөр цацагдаж, хүн ардын амны бай болж байлаа. Уг нь тэр салаавч гэгчийг  ухаан суух яагаа ч үгүй, өсвөр насныхны юуг нь мэдэхгүй тоглодог тоглоом.  Өвгөнт гэж яриад сурчихсан гудамжны архичдын өөр хоорондоо үзүүлдэг доромжлолын дохио зангааны нэг хэлбэр. Ухамсартай, соёлтой хүмүүсийн бараг мэддэггүй, хараагүй, цээрлэдэг ёсных нь нэг илэрхийлэл юм байна гэж боддог байв. Гэвч үгүй байхаар барахгүй төрийн түшээдийнхний дургүйг нь хүргэсэн бүхэндээ үзүүлж, харуулдаг салаавч байсан юм байж. Үүнийг "youtube"-ийн бичлэгүүд бэлхнээр нотоллоо.     

Тэр байтугай Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж явсан Н.Энхбаяр "түй май" гэдэг хараалыг бусдад өгдөг юм билээ.  Арай л Ерөнхийлөгч байхдаа уулзахаар орж ирээд уурыг нь хүргэсэн хүмүүсийн өөдөөс "түй май" гээд салаавч гаргаад суудаг байсан юм биш байгаа даа. Мандаж явах үед нь хацраа өгч алгадуулж, өөрийнх нь хэлдгээр бөгсийг нь долоож, өлмийд нь сөгдөж явсан тойрон хүрээлэгчид нь сайн мэдэх байх. Ямартай ч Н.Энхбаярын "түй май"-г хожим хойно youtube сайт нийтэд дэлгээд өгсөн.  

Өөрийгөө ч тэгээд нэрлэчихсэн юм уу, үнэхээр адилхан болохоор нь өрөөл бусдууд тийм нэр хайрласан юм уу бүү мэд.  "Түшиг"-ийн эзэн хүүхнийг "Монгол Анжелина" гэх юм.  Гэтэл өнөө сайхан хүүхэн чинь дэлгүүртээ үйлчлүүлсэн бүсгүйтэй  гахай нохой шиг харьцаж, хачин муухай хэрэлдэж буй бичлэг нь бас л youtube сайт дээр байна.  Бичлэг хийж байгаа хүүхэн рүү хоолой нь сааралтан орилж,  хагас галзуурч байгаагаа харуулж нүдний булай болж байна. Энэ сайхан хүүхэн  ийм ч байх гэж хэмээн бодогдохоор. Лав "Монгол Анжелина" гэж биширдэг танилуудынх нь түүний талаарх үнэлэмж навс унаа байлгүй. Мисс  гэнэ үү Сэлэнгэ гэдэг өөр нэг хүүхэн байна. Ер бусын тэнэглэлүүд нь бичлэг, зураг хэлбэрээр youtube сайтаар дүүрэн. Сайнаар биш муугаар хэлүүлэх нь олонтаа тэр  бичлэгүүд нь түүнд сургамж болон үлдээсэй гэж найдахаас цааш хэлэх үг олдохгүй болтол түмний амыг ангайлгах нь бий. Электрон барааны дэлгүүрээс компьютер хулгайлж яваа эмээ, зарж байгаа хувцсыг нь өвөртлөөд гарч буй авгай гээд бүгдийг нь youtube сайт онигоо болгож байх жишээтэй. 

Гэх мэтчилэнгийн жишээнүүдийг дурдаад байвал олон. Хотод машины цонхоор хогоо гаргаад чулуудвал хоёр секундын дараа "youtube"-ээс  өөрийгөө олж харна.  Хотын зам дээр сүлжиж давхисан ч машины дугаар юутай хээтэйгээ тэр чигээрээ  хэдхэн хормын дараа интернэт ертөнцөөр тарж, бусдын хараалыг иднэ. Бууж, суух болгон нь youtube дээр гарчих гээд хазгай гишгэж болохоо байсан нийгэм бүрэлджээ.  

Тэгвэл эрх чөлөөний Америк оронд хүмүүс бие биеэ яагаад дээрэлхдэггүй юм. Хөл дээр нь гишгээд, шүргээд өнгөрсөн болгонтой эргэж харж хэрэлдээд, элдвээр дуудалцдаггүй инээмсэглээд явдаг нь ямар учиртай юм. Яагаад гэвэл тэнд ардчилал гар буун дээр тогтдог гэж ярьдаг.  

Манайд бол яадаг билээ. Хажуунаас шахсан машины жолоочийг хэлэх хэлэхгүйгээр доромжилж, салаавч өгнө. Гартаа таарснаа шидэлнэ. Бууж ирээд хүчтэй нь хүчгүйгээ заамдаж авч тонгорно. Эр бяраа гайхуулан дээрэлхэнэ.  Харин АНУ-д ингэж чаддаггүй. Тэд ёс суртахуунтайдаа биш л дээ. 

Манайхан шиг хэн нэгэнтэй тэгж харьцвал алуулж мэднэ. Цаадах нь ямар хүн байж таараад яах юм ч юм билээ. Буудаад унагаачих ч юм бил үү яаж ч мэдэх тул  америкчууд айгаад ийм догшин ааш авирыг хэн нэгэнд үзүүлдэггүй. Үргэлж эелдэг зан гаргаж, бие биедээ найрсаг ханддагийн цаад учир нь энэ.  

Америкийн үйлчилгээний соёл гарын мөнгөн дээрээ тогтдог гэдэг. Хэрэв  үйлчлэгч муухай аашилбал үйлчлүүлэгчээсээ гарын мөнгө салгана  гэж гонжийнжоо. Тийм болохоор орж ирсэн хүн бүр рүү сайхан инээмсэглэж, найланхай аашилж, тав тухтай байлгахаас өөр арга байдаггүй. АНУ-д  соёлт ертөнц, найрсаг орчин  үүсэн бий болсны учир нь ердөө энэ. 

 Үүнтэй нэгэн адил youtube  гэдэг ёс суртахууны цагдаа Монголд, бидний зан харилцаанд соёлт ертөнц бий болгож эхэллээ. Хүн бүр ухаалаг утас барьдаг болсон учраас  замын цагдаа жолоочтой маргалдаж, "чи би"-дээ тулахаа байж. Хуучин бол "хуц, уль"-даа тулж  зодчихоо алддаг байв.  Жолооч нар ч хараал урсгаж, хайш яйш явцгаах нь татарч байна.  Цагдаа, жолооч хоёр ах дүү, найз нөхөд шиг соёлтой ярьцгаадаг болсон байна. Муухай л яривал  нийгмийн сүлжээгээр тарж, нүдний булай болохоосоо санаа зовоод тэр шүү дээ. Дэлгүүр хоршоонд ч худалдагч, үйлчлүүлэгч хоёрын харилцаа хачин соёлтой болж байна.  Хүн болгон "Би ингэвэл "youtube" дээр гарна" гэсэн бодолтой өөрийгөө барьж, үгээ цэнэж соёлтой явцгаадаг болсон байна. Гэртээ байдаг шиг, эзгүй талд ганцаараа яваа мэт аашлах нь хязгаартай болжээ. Ямар ч байсан муу явж, муухай харьцаж, өөдгүй загнахын аргагүй болсон байна. Хүссэн хүсээгүй энэ ёс суртахууныг Юүтүб л бидэнд төлөвшүүлж эхэллээ. 

Я.МӨНГӨНЦЭЦЭГ