Ард иргэдийг хагас жил тутамд коронавирусний вакцинжуулалтад хамруулах шаардлагатай болж магадгүй хэмээн Их Британийн Эрүүл мэндийн сайд Мэтт Хэнкок мэдэгджээ.

“Вакцинуудын үзүүлэх дархлаажуулалтын үр нөлөө хэр удаан үргэлжлэхийг бид мэдэхгүй учир иргэдээ дахин вакцинжуулах шаардлага гарч магадгүй. Хүмүүсийг хэр олон удаа вакцинжуулах ёстойг бид мэдэхгүй ч иргэд хагас жил тутамд эсвэл жил бүр вакцин хийлгэнэ гэж би бодож байна” хэмээн тэрбээр онцлон тэмдэглэв.

Их Британид нэгдүгээр сарын 5-наас хэрэгжиж эхэлсэн хөл хорионы дэглэм дууссаны дараа эрх баригчид дахин хатуу хязгаарлалт тогтоохгүй гэж найдаж буйгаа Хэнкок мөн илэрхийлжээ.

Америкийн “Pfizer”, Германы “BioNTech” компаниудын вакцинаар Их Британи 12 дугаар сарын 8-наас иргэдээ дархлаажуулж эхэлсэн. Даваа гаргаас мөн Их Британи, Шведийн “AstraZeneca” болон Оксфордын их сургуулийн гарган авсан вакциныг хэрэглээнд нэвтрүүлсэн юм. Эхний ээлжинд эмнэлгийн ажилтнууд, асрамжийн газарт амьдардаг хүмүүс, 80-аас дээш насны иргэдэд вакцин хийж байгаа аж. Одоогоор тус улсад 1.3 сая гаруй хүн вакцин хийлгээд байна.

 

 

Э.Аянзаяа

Эх сурвалж: Монцамэ агентлаг