Ардчилсан Намын X их хурал өнөөдөр эхэлж буй билээ. Уг хурлаар “Үндсэн дүрмийн өөрчлөлт" болон АН-ын дарга, Ерөнхий Нарийн Бичгийн дарга, дэд даргыг сонгох асуудлуудыг тус тус хэлэлцэх юм.

Тэгвэл АН-ын дарга асан С.Эрдэнэ уг процессийг хууль бус үйлдэл гэж үзэж буй ажээ.

Түүнийхээр АН-ын их хурлыг зарлах эрх УИХ-ын гишүүн, АН-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Туваанд бус АН-ын Үндэсний Бодлогын Хороонд байсан ч уг хороо чадамжаа алдчихсан. Иймээс Улсын Дээд шүүх дэхь бүртгэлээр бол АН-ын дарга нь С.Эрдэнэ хэвээр байгаа.

 

Мөн 2020 оны 7-р сарын 3-нд "Намын даргын тамгыг шилжүүлэх асуудлыг аль нэг дэд даргад хариуцуулах нь дүрмийг зөрчжээ. Тиймээс албан ёсоор сонгогдсон намын дарга сонгуульд ялагдсан тул хариуцлага хүлээж байгаа ч дараагийн дарга шинээр сонгогдмогц тамгаа хүлээлцсэнээр бүрэн эрх нь дуусах нь намын дүрэмд нийцнэ" гэсэн АН-ын Үндсэн Дүрмийн Хорооны тогтоол ч гарсан байдаг юм байна.

 

Иймээс өнөөдөр эхэлж буй Ардчилсан Намын X их хурал нь өөрөө дүрмийн бус этгээдийн зарласан хурал болох тул уг хурлаар батлагдсан шинэ дүрэм, намын шинэ удирдлага ч дүрмийн бус гэж үзэн, С.Эрдэнэ шүүх, цагдаад хандах гэнэ.

Тэр бүү хэл өөрийгөө АН-ын дарга хэвээр гэж үзэж буй С.Эрдэнэ оны дараа дахин АН-ын их хурал гэгчийг зарлах хувилбар ч яригдаж буй ажээ.

Өөрөөр хэлбэл 2 их хурал хуралдуулж, 2 даргатай болж байсан ХҮНамын түүх Ардчилсан Намд давтагдах нь.

 

С.Сарнай

sonin.mn