УИХ-ын гишүүн С.Одонтуяа: Ковидыг амжилттай даван туулж байгаа улс орнуудын туршлагаас харарахад иргэдэд мэдээлэл маш чухал байдаг юм байна. Мэдээллийг сайн болгох шаардлагатай байна. Тиймээс АН-ын бүлгээс өргөн барьсан хуульдаа энэ асуудлыг тусгасан байгаа. 

Гадаадад байгаа монголчуудын эрхийг хамгаалах талаар Засгийн газраас өргөн барьсан хуульд ямар асуудал оруулсан бэ. Тусгай үүргийн нислэгийг гэнэт цуцласан. Солонгос улсаас 4,000 гаруй иргэн эх орондоо ирэх хүсэлтэй байна гэсэн. Мөн тус улс дахь монголчуудыг түр байлгаж байгаа байранд 12 иргэн өлсгөлөн зарласан гэдэг мэдээлэл байна. Тэдний дунд хоёр сартай жирэмсэн эмэгтэй байна. ХЭҮК-оос гадаадад байгаа монголчуудыг авчрах нислэгийг гэнэт цуцалж байгаа нь буруу, хүний эрхийг зөрчиж байгаа хэрэг гэдэг шаардлага хүргүүлсэн байна. Нислэг нь цуцлагдсан иргэдийн хохирлыг барагдуулах тухай асуудал энэ хуульд орсон уу. 

Мөн хорих газарт ял эдэж байгаа хөнгөн ялтай хүмүүст өршөөл үзүүлэх тухай асуудал энэ хуульд орсон уу. Энэ асуудалд НҮБ-ын Хүний эрхийн комиссоос ял эдэлж байгаа хүмүүсийн эрхийг зөрчихгүй байхыг уриалсан. 

Шадар сайд Я.Содбаатар: Нэгдсэн нэг мэдээллийн урсгалтай байх шаардлага бий. УОК өвчний голомт руу илүү анхаараад мэдээллээ орхигдуулсан тал бий. 

Бид дотоодын халдвараа хумьж байж гадаадад байгаа иргэдээ татахгүй бол болохгүй байна. Дулааны улиралд 110 орчим тусгаарлах байр ажиллуулж байсан. Өнөөдрийн байдлаар 49 тусгаарлах байр ажиллаж байна. Тусгаарлах байртай холбоотой Баянзүрх дүүргийн голомтлон гарсан халдварын зөвхөн ойрын хавьтал 1,131 болоод байна. Гадаадад байгаа иргэдийг татан авах ажиллагааг дотоодын халдварын нөхцөл байдлыг харгалзан зохион байгуулна. 

Сая гэнэт цуцлагдсан Франкфуртын нислэгээр ирэх байсан хүмүүст санхүүгийн дэмжлэг үзүүлсэн. Бусад нислэгийг гэнэт зогсоож байгаа болон санхүүгийн боломжгүй хүмүүст дэмжлэг үзүүлэх тодорхой үүрэг чиглэл өгсөн. Газар дээрээ удаашралтай байж магадгүй. Солонгост байгаа иргэдийн хувьд Гадаад харилцааны сайд тодорхой үүрэг чиглэл өгч ажиллаж байгаа. 

Коронавирусийн халдвараас сэргийлж хөнгөн ялтай хүмүүст өршөөл үзүүлэхтэй холбоотой судалгааг Засгийн газар гаргасан. Энэ хуулийн төсөлд оруулаагүй. 

Ял эдэлж буй 1,300 гаруй хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй, суурь өвчтэй, 65-аас дээш настай хүмүүсийн судалгааг гаргасан. 
Ер нь асрамжийн газар, хорих, эрүүл мэндийн байгууллага хамгийн их эрсдэлтэй гэж үздэг юм байна. 

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар: ШШГЕГ-ны харьяа хорих ангиудад 4,500 орчим ялтан хоригдож байгаа. Мөн цагдан хорих байруудад албадан саатуулагдсан 1,000 гаруй, үүн дээр шүүхийн шийдвэрээр баривчлагдсан хүмүүсийн нэмээд нийт 6,300 гаруй хүн цагдан хорих, хорих байруудад хоригдож байна. 

Эдгээрээс архаг хууч өвчтэй, 60-аас дээш насны 700 гаруй хүний судалгааг ШШГЕГ-аас гаргасан.  Өнгөрсөн долоо хоногт БГД-ийн цагдаагийн 1-р хэлстээс хүн амины хэрэгт сэжиглэгдсэн нэг иргэнийг саатуулж, хорих байгууллагад хүргэх явцад түргэвчилсэн оношлуураар эерэг хариу гарсан. Дүүргийн эрүүл мэндийн байгууллагын тусламжаар PCR шинжилгээ хийхэд сөрөг болох нь батлагдсан. Цаашид хорих анги болон саатуулах байранд ийм хүндрэл гарах эрсдэлтэй байна. Тиймээс ШШГЕГ-ын харьяа байгууллагуудад PCR шинжилгээний цэг ажиллуулахаар төлөвлөж байна.