Тэтгэврийн шинэчлэл тойрсон сэдвээр “Ард санхүүгийн нэгдэл”-ийн гүйцэтгэх захирал Ч.Ганхуягтай ярилцлаа.


-Энэ оноос Нийгмийн даатгалын сангийн алдагдлыг бууруулах зорилгоор шимтгэлийг нэмэхээр болсонд иргэд бухимдалтай байна.Өнөөгийн тэтгэврийн тогтолцоон дээр та ямар байр суурьтай байдаг вэ?

-Тэтгэврийн шинэчлэл хийх ёстой гээд би 2010 онд Сангийн дэд сайдаар очих үедээ өөрийн хүслээр энэ асуудлыг тохирч очсон шүү дээ.

Бид насан туршдаа ажиллаж, шимтгэл төлчихөөд тэтгэвэрт гарахад улс биднийг ангалаас түлхэн унагаж байна. Тэтгэвэрт гарахад цалингаасаа 3-5 дахин бага мөнгөөр амьдар гээд зөнд нь хаячихдаг. Үүнийг би Сангийн дэд сайд болсноос эхлээд 10 гаруй жил ярьж байна. Түүнээс өмнө 2007 онд “Монголын тэтгэврийн нэгдсэн сан” гээд Монголын анхны сайн дурын, иргэний хуулиар, гэрээний үндсэн дээр эвлэлдэн нэгдээд өөрсдөө хөрөнгө оруулалт хийх зорилгоор мөнгөө нийлүүлдэг зүйлийг “Хас” банкинд байхдаа хийсэн юм. Тэр нь одоо “Ард лайф” гээд явж байгаа.

Энэ жилээс эхлээд нийгмийн даатгалын шимтгэлийг гурван хувиар нэмэгдүүлж байгаа явдал чинь ОУВС-гийн нөхцөлөөр Б.Чойжилсүрэн сайд байхдаа хийсэн хууль юм.

Яг одоо бол Онцгой байдлын тухай хуулийн дагуу гурван хувиар нэмэгдээгүй. Ковидын нөхцөл байдалтай уялдсан алхам юм. Ерөнхийдөө би Улаанбаатар хотын худалдааны танхимын ерөнхийлөгчийн хувиар, “Ард санхүүгийн нэгдэл” гэж ажил олгогчийн хувиар үүн дээр ямар байр суурьтай байна гэвэл хууль нь буруу гэж үзэж байна.

Нөгөө талаас монгол эрэгтэй хүн дунджаар 67-68 насалдаг байхад тэтгэвэрт гарах насыг 65 гэж нэмэгдүүлэх нь буруу гэсэн байр суурьтай байгаа.

-Нэг сая төгрөгийн цалинтай байлаа гэхэд энэ дүнгээс шимтгэл тооцож 35-40 жил ажиллахад 144 сая төгрөг, банкны хадгаламжийн хүүгээр тооцвол бараг 500 сая төгрөг болж байна. Гэвч монгол хүний дундаж наслалтаар тооцвол тэтгэвэрт гараад энэ мөнгөнөөсөө ганц, хоёр жил авах, 65 хүрэлгүй нас барвал улсын орлого болж байна гэсэн энгийн тооцооллыг та гаргасан байсан. Харамсалтай дүр зураг юм?

-Энэ бол бодитой тоо. Бидний өмнө нь ярьж байсан тэтгэврийн шинэчлэл хэмээх хөдөлгөөнийг манай компани манлайлаад явж байна. Бодит байдал дээр бидний нийгмийн даатгалын шитмтгэлээр төлж байгаа мөнгийг өнөөдөр тэтгэвэрт байгаа хүмүүс хувааж өгөөд, нэмээд улсын төсвөөс тодорхой хэмжээний мөнгө гаргаж байна. Үүнд хүмүүс дургүйцээд байгааюм. Би өнөөдөр мөнгө төлж байгаа бол миний төлөө хадгалагдаад явах ёстой. Мэдээж одоо тэтгэвэр авч байгаа 300 гаруй мянган ахмад настан байна. Тэдний мөнгийг хаанаас олох вэ гэдэг асуудал үүсдэг. Иймээс урд хормойгоо хойд хормойгоороо нөхөөд яваад байдаг. Үүнийг өөрчлөх хэрэгтэй. Надад төлөвлөгөө бий. Тооцооллыг нь гаргаад маш дээрээс танилцуулсан. Гэвч нөхөд маань тэрийг сонсохгүй, ойлгохгүй байгаа учир нийгэм бухимдаж эхэлж байна.

-Нийгмийн даатгалын сан жил бүр 500 орчим тэрбум төгрөгийн алдагдалтай ажилладаг. Үүнийг улсын төсвөөс нөхөж тавьдаг асуудал явсаар байна. Энэ сан өөрийнхөө үүргийг гүйцэтгэж чадахгүй нөхцөл байдал руу ороход юу нөлөөлсөн бэ?

