АН-ын дөрвөн шинэчлэл

АН-ын X хурал болох гэж байна. Хөл хорионы үед намын хурал урд өмнөхөөс намжуу болж байна. Ер нь энэ нь ч дээр. 

Хуучин нийгмийн үед намын их хурал бол улсын их баяр бахдал болдог байсан юм. Намхэрхэн нийгмийг удирдан чиглүүлэх үүргээ амжилттай хэрэгжүүлж байгаа тухай, цаашид хэрхэн амжилттай хэрэгжүүлэх тухай нүсэр суртал нэвтрүүлэг явагддаг байв. Тэгээд нам засгийнхаа зөв мэргэн удирдлагын дор дараагийн Их хурлыг хүртэл зүтгэх сэтгэхүйтэй болоод амар сайхандаа жаргана. 

Нам бүхнийг мэднэ, чадна, жаргаана... Гэвч тэр үе өнгөрсөн.

Ийм улигт нүсэр суртал нэвтрүүлэг, зардалтай, хийрхүү хуучинсаг тогтолцооны инерц алдагдаж байгаа нь тун сайн хэрэг. Үүнээс салахад АН үлгэрлэж байвал бүр сайн. Нам бол улстөрийн олон нийтийн байгууллага учраас асуудлыг өөрийн хүрээнд шийдвэрлэх боломжтой. Эцсийн дүндээ дотооддоо асуудлаа шийдээд шинэчлэгдсэн гялалзсан нам болж гарч ирвэл иргэдэд сонин сайхан харагдахаас намын дотор болж үйл явц олон нийтэд тийм ч сонин биш. Хөл хорионы дэглэм ч бас улстөрийн өөр соёлыг бий болгож байна. 

Олон юм нуршаад яах вэ, дүрмийн өөрчлөлт бол намын дотоод асуудал. Нам дотроо шийднэ, олон нийтэд тийм ч ойлгомжтой, хүртээлтэй зүйл биш. Олон нийт намыг бүхлээр нь харна. Би ч дотоод асуудлыг нь мэдэхгүй, зүгээр АН гэж ямар байх ёстой вэ гэдэг имиж, үзэмж талаас нь бол туйлын үнэн биш ч санаа оноо хэлчих байх, угаасаа мэргэжил маань тийм. 

АН үнснээсээ босдог галт шувуу шиг сэргэхэд дөрвөн шинэчлэл хэрэгтэй гэж харж байна.

 

Ардчиллал бол АН-ын өмч

“Ардчиллыг өмчиллөө энэ бол нэг намын өмч биш” гэхээр ардчилал нь түгээмэл зүй тогтол учраас хүлээн зөвшөөрдөг. Гэхдээ яг өнөөдөр АН Монголын ардчиллыг өмчлөх үүрэгтэй. Ингэж байж зугтах биш өөртөө хариуцлага үүрэх ёстой. Энэ бол намын эрмэлзэл юм. Ардчиллын алдаа гажуудал байгаа бол энэ нийгмийг авчирсан улс төрийн хүчний хувьд түүнийг засах, өөрчлөх нь АН-ын хэнтэй ч хуваалцахгүй хамгийн түрүүнд оногдох үүрэг юм. 

Яагаад гэвэл энэ нийгмийг АН-ыг бүрдүүлэгч намуудын үндэс болсон улстөрийн хөдөлгөөнүүд авчирсан. Чухамдаа “ардчилал” хэн нэгний өмч биш учраас хэн ч тоохгүй байгаа юм. Тиймээс Ардчилсан нам энэ хүнд өмчийг өөртөө авах нь хэдий хүнд хэцүү ч зайлшгүй хийх ёстой үйл хэрэг.

МАН 1921 оны Ардын хувьсгалыг өөртөө өмчилдөг, гэтэл МАН бол 1921 онд байгуулсан нийгмийн бүтээгдэхүүн биш харин 1990 оны Ардчилсан хувьсгалын үр дүнд бий болгосон нийгмийн дотор ажиллаж буй улстөр-олон нийтийн байгууллага юм. МАН бол ардчиллыг хуваалцагч. Хааяа коммунист тэглэлт хийчих гээд байдгаас бусдаар... Хэрэв энэ үүднээс харвал өнөөгийн Монгол Улсын тэргүүлэгч улстөрийн хүчин бол үзэл санааны хувьд гарцаагүй АН мөн. Тиймээс ардчилал бол АН-ын нандигнан хайрлаж бишрэн хүндэтгэж, тахин шүтэх ёстой өмч мөн.

