УОК өнөөдөр хуралдаж, Цагаан сарын баяраар хөл хорио тогтоох болон коронавирусийн халдвараас хамгаалах ажлыг хэрхэн зохион байгуулах талаар хэлэлцэж байна.

Шадар сайд болон гишүүд нийслэлд 2021 оны хоёрдугаар сарын 11-нээс хоёрдугаар сарын 23-ны 07:00 цаг хүртэл хугацаанд хөл хорио тогтоох шийдвэр гаргажээ. Ингэснээр Битүүний өдрөөс хязгаарлалт эхлэхээр болж байна.

УОК-ын дарга С.Амарсайхан "Хөл хорионы үеэр халдварыг 3-4% бууруулна. Энэ үеэр 1 хаалга 1 шинжилгээ хийнэ. Өдөрт 42,000 шинжилгээ хийнэ" гэв. 

Энэ сарын 11-ний өдөр Сар шинийн битүүний өдөр таарч байна. КОВИД 19-ийн халдвар сүүлийн өдрүүдэд  нийслэлд олон голомтод эрчимтэй тархаж буй тул халдварыг нийслэлээс орон нутаг руу тархаахгүйн тулд ийм шийдвэр гаргажээ. УОК энэхүү саналаа Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлснээр эцсийн шийд гарах юм.       

-Цагаан сараар хөл хөдөлгөөн эрс нэмэгддэг тул энэ шийдвэрийг гаргалаа. УОК-ын дэргэдэх эрдэмтдийн зөвлөл, эрүүл мэндийн салбарынхны математик тооцоолол, МУИС-ийн багш нарын зөвлөгөөнд үндэслэн энэ шийдвэрийг гаргалаа. Баяраар бид золгож,  хөөрөг зөрүүлэх нь ихээхэн эрсдэлтэй.

Сар шинийн баярыг тохиолдуулан цар тахлын зарим голомтыг хумих шаардлага үүслээ. Ингэснээр цаашдаа ажил амьдралаа хэвийн үргэлжлүүлэх боломж бүрдэх юм. Бид цар тахалтай тэмцэх төлөвлөгөө гарган ажиллаж байна. Эдийн засгаа сэргээхэд анхаарч ажиллаж байна. Иргэн, төрийн байгууллага, бизнесийн салбарын харилцан уялдааг анхаарна. 

Хөл хорионы үеэр нийт 280 баг ажиллана. Тэд нэг хаалганаас нэг шинжилгээ авна. Өдөрт 42 мянган шинжилгээ авна. Шинжилгээний нийт 73 цэг нийслэлд байгуулна. Заримдаа хөдөлгөөнт шинжилгээний цэг байгуулна. Мөн бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжих үед иргэдэд юуг зөвшөөрөх вэ гэдэг нь тодорхой болгоно.

Үүнд эмийн сан, хүнсний дэлгүүр нээлттэй байна. Буяны үйл ажиллагааг зөвшөөрнө. Өрхийн нэг гишүүн эдгээр зөвшөөрсөн үйл ажиллагааг гэрийнхээ хамгийн ойрын цэгээс авахыг зөвшөөрнө. Өөрийн оршин суугаа дүүрэг дотор л эм тариа, хүнсээ авна. Оршуулгын үйл ажиллагаанд гэр бүлийн, ойр дотнын хүмүүс л оролцоно.