И.НАРМАНДАХ

“Хар сувдны нууц” уран сайхны киноны “Үнэг Цоомоо” дүрээрээ олонд танигдсан жүжигчин, загвар өмсөгч М.Намуунцэцэгтэй ярилцлаа.

Тэрбээр “Хар сувдны нууц 1,2” , “Бүхнээс дээгүүр” , “Нийслэл хүүхэн” , “Солонгос драма Монголд” зэрэг кинонд тоглосон залуу уран бүтээлч билээ.

-“Хар сувдны нууц” уран сайхны кинонд хэрхэн тоглож байв. Яагаад кино урлагт хөл тавих болсон бэ?

-Анх “Хар сувдны нууц” кинонд тоглохдоо “F” Студийн Амри гэх залуу над руу “ шалгаруулалтад ирээд ороод өгөөч” гэж ярьсан. Тухайн үедээ моделиор ажиллаж байсан болохоор сурталчилгааны зураг авалт байх гэж бодоод очсон. 

Тэнд маш олон жүжигчид сууж байхад нь их гайхсан. Тэгээд продюсер С.Насанжаргал эгч намайг хараад дүрд нь тохирох юм байна гээд шууд зохиол өгөөд кинонд тоглохоор болсон. Бүх юм их хурдан болж өнгөрсөн. Зураг авалт Вьетнамд болно гээд маш хурдан Виетнам руу явахаар болсон. Би бүр шоконд орсон. Вьетнамд очоод зураг авалтандаа орж эхлэхдээ л юу болоод байгааг ойлгосон доо. (инээв) Тэр үед кинонд тоглож үзэхийг их хүсдэг байсан болохоор надад үнэхээр гоё байсан.

-Анхны кино нь байсан болохоор хэцүү зүйл байв уу. Кинонд тоглох ямар байсан бэ?

-Мэдээж анх кинонд тоглох хэцүү байсан. Яах бол гэж их айж сандардаг юм билээ. Гэхдээ дуртай улс руугаа явж гоё хамт олонтой, гоё дүрд тоглосондоо би их азтай. Мэргэжлийнх биш байсан учраас бүгд надад их тусалдаг. Орой бүр туслах найруулагч Р.Эрхэмбүрэн ахтайгаа зохиол дээрээ уншлага хийж, бага багаар дүрээ судалж ойлгож эхэлсэн. Анх удаа кинонд дүр бүтээж байсан болохоор алдаа дутагдалтай зүйл зөндөө байсан ч сайн хамт олны хүчээр киногоо шантралгүй амжилттай дуусгасан. Тэр ч утгаараа миний хамгийн хайртай дүр минь. Миний хувьд мэргэжлийн бус байсан учир жүжиглэж чадахгүй киног нь муухай болгочих вий гэхээс айдаг байсан.

-Цаашид жүжигчнээр ажиллах уу. Эсвэл загвартайгаа хослуулж явах уу?

-Би аль алинд нь хайртай учраас хослуулаад явахыг боддог.

-СУИС-д жүжигчнээр сурч байсан гэсэн. Энэ талаар ярихгүй юу. Яг ямар мэргэжилтэй вэ?

-“Хар сувдны нууц” кинонд тоглож байх үед СУИС-ын нэгдүгээр курс байсан. Тухайн үед Солонгост сурах тэтгэлэгтэй байсан учир явах хүртлээ сурч байя гэж байтал гэнэт кинонд тоглохоор болоод Виетнам руу явсан. Одоо бол аялал зуучлалын менежмент мэргэжилтэй.

-“Хар сувдны нууц 2” киноны талаар ярихгүй юу. Энэ удаад зураг авалтаа хаана хийсэн бэ?

-Туркийн Истанбул хотод зураг авалтаа хийсэн. “Хар сувдны нууц 2” уран сайхны кино өөр шинэ жүжигчидтэй гэдгээрээ онцлог. У.Цогтбаяр, Б.Жамъяандорж, Ж.Жаргалсайхан ах нар тоглосноор кино маань улам сонирхолтой болсон. Миний дүрийн хувьд эргэлттэй байсан учир надад ч таалагдаж байгаа. Одоо кино маань IPtv-гээр гарч байгаа. Үзээрэй гэж хэлье.

-Монгол модельд харьяалагддаг. Загварт анх хэрхэн хөл тавьж байв?

