Энэ жил нийслэлийн хэмжээнд 54,9 км замыг өргөтгөн шинэчилж, 40,4 км зам шинээр барина. Замын өргөтгөл шинэчлэлийн ажлууд 4 сараас эхэлсэн. Одоогоор Бээжингийн гудамжны 0.9 км авто зам болон гүүрийн өргөтгөл, шинэчлэлийн ажил,  Гурвалжингийн гүүрээс ТЭЦ-3 явах чиглэлд Дунд голын доод гүүрийн засварын ажил, Хувьсгалчдын гудамж буюу телевизийн эцсээс Баянхошуу чиглэлийн 4.6 км авто замын  өргөтгөл, шинэчлэлийн ажил, Баянзүрхийн товчооноос Богд уулын араар Яармагийн гүүр хүрэх 17.6 км авто зам шинээр барих ажил,  Яармагийн гүүрийн баруун талд барьсан түр гүүрийн холбоос хоёр талын 0.5 км замын ажил, Шаргаморьт-Жигжидийн уулзвараас Гүнтийн даваа чиглэлийн 5 км, Сэлхийн зуслангийн 4.5 км зам барих ажил болон Нисэхийн 13.7 км, Био-Шувуу чиглэлийн 22.5 км авто зам, Дүнжингарав худалдааны төвийн уулзвараас Улиастай чиглэлийн 6 км авто замуудын ажил графикт төлөвлөгөөний дагуу эхэлсэн байна.

Гурвалжингийн гүүрээс ТЭЦ-3 явах чиглэлд байршилтай Дунд голын доод гүүрийг  1975 онд анх барьсан бөөгөөд энэ гүүрийн баруун талд өнгөрөгч 2013 онд шинэ гүүр барьж байнгын ашиглалтад хүлээлгэж өгсөн юм. Нийслэлийн Авто замын газраас  “ЗМЗ” ХХК-тай гэрээ байгуулж, тус компани хуучин гүүрийг засварлаж 7 сарын 10-нд хүлээлгэж өгөх гэрээтэй ажиллаж байгаа юм. Замын ажлын явцад гүүрийн тулах хэсгүүдийг өргөж засах диафрагмм шинээр нэмж хийх, завсарын бетон, тэгшилгээний бетон, компенсатор, явган хүний зам, дугуй цохигч, гүүрийн хайс, хучилт зэрэг ажлуудыг хийнэ. Өнөөдрийн байдлаар завсрын бетон, дам нурууг засварлаж, гүүрэн доор ригелээс дээшхи тулгуурын засварын ажлуудыг гүйцэтгээд байна.

Хувьсгалчдын гудамж буюу телевизийн эцсээс Баянхошуу чиглэлийн 4.6 км авто замыг өргөтгөж шинэчлэхээр “Экспресс зам” ХХК-ийн замчид ажлаа эхэлсэн байна. Замын зурваст 200 гаруй объект, үүнээс 78 айлын хашаа, байшин, дэлгүүр зэрэг объект орсон учраас нийслэлийн Өмчийн харилцааны газраас мэдэгдэл хүргүүлж, замын зурвасыг чөлөөлж эхэлжээ. Өнөөдрийн байдлаар замын газар шорооны ажил эхэлсэн, 5 хиймэл байгууламжийн ажил эхлэх шатандаа байгаа бөгөөд 2014 оны 10 сарын 30-нд хүлээлгэж өгөх гэрээтэй юм.

Баянзүрхийн товчооноос Богд уулын араар Яармагийн гүүр хүрэх 17.6 км авто зам шинээр барих ажил он дамжин үргэлжилж байна. "ЭСТО" ХХК ажлаа 3 дугаар сард эхлүүлж, Зайсангийн хойд гүүрийг шинэчлэх, төмөр замтай огтлолцсон гүүр барих зэрэг ажлуудаа хийж эхэлжээ. Нийт замын уртад далангийн үе, хөлдөлтөөс хамгаалах үеүд, буталсан чулуун суурийн ажил хийх юм.  Энэ оны 8 сарын 01-нд хүлээлгэж өгөх гэрээтэй энэ замыг баяр наадмаас өмнө дуусгахаар ажиллаж байгаа юм байна гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.