В.Нэргүй

Цэцэрлэгийн насныхан яг одоо гэртээ юу хийж байгаа вэ. “Чимээгүй, томоотой” гэсэн үгийн доор л хүүхдийн суваг үзэж аав, ээжийнхээ утсаа маажихыг ажиглаж байгаа гэвэл буруу биш биз дээ. Үнэндээ цар тахлын энэ цаг үед хүүхдийн боловсрол мартагдсан. 

Тэд телевизийн хөтөлбөр үзэх үү. Үгүй. Тэд ангийнхантайгаа ярьж байгаа юу, үгүй. Тэд аав, ээжтэйгээ тоглож байгаа юу үгүй. Аав ээж хүүхэдтэйгээ тоглохоороо яадаг гээч. Өөрсдөө тоглоод л өнгөрчихдөг. Хүүхэд харин тоглоомонд нь туслан үүрэг гүйцэтгэгч хийдэг. Энэ бол бидний сул тал. Үнэндээ эцэг, эхэд хүүхдээ зөв хүн болгох хүслээс их юм байхгүй.

Харамсалтай нь сэтгэлгүй хүсэл хол явахгүй. Энэ бүхэн бодит амьдралын дүр зураг байж болох талтай. “Миний хүү Ерөнхийлөгч, миний Ерөнхийлөгч хүү хоолоо идээрэй” гэж өдөр бүхэн хүүхдэдээ хэлдэг байсан. 

Тиймээс л хүүхэд нь Ерөнхийлөгч болсон. Нэг ийм утга бүхий постыг уншсанаасаа хойш би хүүгээ Ерөнхийлөгч гэж дууддаг гэж ярих ээжтэй нэг удаа таарч байснаа гэнэт саналаа. Ээжийн хувьд энэ сэдэл нь ээжийг өөрийгөө хүмүүжүүлэхэд нөлөөлж болох. 

Харин хүүд таалагдахгүй байх магадлалтай. Учир нь, хүү нь онгоцны жолооч болохыг боддог бол яах вэ. Яг үүнээс л эцэг, эх хүүхдийн хоорондын харьцаа, хэн хэнээ хүмүүжүүлэх, боловсролтой болгох арга барил харагдана. Өнөөгийн нийгэмд аав, ээжүүд хүүхдээрээ амьд хүүхэлдэй хийдэг үе өнгөрч байна. Энэ нь юуг хэлэх гээд байна вэ гэвэл нэг үеэ бодвол эцэг, эхчүүд хүүхдийнхээ боловсрол, суурь хүмүүжилд илүү анхаарал хандуулдаг болсон гэсэн үг. 

Нэгэн үе найз нөхдөө гэрт нь зочлохоор хүүхдээрээ дуу дуулуулж, бүжиг бүжиглүүлж, гадаадаар яриулж гайхуулдаг байлаа. Энэ нь гэр бүл, үр хүүхэдээ зөв сайхан авч яваа гэсэн санаагаа найз нөхдөдөө илэрхийлдэг байсан гэхэд хилсдэхгүй. Мөн ирсэн зочин нь ч найзынхаа хүүхдийг шагшин магтаж, өөрийнхөө хүүхдийг дуулах авьяасгүй гэх мэтээр буруутгадаг тохиолдол ч гардаг байлаа. 

Үнэндээ эцэг эхчүүд хүүхдийг дуулж, бүжиглэх дуртай үгүйг хэзээ ч асуудаггүй. Шууд л дуулуулж, бүжиглүүлж эхэлдэг. Нэг талаасаа энэ нь хүүхдээрээ утсан хүүхэлдэй хийж байна гэсэн үг юм. Тухайн хүүхдийн зан ааш, онцлог, өөрийн сонирхолд нь бид ач холбогдол өгдөггүй байсан. Үнэндээ бага насны хүүхдүүдэд аль болох эртнээс чанартай суралцах боломж олгох нь гол асуудал. 

Гэтэл манай улсад дөрвөөс таван хүүхдийн нэг нь сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээнд хамрагддаггүй. Ядуу өрхийн 10 хүүхдийн долоо нь цэцэрлэгт явдаггүй. Хүүхдийн цэцэрлэг эсвэл тэдгээртэй адил үйлчилгээ хангалтгүй хүрэлцээ муутай. 

