Ашигт малтмал, газрын тосны газраас АИ92 бензиний үнийг өсгөхгүй байх ажлыг төрийн зүгээс шатахуун импортлогч ААН-д авч хэрэгжүүлж байгаа талаар мэдээлэл хийлээ.

Тус газрын Газрын тосны асуудал хариуцсан орлогч дарга Ц.Эрдэнэбаяр "Жилдээ 13-15 орчим хувиар газрын тосны бүтээгдэхүүний импорт нэмэгддэг. Манай улс 2019 онд нийт хоёр сая гаруй тонн бүтээгдэхүүн импортолсон. Өнгөрсөн жилийн хувьд 2019 оноос 60 орчим мянган тонноор бага шатахуун орж ирсэн. Уул уурхайн компаниуд ямар нэгэн байдлаар зогсолт хийгээгүй нь импортын бүтээгдэхүүн буурахад нөлөө үзүүлсэнгүй.

АМГТГ-аас тухайн шатахууны литр тутмын үнэ бодитой эсэхэд дүгнэлт гаргадаг. АИ92 төрлийн бензиний одоогийн байдлаарх өртөг нь 1,540 төгрөг. Үүнд ААН-ийн ашгийн хэмжээ ороогүй. Хэрвээ ашгийн хэмжээ хоёр хувиар орвол АИ92 төрлийн бензин 150-200 орчим төгрөгөөр өсөх тооцоо байна. Энэ бол гадаад зах зээлээс хамаарч байгаа өсөлт юм.  А-80 81 хоног, АИ92 бензин 47, дизель түлш 26, онгоцны түлш 16 хоногийн нөөцтэй байна. Монгол Улсын түлшний нөөц хэвийн гэж үзэж болно. Төрийн байгууллагуудын зүгээс арга хэмжээ авч ажиллахыг зорьж, импортлогч томоохон ААН-үүдтэй уулзалт хийж байгаа. Газрын тосны үнэ одоогийн байдлаар тогтворгүй байна. Гэхдээ өргөн хэрэглээний АИ92 авто бензиний үнийг өсгөхгүй байх арга хэмжээ авч байна. Одоогийн үнэ болох 1,450 төгрөгт тодорхой хугацаанд барьж ажиллана. Бусад дизель түлшний хувьд гадаад зах зээлээ дагаад үнийн өсөлт явагдана” гэдгийг хэлээ.

Мөн зарим газар зүйн байршлаас шалтгаалан 10 гаруй төгрөгийн үнийн өсөлттэй байхыг үгүйсгэхгүй. АИ92 бензиний үнийг өсгөхгүй байх ажлыг төрийн зүгээс шатахуун импортлогч ААН-д авч хэрэгжүүлж байгаа гэдгийг онцолсон юм.