“Монгол бахархал” төсөл нь Монголын залуу хойч үеийн үнэт зүйлсийн   тогтолцоонд бүдгэрч  буй “Эх оронч үзэл ”, “Үндэсний эрх ашиг”, “Тусгаар тогтнол” ”Их бүтээн байгуулалт” гэсэн эрхэмлэлүүдийг бататган  байршуулах зорилт бүхий цогц үйл ажиллагаа юм.

     МАН-ын үе үеийн намын дарга, Ерөнхий нарийн бичгийн дарга нараас бүрдсэн зөвлөхүүдийн танхимыг 27-р их хурлын дараачаас байгуулан ажиллаж байгаа. Тэд намынхаа улс төрийн үйл ажиллагаа, улс орны аюулгүй байдал, нийгэм эдийн засгийн асуудлаар намын удирдлагууд, хамт олонд зөвлөх үүрэгтэй. Тэгвэл өнөөдөр тус зөвлөхүүдийн танхимаас гаргасан зөвлөмжийн дагуу “Стратеги академи”, ШУА-ийн Түүхийн хүрээлэн, Монгол Ардын Намын дэргэдэх Ахмадын холбоо хамтран “Монгол бахархал” төслийг хэрэгжүүлэхээр болсноо мэдэгдсэн юм. Төслийн гол зорилго нь монголын түүхийн үнэн зөв хандлагыг бий болгох Монголын түүхийн судалгааг олон нийтэд түгээн сурталчилах, түүх, соёл, улс үндсээрээ бахархах ухамсар, мэдлэг, чадвар, хандлагыг залуу үед төлөвшүүлэхэд чиглэгдэж байгаа юм. Өнөөдрийн уулзалтанд төрийн өндөр албан тушаал хашиж байсан ахмадууд, түүхч судлаачид оролцож санал бодлоо солилцсон юм.