УИХ-ын чуулганаар Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.

Энэ үеэр гишүүд асуулт асууж хариулт авлаа. 

УИХ-ын гишүүн С.Бямбацогт “УОК-оос хариуцлагын асуудал ярих хэрэгтэй. Энхсаран, Баянзүрх дүүргийн эмнэлэг гээд алдаж л байдаг. Хариуцлага тооцмоор байна. УОК юу хийж хэрэгжүүлэх гэж байна вэ?” гэв.

Шадар сайд Я.Содбаатар “Анхны хоёр голомтыг сайн хумиж авсан. Өнөөдрийг хүртэл төмөр зам, Энхсаран, жолооч Д-ын  голомтыг үндсэнд нь хумисан гэж тооцож байгаа. Сэлэнгэ аймгаас бусад газарт өвчин гараагүй 20 гаруй хонож байна. Үндсэн эдгээр голомтууд дарагдсан. Улаанбаатар хотод Баянзүрхээс эхтэй голомтыг хумих асуудал байгаа.  

Дэлхийд вирусийг  бүрэн зогсоосон тохиолдол ховор байна. Манай улс хүн амтай багатай учир цаг алдалгүй арга хэмжээ авбал голомтыг хумих боломжтой гэж дүгнэж байна. Энхсаран сувиллаас коронавирусийн голомт илэрсэн асуудлыг шалгаж эрүүгийн хэрэг үүсгэсэн. 10 гаруй хүнийг холбогдуулан шалгаж байна. Хуулийн байгууллага шалгаад явж байна.

 Төмөр замын тэмцээнд өөр хүмүүс ирж оролцсон гэдгийг эрүүгийн цагдаа болон холбогдох байгууллагууд шалгаад үгүй юм байна гэдгийг тогтоосон

Төмөр замын голомт бол үйл ажиллагаанаас үүдэж гарсан тул хойшоо гарч байгаа бүх шугамуудаар биечилж харьцаж байсныг болиулсан. Есдүгээр сараас эхлээд онлайн байдлаар бичиг солилцож, биечлэн уулзахаас татгалзаж ирсэн. Төмөр замын тэмцээнд өөр хүмүүс ирж оролцсон гэдгийг эрүүгийн цагдаа болон холбогдох байгууллагууд шалгаад үгүй юм байна гэдгийг тогтоосон. Баянзүрх дүүрэгт гарсан асуудлаар эхний шалгалт хийж өнөөдөр хариуг сонсоно.

Баянзүрх дүүргийн тохиолдол бол эмнэлэгт хэвтэхээс өмнө арванхоёругаар сарын 7-ны өдөр шинжилгээ өгөхөд сөрөг гарч байжээ. Мөн арванхоёрдугаар сарын 11-ний өдөр эмнэлэгт хэвтэхдээ шинжилгээ өгөхөд сөрөг гарсан. Харин арванхоёрдугаар сарын 16-ны өдөр эмчилгээний явцад шинжилгээ өгөхөд эерэг гарсан байна. Эх үүсвэр нь хаанаас вэ гэдгийг тогтоох чиглэлээр ажиллаж байна.

Баянзүрх дүүргийн эмнэлэг хувийн эмнэлэг учир халдвар хамгааллын дэглэмийг сахиулахгүй байснаар цааш тархах нөхцөлийг бүрдүүлсэн гэж үзэж  байна. Хариуцлага тооцох чиглэлээр арга хэмжээ авна. 14 хоногийн хугацаанд УОК хэд хэдэн чиглэлээр анхаарал хандуулж ажиллах гэж байна. Гарсан голомтын хүрээ зураглалыг зөв гаргах ажил хийнэ. БЗД-ийн 80 мянган хүнээс шинжилгээ авах ажил явагдаж байгаа. Улаанбаатар хотод эрт илрүүлэг маягаар томоохон шинжилгээ хийнэ. 

10 чиглэлийн эрсдэлтэй байгаа бүлгүүд дээр давтамжтай шинжилгээ авах ажлыг эхлүүлсэн. Иргэдийн хувьд энэ үеэр халдвар хамгааллын дэглэмийг баримталж, гэртээ байхыг хүсэж байна” гэлээ.