Монголчууд 2023 оноос 5G технологи ашиглах боломжтой. Учир нь Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар энэ онд улсын хэмжээнд 5G технологи нэвтрүүлэх бодлогын баримт бичгийг баталсан нь энэ ажлын үндэс болсныг тус газрын тайлангийн хурлын үеэр онцоллоо.

Мөн төрийн 23 байгууллагын 181 үйлчилгээг цахим үйлчилгээний нэгдсэн систем E-Mongolia-д нэгтгэснээр энэ онд 400 орчим мянган иргэн төрийн үйлчилгээг цахимаар авлаа. Ирэх онд E-Mongolia-д төрийн 50 байгууллагын 592 үйлчилгээг нэгтгэхээр төлөвлөв.

Түүнчлэн, Үндэсний дата төвийн нөөц төвийг Дархан хотод байгуулж, салбарын ”ICT EXPO-2020” үзэсгэлэн зохион байгуулжээ. Уламжлалт хэлбэрээр зохион байгуулсан үзэсгэлэнг 40 гаруй мянган иргэн сонирхсон бол цахим үзэсгэлэнг www.ictexpo.mn сайтаас үзэх боломжтой.

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын 2020 онд хийсэн ажлаас дурдвал, Монгол Улсад телевизийн нэвтрүүлэг, аудио, видео санг интернэтээр дамжуулах үйлчилгээ эрхлэхэд баримтлах чиглэлийг батлуулж, хөдөө орон нутгийн алслагдсан сумын багт 2G, 4G сүлжээг хүргэн, шинээр 31 цэгт ажлын байр бий болгожээ.

Хөдөөгийн алслагдсан сум, суурин газарт өргөн зурвасын, өндөр хурдны утасгүй, суурин интернэтийн үйлчилгээг 71 цэгт хүргэж, шилэн кабелийн сүлжээнд холбогдоогүй сумдыг 2 тосгонд холбож, 243 суманд нөөц тэжээлийн үүсгүүр, 61 суманд цамхаг байгуулсан нь харилцаа холбооны үйлчилгээний бэлэн байдлыг хангахад чухал алхам боллоо.

Мөн 196 сумын харилцаа холбооны нэг цэгийн үйлчилгээний барилгыг засаж, шинээр 25 барилга барьж, цахим нэг цонхны үйлчилгээнд операторын системийг 21 аймаг, 330 суманд нэвтрүүлснээс гадна 6621 төрийн албан хаагчид тоон гарын үсгийн гэрчилгээ олгожээ.

 

 

Б.Оюундэлгэр

Эх сурвалж: Монцамэ агентлаг