-Нэг сая хүн нийгмийн даатгалын шимтгэл төлдөг гэдэг. Тэд 20 хувийг төллөө гэхэд хоёр их наяд төгрөг болж байна. Тэр мөнгө 300 гаруй мянган хүний тэтгэвэрт хуваарилагдаж байгаа юм. Гэхдээ ахмадууд дунджаар сарын 400 мянган төгрөг гар дээр авдаг гэвэл энэ мөнгө нь хүрдэггүй. Тиймээс татаасыг нь улсын төсвөөс өгдөг. Үүнийгээ яриад байгаа юм. Хоёрдугаарт, асуудал юу байна гэвэл бидний шимтгэлд төлж байгаа энэ мөнгийг Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Сангийн яам нийлж байгаад банкуудад байршуулчихдаг. Банкууд мөнгийг нь өндөр хүүтэй авна гэж хэлээд дундуур нь дарга нарын “гарыг цайлгачихдаг”. Ингээд муу банкуудад аваачиж байршуулаад зарим нь дампуурчихаар цоорхойнууд үүсээд байдаг. Энэ мөнгийг байршуулж дундаас нь ашиг цохидог дарга нарын арми үүсчихсэн. Тэд тэтгэврийн шинэчлэл хийлгэх дургүй. Мөнгө, эрх мэдэл надад байх ёстой гэж үздэг. Тэрийг нь бид аваад хувийн тэтгэврийн санд хийчихвэл дарга нар баян амьдрах боломжгүй болчихно шүү дээ.Ийм л асуудал байгаа.

-Манайд хүн амын цонхны үе тохиож байгаа. Тиймээс ажиллах хүн олон, тэтгэврийн насныхан цөөн байна. Гэхдээ энэ харьцаа цаашид өөрчлөгдөнө. Үүнээс урьтаж тэтгэврийн шинэчлэлийг хийх ёстой байх?

-Одоо Японд тийм байна. Хөгшид нь өсөөд, төрөлт багасаад залуучууд нь цөөрөөд байдаг. Манай улсын хувьд нэг сая хүн ажиллаад ч 300 мянган хүний тэтгэврийг тавьж чадахгүй байна шүү дээ. Удахгүй 300 мянган хүн ажиллаад нэг сая хүн тэтгэвэрт гарах харьцаа руу явна. Тэгвэл бид сүйрнэ. Хүн ам маань хөгшрөөд, урт наслаад байгаа. Нөгөө талд төрөлт цөөрнө. Тэгэхээр 20-30 жилийн дараа ийм үзэгдэл бий болно. Тэгэхээр ирээдүйгээ одооноос хамгаалъя гэж уриалаад байна.

-Тэтгэврийн шинэчлэл хийх таны хувилбар юу вэ?

-Үүнийг хийхийн тулд бидэнд өгөх 15 их наяд төгрөгийн өр байгаа юм. Би 25-26 жил даатгал төлөөд ажиллачихлаа. Энэ мөнгө тэтгэвэр авч байгаа хүмүүст очоод надад юу үлдэхгүй байна. Тэгэхээр улс энэ өрөө төлчих хэрэгтэй. Тэрийг төлөх мөнгө байхгүй гэдэг. Тэгсэн атал нөгөө талд Баялгийн сан байгуулна гэж яриад байна. Тэгвэл Баялгийн сангаа Тэтгэврийн сан болгоод хувиргачих гэж байгаа юм. Төрд 100 гаруй компани байна шүү дээ. Энэ компаниудаа тэтгэврийн сан гээд нэрлэчих. Тэгээд өргүй болчихъё. Тэр компаниуд хувьцаагаа гаргана, ашиг нь хуримтлагдана. Тэтгэврийг эндээс тавьдаг болъё гэж байгаа юм. Энгийн л асуудал. Энэ бол миний Монгол Улсынхаа төлөө хийж байгаа хувь нэмэр. Надад Чингисийн одон авч өгвөл өгөөрэй. Нобелийн шагналд тодорхойлж ч болно. Яагаад гэвэл энэ шагналыг өгсөн ч надад багадна. Учир нь Оюу толгой, Таван толгой болон “Эрдэнэт” зэрэг улстай холбогдох бүх компани нь Баялгийн санд орчих учир бид хэрэлдэхээ болиод ирээдүй баталгаажина. Улс бидэнд өргүй болж төсвөөс татаас өгдөг бус харин ч улсын төсөв мөнгөтэй болно. Энэ компаниуд татвар сайн төлдөг болно. Дарга нар дээрээ улс төр хийж хэрэлдэхээ болиод,Тэтгэврийн сангийн захирал болохын төлөө өрсөлдөнө. Маш олон асуудлыг шийднэ.

Г.БАТ