 

 АН ба үндэсний үзэл 

 

1990 оны Ардчилсан хувьсгалын сүнс нь нь Марксын хэлдэгээр “хий үзэгдэл” нь үндэсний үзэл санаа байсан юм. Тэр үед дэлхийгээр биш юм гэхэд коммунист системийн дотор “үндэсний үзлийн хий үзэгдэл” тэнүүлчилж явсан билээ. Түүнийг хэн биежүүлэх вэ? 

Тэр үеийн коммунист-ажилчны намууд нь орон тус бүртээ үндэсний үзэл санааны илрэл бүрийг нухчин дарж, улс үндэстнээ интернационализм, дэлхийн коммунист системд үйлчлэхийг шаардаж байсан. Өөрийнхөөс бусад үзэл санааг хорьж, дангаар ноёрхохыг эрмэлзэж, хэрэв дийлэхгүй бол “Их ах”-аасаа цэргийн хүчний дэмжлэг авч оршин тогтнож байсан. Коммунист системийн задрал бол чухамдаа ардчиллаас бус үндэсний эрх чөлөөний төлөө хүсэл эрмэлзлээс үүдэлтэй байсан юм. Өөрчлөлтийн дараа улс-үндэсний бие даасан байдлын баталгаа нь түгээмэл ардчилал болсон. 

 

Тухайн үеийн эрх баригчдын зүрхэнд шар ус хуруулж байсан “Монголчууд мориндоо...” уриагаар үндэсний үзлийн цагаан морийг эмээллэн хараат бус жинхэнэ бие даасан үндэсний улсыг (nation state) бий болгосон улстөрийн хүчний хувьд нэг хэсэг “мартсан” энэ үзэл санааг өөртөө шингээж авах хэрэгтэй. АН өөрийгөө үндэсний нам гэж тодорхойлохдоо зөвхөн бодат хүрээгээ тодорхойлж байсан бол одооноос үзэл санааны гүнзгий үндэслэгээ болгох нь ашигтай. 

 

Ингэж байж өөрийн үндэстний оюун санааны хөрсөнд мөнхийн баттай байр суурь эзэлнэ.

 

 Төр ба нам

 

Өнөөг хүртэл АН төр, иргэний эрхийг тэнцүүлэх зарчим дээр ажиллаж ирсэн. Тиймээс төрийг шүүмжилж, төрийг аль болох хүчгүй байлгаж, эрх мэдлийг иргэн, хүний гарт өгөхийг эрмэлзэж иржээ. 

Гэвч Монгол хүний төрөлх ментал сэтгэхүйд “төр” бол хамтран амьдрах зохион байгуулалтын хэлбэр гэхээсээ илүүтэй ариун дээд шүтээн, оршин тогтнох баталгаа гэж ойлголт бат суужээ. Нэгэн үе төрийг шүтэх үзлийг хуучин тоталитар дэглэмийн эмгэг, дарангуйллын уламжлал гэж үздэг байсан нь буруу болохыг бодат байдал нотолж байна. 

АН-ын төрийн талаарх энэ байр суурь өөрийг нь үргэлж хянагчийн байр сууринд аваачиж байгааг ойлгох ёстой. “МАН төрийг бэхжүүлэх үзэл санаатай бол төрдөө байг, харин АН хянагчаар ажиллаг! Угаасаа тэд ийм л юм ярьж байна” Ийм энгийн ухамсар нийтийн оюун санаанд суужээ. 

 

Тэгээд сонгуулиар зохьсон малгайг нь өмсүүлчихээд байгаа юм. Хэрэв АН төрийн эрх баривал төр суларна, бид хөсөр хаягдана гэх айдас санааны нь мухарт үлджээ. Тиймээс “МАН-аар тэтгүүлээд АН-аар эрх ашгаа хамгаалуулаад...” суувал амар сайхандаа жаргана гэж бодож байна. 