-Их урт түүх. Би багаасаа загварт дуртай охин байсан. Ээжийнхээ өмсдөггүй хувцасыг өөртөө тааруулаад хасаж, зүүгээд өмсдөг байлаа. 10 жилд байхдаа “Үнсгэлжин” загварын тэмцээнд жил болгон ордог байв. Ээж маань намайг их дэмждэг байсан. Тэмцээнд зориулж даашинз хүртэл хийлгэж өгнө. Даанч байр эзэлдэггүй байсан.(инээв) Уйлаад гарч ирдэг байлаа. Дараа жил заавал байр эзэлнэ гэж гурав дөрвөн жил явсан. 

Тэмцээн дөхөх үеэр гэртээ алхаа гишгээгээ зөндөө бэлдэж яах ёстойгоо бага багаар ойлгож эхэлсэн. Тэгээд 10 дугаар ангидаа “Үнсгэлжин” тэмцээнд хоёрдугаар байр эзэлж маш их баярласан. Тэр үед дизайнер охин маань “Маргааш Сити их сургуулийн загварын тэмцээн болно тэр тэмцээнд загвар өмсөж өгөөч, 30мянган төгрөг өгье” гэж санал тавьсан. Хүн урьж оролцуулж байгаа болохоор баярлаад зөвшөөрсөн. Маргааш нь Сити их сургуулийн тэмцээнд ороод шагнал гардуулах үед “Нэгдүгээр байр Намуунцэцэг” гээд дуудсан. Өөрийгөө гэж ерөөсөө бодоогүй.

Нэрээ мартчихдаг юм билээ хэн юм бол гээд зүгээр алга ташаад зогсож байтал манай дизайнер охин гараач гээд түлхэх үед л би гэдгээ мэдээд их гайхаж гарч байсан. (инээв) Тэгээд бөөн баяр хөөр бууж ирэх үед нэг эгч манжуурийн миссийн тэмцээнд орох уу гээд дугаараа өгсөн. Тэр үед л би загварын тайзан дээр анх гарч үзсэн. Ар араасаа баяртай мэдээ дуулаад хамгийн түрүүнд ээж аавдаа харуулна, их баярлах байхдаа гээд их жаргалтай харьж байж билээ.

-Загварын тайзан дээр алхах мэдрэмжээсээ хуваалцаач. Олон тэмцээн уралдаанд орсон байх?

-Мэдээж тайзан дээр алхах мэдрэмж үнэхээр гоё. Хэсэгхэн хугацаанд юу ч бодолгүй хамаг гоёороо алхах үед их эмэгтэйлэг мэдрэмж авдаг гэх юм уу. Миний хувьд анхны нэгдүгээр байранд орж байсан үеэс хойш загварын тэмцээн хаана, юу болно тэр бүгдэд идэвхтэй ордог байсан. Миний гарсан бүх тайз надад үнэ цэнтэй байдаг.

-Чөлөөт цагаараа ихэвчлэн юу хийдэг вэ?

-Чөлөөт цагаа аль болох үр бүтээлтэй өнгөрөөхийг хүсдэг. Ууланд гарах, өөрийгөө арчлах, хийдгүй зүйлсээ хийж үзэх гэж оролддог.

-Саяхан “Нийслэл хүүхэн” олон ангит кинонд тоглосон. Ямар дүр бүтээсэн бэ?

-“Нийслэл хүүхэн” киногоор би эгэл жирийн хөдөөний охины дүр бүтээсэн. Мөн анх удаа хөдөө 46 хоногийн турш зураг авалтын хугацаанд байсан. Бас маш олон мундаг гавьяат жүжигчидтэй цуг байж жүжигчнээр ажилласан. Миний хувьд энэ зун маш их зүйлс сурч мэдсэн зун болсон. Багаасаа даган дуурайж хүндэлдэг байсан хүмүүстэйгээ цуг дүр бүтээнэ гэдэг маш том бахархал.

-Ирээдүйн зорилго, мөрөөдлийнхөө талаар бидэнтэй хуваалцахгүй юу?

-Би маш их зүйл мөрөөдөх дуртай. Одоогоор ойрын зорилго маань гэвэл сайн суралцах хүсэлтэй байна. Жүжиглэх ур чадвараа, мөн гадаад хэлээ сайжруулах тал дээр түлхүү төвлөрч байгаа. Хүсч байгаа болон ирээдүйд хийнэ гэсэн төлөвлөгөө маань хүүхдийн асрамжийн газар гэх мэт бодсон санасан зүйл зөндөө бий. Санаж явахад санаа бүтнэ гэдэг шүү дээ.

ҮНДЭСНИЙ ШУУДАН СОНИН