Экс Ерөнхийлөгч Н.Багабанди нэгэнтээ “Урт шар дээлтээс болгоомжил” хэмээн “Титэм үг”-ндээ онцолж байсан. Тэр бол “Авлигын загалмайлсан эцэг” гэгддэг Н.Энхбаярын тухай хэлсэн анхааруулга юм.

Харин энэ засгийн үед “Урт саарал дээлтээс болгоомжил” гэх үг олны дунд дэлгэрлээ. Мэдээж хэрэг, энэ бол “Женко” Х.Баттулгын талаар хэлэмгий нэгний онож хэлсэн үг. Өмнөх парламентын үед саарал дээлээрээ содон имиж бүрдүүлж, сөрөг улстөрчийн дүрд тоглож байсан улстөрч бол Л.Гүндалай. Ц.Нямдоржтой арцалдаж, Д.Арвинтай хэрэлдэж, Б.Жаргалсайхантай барьцалдаж авах шахдаг байсан тэрбээр УИХ-ын гишүүний сэнтийгээсээ буун буутлаа саарал дээлээ тайлаагүй юм. Харин одоо түүний халааг Монголын төр дэх олигархиудын гол төлөөлөл болсон “Женко” Х.Баттулга залгамжлаад байна. Тэрбээр телевизийн нэвтрүүлэгт оролцохдоо ч, чуулганы танхимд залрахдаа ч, бас дэлхийн баячуудын хөлөглөдөг “Роллс ройс”-оороо хөдөөгийн хөр цасан дундуур давхихдаа ч саарал дээлнээс салахаа болив. “Сөрөг улстөрчийн имижийг бүрдүүлэхэд саарал дээл ихэд зохилтой” гэж үзсэн нь энэ бололтой. Монголын улс төрд ийнхүү Урт шар дээлтээс Урт саарал дээлтийн түүх үргэлжилж байна. 

    Нэгэн цагт Монгол төрд Урт шар дээлтэй эрхэм хаан мэт өргөмжлөгдөж, албан тушаал, эрх мэдлийн “утас”-аар “Аалзны тор”-ыг нэхэж байсан билээ. Улс төр, эдийн засгийн бүлэглэлүүд түүний өмнө бөхөлзөж, “Авлигын загалмайлсан эцэг”-ээр тодруулж байсан нь ч саяхан. Энэ түүх хараахан төгсгөл болж, эцсийн цэгээ тавиагүй шахам байхад бас нэгэн “Загалмайлсан эцэг” тодорсон нь мөнөөх “Женко”. Италийн мафийн толгойлогч Дон Корлеоныг шүтэж, бизнес группээ хүртэл “Женко” хэмээн нэрлэсэн Х.Баттулгын хувьд Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хэлсэнчлэн давхар эрх мэдэлтэй “Давхар дээлтнүүд”-ийн нэг яах аргагүй мөн. Тэрбээр өмнөх Засгийн газрын үед ч Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын алба хашиж, “Давхар дээл” нөмөрч л суусан. Харин одоо халууцаж эхэлсэн бололтой. Н.Алтанхуягийн тэргүүлж буй Засгийн газар дахь “Давхар дээл”-тэй 16 найзынхаа эсрэг дан дээлтнүүдтэй хүч хавсарч байгаад кноп дарчихлаа. Төрийн тэргүүний зүгээс “Би Засгийн газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлдөө “2016 оны долдугаар сарын 1-нээс энэхүү хуулийг мөрдөж эхэлнэ” гээд тов тодорхой тусгачихсан байгаа” хэмээн мэдэгдсэн боловч энэ үг “Женко” Х.Баттулгад таалагдсангүй. Ц.Элбэгдоржийн мэдэгдэл түүний ашиг сонирхолд нийцсэнгүй. Тиймээс УИХ дахь АН-ын бүлэг дэх цочир үг, огцом хөдөлгөөнтэй Ж.Батзанданг өөртөө урвуулж, намын жагсаалтаар гишүүн болсноосоо хойш намбатайхан алхах болсон Р.Бурмааг хөлдөө чирж, М.Зоригтыг бас хань татав. Ингээд УИХ-ын нэгдсэн чуулганаар Засгийн газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл буюу “Давхар дээл”-ний талаарх анхны хэлэлцүүлгийг хийх үеэр мань дөрөв МАН-ынхантай нүд ирмэлцэж байгаад “Энэ хуулийг 2014 оны долдугаар сарын 1-нээс эхлэн хэрэгжүүлэх нь зүйтэй” гэдэг дээр кноп дарчихлаа. “Намынхаа эрх ашгийн эсрэг санал өгсөн тэрслүү дөрөв” гэх тодотголтой болох нь ч тэр. 