Түүнээс гадна багш нарын чадавх, эцэг эхчүүдийн хүүхдийг аль болох бага наснаас эхлэн сургахын үр өгөөжийн талаарх мэдлэг сул хангалтгүй гэсэн судалгаа байдаг. Үнэндээ бол хүүхдийн сэтгэхүйд боловсрол тийм ч чухал биш. Үүнийг амьдрал өөрөө нотолдог. 

Тухайлбал, ерөнхий боловсролын сургуульд онц сурдаг байсан хүүхэд насанд хүрээд ядмаг амьдарч байхад муу сурлагатай хүүхэд сайхан амьдарч яваа жишээ олон. Энэ юуг эцэг эхэд хэлж өгөөд байна вэ. Бид хүүхдээ сайн хүн болгохын тулд өндөр төлбөртэй сургалт, сургуульд хамруулж, бусдын хүүхдээс дутаахгүй сайн хүн болгохыг хүсдэг. 

Яг үнэндээ “Бусдын хүүхдээс дутаахгүй” гэсэн сэдэл өөрөө хүүхдийн хүмүүжилд сөргөөр нөлөөлж эхэлдэг. Мөн тоглох эрхийг нь хязгаарлах хэрээр хүүхэд өөрийнхөө дотоод ертөнцийн сэтгэхүйн чадвараа хумиж байдаг. Ингэснээр тухайн хүүхэд амьдралд “жүжигчин” болдог. 

Аав, ээж, найз нөхдөө хуурах тэдэнд таалагдах гэж өөрийгөө эвдэж, өөрийн үзэл бодлоо үгүйсгэж эхэлдэг. Ингээд л аав, ээжийн хуулбар амьдралд бэлтгэгдэж эхэлнэ гэсэн үг. Үнэндээ сургуулийн өмнөх насны хүүхдийн боловсрол гэж юу вэ. Тоо бодох, үсэг цээжлэх л лав биш. Хүүхдийн хөгжил төлөвшлийн тухайд дэлхий нийтээрээ 0-5 нас хүрэх хуцааг эрхэмлэн үздэг. 

“Та хүүхэдтэйгээ найз байж чадахгүй бол дайснаа тэжээж байна” гэсэн үг. Хэдийгээр энэ нь хатуу ч үнэн. Таны сонголтоор тэд хувцас өмсөж, таны сонголтоор тэд хоол иддэг. Тэгвэл хүүхдүүдийнхээ сонголтоор та юу хийдэг вэ. Хүний тархины хөгжлийн 70-80 хувь нь 0-5 насанд явагддаг. Тиймээс энэ үед нь зөвхөн хүүхдийнхээ давуу талыг л нээж өгөх нь чухал байдаг. Хүүхэд хэлд орсон ч үгийнхээ утга санааг мэдэхгүйгүйгээр өнгө зааж байгаа мэт хэсэг хугацааг өнгөрөөдөг. 

Учир нь аав, ээж, аяга, таваг бодит болохоор тэр хүрээндээ амархан даддаг. Үүнийг нь эцэг, эх үгийн утгыг ойлгож байна гэж бодох нь түгээмэл. Мөн хүүхдийн тархины хөгжилтэй нь ажиллаад байж болохгүй. Бие бялдрын хувьд сул дорой, сэтгэл зүйн хувьд илүү анхаарал тавих хэрэгтэй. Сэтгэл тогтворгүй хүүхэд хэзээ ч тогтвортой ажил хийдэг хүн болохгүй. Үүнийг ойлгуулахын тулд сурган хүмүүжүүлэгч нарын дунд тод жишээ байдаг. 

Тэр нь торхны дүрэм. Торхыг бүрдүүлэх босоо модон хэсгүүдийг тус бүрд нь оюун ухаан, нийгэмшихгүй, бие бялдар гэж үзвэл аль нэг нь л бусдаасаа намхан мод байвал торхонд хийх ус яг тэр модны хэмжээнд хүрээд л дүүрнэ. Түүнээс цааш хичнээн ус хийсэн ч намхан модноос өндөр хэсэг хүртэлх зайд ус хэзээ ч хүрэхгүйгээр гадагшаа асгарсаар байна. Тиймээс эдгээрээс алийг нь ч орхигдуулалгүй хамтад нь хөгжүүлж байж л бидний үр хүүхдэдээ хүсээд байдаг амжилт, төлөвшил, ирээдүйн амьдрал нь бүрддэг. Тэгэхээр бид торхны дүрмээр л хүүхдэдээ анхаарал тавьж найзалж чадахгүй бол тоо бодуулаад хэрэггүй байгаа биз.

ҮНДЭСНИЙ ШУУДАН СОНИН