Төр засгийн өнөөгийн байдал, нийгмийн амьдрал тэр чигтээ нэг л өөр болчихлоо. Эргэж сэхэх үгүй нь мэдэгдэхгүйгээр эдийн засаг уначихсан гээд дурдаад барахгүй олон зовлон тоочиж болно. Ийм ороо бусгаа цагт эрх баригчид маань бүх зүйл сайхан байна. Бид том том бүтээн байгуулалт хийхээр зэхэж байгаа тухай тэнгэр харан, хоосон тоо ярьж сууна. “Давхар дээл” тайлах асуудлаас болж, дотооддоо ч самуун дэгдээгээд эхэлсэн нь төрийн тогтворгүй байдалд чамгүй нөлөөлж байгааг бид харлаа. Энэ нь Засгийн газрын “давхар дээл”-ийг тайлуулж, өөрөө “давхар дээл” өмсөх гэсэн Х.Баттулгын шидсэн чулуу ийнхүү эрх баригч хүчинд хагарал авчирч байгаа нь мэдээжийн хэрэг. Тиймдээ ч “жижигхэн” Н.Алтанхуяг сөрөг довтолгоо маягийн зүйл хийж, хэвлэл мэдээллээр муу “женко”-г ёстой л нэг хусч байна. Даанч цаадхи нь ганхийх ганц үг унагахгүй байсаар Н.Алтанхуягийн асаасан гал бөхөв бололтой. “Женко” спортын хүний яс зааж байгаа нь энэ. Зөвхөн л суудлаа авч үлдэх гэсэн, нөгөө хэсэг нь суудал булаах гэсэн улайрлаар өнөөдрийн улстөр үргэлжилж байна. Ард түмэн, улс эх орон юу ч хамаа алга, эд нарт. Ёстой л “Үхсэн хүнд мааньгүй, амьд хүнд нэмэргүй” Засгийн газар гэж үүнийг хэлэх байх. Олон жил хамтран зүтгэсэн намынх нь нөхөд ч өөрсдийнхөө байгуулалцсан засгийг ийн дүгнэх болов.

   Засагт хамтрах нэрээр хатавчинд нь сууж байгаа “шударга ёс”-чуудын дотоод байдал ч эвгүй байна. Д.Батцогт гишүүн учир битүүлэг бүлгээсээ татгалзаж, Г.Уянгаас эхлээд бүлэггүй юм шиг л аашлах болсон нь энэ бүлгийн хувьд огт сайны дохио биш. Ихэнх нь “давхар дээл” тайлуулахгүй зууралдсаар 2016 оныг үзэх минь гэсэн хүсэлтэй байгаа нь бүх зүйлээс ил байна. Ялангуяа Д.Тэрбишдагва, Ч.Улаан нар бол улстөрийн карьер нь дуусч байгаа учраас хоёр жил жаалаад дуусахыг хүсч байгаа. Арга ч үгүй байх. Тэд Засгийн газраас эрт гарчих юм бол айсуй 2016 оны сонгуульд оролцох мөнгөө босгож чадахгүй гэдгээ ч сайн мэдэж байгаа. Энэ дохиог ч далайн чанад суугаа намынх нь дарга байнга сануулж байгаа хэрэг. Түүнээс биш тэр “Н.Алтанхуягийг 2016 он хүртэл Ерөнхий сайдаар байлгаж, АН, МАХН хоёр засагт хамт байна гэсэн нууц гэрээ” энэ тэр бол ёстой худлаа шүү. Н.Алтанхуяг хийгээд МАХН-ын мөрөөдөл төдий зүйл. Мөрөөдхөд ямар бондын мөнгөнөөс төлөх биш, яршиг л байна. Тэртээ тэргүй эд нар ч “Үхсэн хүнд мааньгүй, амьд хүнд нэмэргүй” нөхдүүд бас л мөн. За тэгээд өнөөх ИЗНН гэж нэг завхарсан, янхандалтын шинжтэй намархуу бүлэглэл байна. Улстөрд ямар ч үр дүр байхгүй. Нэмэр хандив ч байхгүй. Ёстой л “Үхсэн хүнд мааньгүй, амьд хүнд нэмэргүй” нам бол жинхэнэ утгаараа ИЗНН мөн. Бас болоогүй, Засгийн газарт нэг суудалтай гэж байгаа. Уг нь С.Оюун 2008 оны сонгуульд нэр дэвшин өрсөлдөж байхдаа “Би УИХ-ын гишүүн болбол давхар дээлийг тайлуулахын төлөө тууштай тэмцэнэ. Ийм эрх зүйн чадамжаа алдсан төр засагтай байж болохгүй” хэмээн сонгогч иргэдэд бурж явсан. Гэтэл өнөөдөр өөрөө Засгийн газарт ороод суучихсан байх жишээтэй. 2016 оны сонгуульд АН биш өөр улстөрийн хүчин ялбал, би та нарыг дэмжиж байгаа шүү гээд л дагаар орчих тийм л бүлэглэл. Анх байгуулагдахдаа л ийм зорилгоор байгуулагдсан нам шүү дээ.

   Сөрөг хүчнийнхэн болон “Бие даагчдын зөвлөл” “давхар дээл” тайлах Ерөнхийлөгчийн хуулийн төсөл, Х.Баттулга нарын засаг барих хүслийг уухайлан дэмжиж, “давхар дээл”-ийг хуу татан хаях хүслээ илэрхийлсээр. Өөр ч арг алга. Хууль тогтоох байгууллага, Гүйцэтгэх засаглал хоёр нь холилдоод жинхэнэ бантан боллоо. Тэгээд ч Н.Алтанхуяг ийм холилдсон засаглалыг удирдаж чадахгүй гэдгээ харуулчихлаа. Ёстой өнөөх “женко” нь байвал яадаг юм гэхээс. Иймээс олон жил төрийн эрх барьсан улстөрийн туршлагатай хүчний хувиар аль болох тэнцвэрт байдлыг хадгалж, хямралаас гарах тухай сануулсаар байгаа ч удаан хугацаанд төрийн эрх барих тухай зүүдэлж явсан АН-ынхан эс тоож байна. Харцангуй балчир гэж болох АН-ынхан олон жилийнхээ өшөө хорслыг МАН-ын зүг ил далд шидэлж байгаа нь ерөөсөө тусгалаа олохгүй юм. Энэ өшөө хорсол нь нийгмийн байдал, ард түмний амьдралд шууд утгаараа нөлөөлж байгааг ойлгож сэхээрэх хүн нэг ч алга. Ойлгуулж хэлбэл АН-ынхан өөрсдийг нь сонгож өгсөн ард түмнээсээ өшөө хорсол аваад байх юм, ямар учиртай юм бэ.

С.Ууганбаяр