 

Ийм нөхцөлд АН оюун санааны хувьд засаглах эрхээ алдчихаад байгаа юм. Сонголтыг оюун ухаанаар хийдэг бол шүү дээ! Энэ үзэл бодлыг сонгуулийн үед хэчнээн их мөнгөөр ч өөрчилж чадахгүй тул АН алгуур суларсаар байна.

 

АН-ын нийгмийн тулгуур

 

АН-ын гол түшиг тулгуур нь нийгмийн дундаж давхарга. Тиймээс мэдээж үндэсний үзэл санааны суурин дээр хөгжлийн, эрх чөлөөний үзэл санааг нэмж өөртөө шингээх нь зүй. Энэ дундаж давхарга бол улс орны эдийн засгийг чирч яваа. Томоохон хөрөнгөтнүүд эрх баригчдыг л тэтгэнэ. Эрх ашиг нь тэнд бий. Харин дундаж давхарга, жижиг дунд бизнес эрхлэгчид илүү нэр цэвэр бөгөөд ажилсаг, амбиц багатай давхарга. Тэд улсаа зардаггүй, зохиомол хөөсөрсөн ашиг хардаггүй, илүү эх оронч, зохион байгуулагдах чадвар сул ч илүү өргөн хүрээг хамарсан шинэчлэлд байгаа байдлаараа хөдөлгөгч хүч нь болж байдаг. 

 

Тэдний дэмжлэгийг авахад олигополь, монополийг задлах, шударга өрсөлдөөнийг хөхүүлэн дэмжих, татварын таатай орчныг бүрдүүлэх, эрх зүйн таатай нөхцлөөр хамгаалах зэрэг өнөөгийн нийгэмд яригдаж буй шийдвэрлэж болохуйц асуудлуудыг шийдэх гарц гаргалгаа л хэрэгтэй. Түүнээс халамж, хуйвалдаан хоёроос хол. Тиймээс хамгийн шударга ёсны мэдрэмж өндөртэй, хамгийн бат гүн суурьтай, өөрийн бодат эрх ашиг, итгэл үнэмшилтэй нийгмийн давхарга мөн. 

 

Баячуул, ядуусын асуудлыг МАН-д үлдээчих хэрэгтэй дээ, тэдний эвлэршгүй зөрчил дээр тоглож сурсан тэд, ялангуяа залуу үе нь тэр зөрчилд нь идэгдээд нурна. Тийм ч болчихлоо. 

Харин АН МАН-ын энэ алдаанаас зайлсхийж, ядуусын хийрхэл, баячуулын аархалд автсан нэгэн үеэ орхиод ажил хэрэгч, шинэлэг залуусаар эгнээгээ өргөжүүлж чадвал ирээдүй нь гэрэлтэй байна. 

Улстөрийн нам бол хоёр тулгууртай. Нэг нь зохион байгуулалт, нөгөө нь үзэл санаа. АН өнгөрсөн хугацаанд үзэл санааны талаа хэтэрхий орхиж явснаас өнөөгийн байдалд хүрчээ. Тувт зохион байгуулалтын асуудалтайгаа зууралдсанаас тэр. Одоо ч олон нийт зөвхөн түүнийг нь л хардаг болоо шив дээ. 

АН сөрөг хүчин байхдаа хэдэн суудалтай байхаас үл хамаараад иргэнийн эрх, эрх чөлөөний баталгаа гэж харагддаг тэр л “нэр төртэй” үлдэж болохгүй. Эрх баригчид эрхийг нь зөрчих бүрт олон нийт АН-аас хамгаалахыг, АН-ыг ажиллахыг шаарддаг өнөө л хамгийн том сөрөг хүчин, хамгаалагчийн дүрээр харагдаад байж болохгүй. Хэрэв хамгаалж чадахгүй бол улам бүр итгэл алдарч, тэгэх тусам хуучнаа санагалзах санагалзал нийгэмд газар авч, түүн дээр нь АН улстөрийн акц хийгээд байвал махкомбинатын хар ямааны муу нэртэй үлдэх вий л гэж... 

 

А.Баатархуяг