    “Женко” Х.Баттулгын талаар товч бөгөөд тодорхой дүгнэхэд, тэрбээр хаяагаа хадардаг улстөрч. УИХ-ын 2008 оны сонгуулийн дараа тухайн үеийн МАХН-ын дарга С.Баяр АН-д хамтарсан Засгийн газар байгуулах стандарт бус санал тавьсан билээ. Ингээд АН-ын дарга Н.Алтанхуяг Тэргүүн шадар сайд болж, таван сайдтайгаа хамт С.Баярын бүрдүүлсэн танхимд тухалцгаах болсны нэг нь Х.Баттулга. Гэвч тэрбээр С.Баярыг Ерөнхий сайдын албаа өгсний дараахан АН дахь “Алтангадас”-ын эсрэг бүлэглэлүүдтэй нууц тохиролцоо хийж, Н.Алтанхуягийг “Эрх баригчдын “Халаасны өрөө”-өөс гар” гэж шахаж байгаад АН-ын даргаас огцруулах ажиллагаагаа эхэлсэн. Бүр З.Энхболд тэргүүтэй соцдекүүд, “Фортуна” Н.Батбаяр нарын МҮДН фракцийнхан, “Зүүн хойд Ази”-ийнхантай хамтран Ардчилсан хүчний холбоог байгуулж байсан билээ. Харин Н.Алтанхуягийн хувьд, АН-ын доторхи, гаднах улс төрийн уур амьсгалд тун мэдрэмжтэй хандаж, 2012 оны нэгдүгээр сард хамтарсан Засгийн газраас гарах болсноо өөрийн биеэр мэдэгдсэн нь Х.Баттулга тэргүүтэй хүмүүсийг барайлгаж л байв. Учир нь энэ бол “Женко” Х.Баттулгын зүгээс хэлэх ёстой үг байв. “Ингэж хэлээд сайдаасаа огцорч, сонгуулийн өмнөхөн нэмэх оноо авна” гэж төлөвлөж байсан ч АН-ын дарга Н.Алтанхуяг түүнээс урьтаад улс төрийн шийдвэрээ танилцуулчихсан хэрэг. Ингээд Н.Алтанхуяг намынхаа нөхөдтэй хамт Сү.Батболдын тэргүүлж байсан Засгийн газраас гарчихлаа. Намынхаа байранд ч эргэн ирлээ. Үйл явц цааш хэрхэн өрнөв. Товчхондоо, “Н.Алтанхуягийг огцруулна” гэж байсан мөнөөх нөхөд дуугаа аядацгаасан. “УИХ-ын 2012 оны сонгуульд намаа Н.Алтанхуягаар удирдуулна” гэдэг дээр тэд яагаад ч юм бэ санал нэгдэцгээсэн. АН сонгуульд ялж, Н.Алтанхуяг Ерөнхий сайд болох нь тодорхой болсон. Ингээд тэрбээр “Алтангадас”-ынхан, Ардчилсан хүчний холбооныхон гэж алагчлалгүйгээр албан тушаалын хуваарилалт хийхэд Х.Баттулга харин хоцроогүй. Хамгийн сонирхолтой нь Монгол Улсын Ерөнхий сайд болох түүний мөрөөдөл Н.Алтанхуяг гэдэг эрхэм АН-ынханд 12 жилийн дараа ялалтын тугийг атгуулснаар талаар болсон нь энэ. Ардчилсан хүчний холбоог хамтдаа байгуулж байсан З.Энхболд УИХ-ын дарга болж улс төрд зиндаа дээшилж байхад “Женко” Х.Баттулга Н.Алтанхуягийн танхимын нэгэн гишүүн буюу ҮХАА-н сайд болж, нэгэн цагт “Огцруулна” гэж явсан эрхмээрээ удирдуулах болсон нь сонирхолтой биш гэж үү. Тэр одоо ч Н.Алтанхуягийн багийн нэг гишүүн төдий. 
 

Үргэлжлэлийг энд дарж уншина уу