Буурал түүхтэй, баатарлаг улбаатай МАХН-ын нийт гишүүд, дэмжигчид болон монголын төлөө цохилох зүрхтэй хүн бүхний амрыг эрье.

МАХН-ын дарга, шударга үнэний төлөө ард түмэнтэйгээ хамт тэмцэж байгаа Н.Энхбаяр хууль бусаар баривчлагдсанаас хойш яг нэг жил боллоо.  Н.Энхбаяр гэдэг хүн өөрийн жаргалыг огоорч, ард түмнийхээ төлөө зүтгэж, МАНАН хэмээх бохир бүлэглэл болон олигархиудын эсрэг тэмцсэнийхээ төлөөсөнд яг нэг жил шорон гянданд тарчилж сууна. Түүнийг суллуулахын төлөө Монголын хоёр сая долоон зуун мянган хүн нойр хугасалж, өр нь өмөрч суугаа гэдэгт хэн хэнгүй итгэж байна. Зөвхөн энэ аугаа хүний нэрээр МАХН дахин сэргэлтээ олж, Улсын Их Хурлын ээлжит сонгуульд  бахдам амжилт үзүүлсэн билээ. Үүний үр шимийг намын маань гишүүд дэмжигчид хүртэж байгаа төдийгүй монголын ард түмэн ч бие сэтгэлээрээ мэдэрч байгаа гэдэгт итгэж байна.

            Гэвч харгис эрх баригчид түүнийг сулласангүй. Бидний тэмцэл, монголын ард түмний хүсэл сонирхол зөвхөн Н.Энхбаярыг суллаж, цагаатган улс монголынхоо төлөө зүтгэх бололцоог нь хангаж өгөхийг шаардаж байгаа юм. Биднийг зүгээр суулаа хэмээн эндүүрэх хэрэггүй. Чадах ядахаараа л тэмцэж байна. Ойрын үед гэхэд усны Батбаяр, Ангараг хоёр маань Украин явж Тимошенкогийн хэлмэгдсэн тухайд кино хийхээр болж байна. Мөн дэлхий нийтэд,  НҮБ, Олон улсын хүний эрхийн байгууллагуудад захидал бичих хөдөлгөөн ч өрнүүлж байна. Түүгээр ч үл барам түүнийг цагаатгах хууль санаачлуулан батлуулах асуудлаар УИХ-д суугаа гишүүддээ шахалт үзүүлж байгаа. Хамгийн сүүлд УИХ-д орсон Ц.Оюунбаатарт Н.Энхбаярын хэргээр болон 7 дугаар сарын 1-ний хэргээр ажлын хэсэг байгуулах шаардлага өгч байгаа боловч одоог хүртэл хэрэгжихгүй байгаа нь харамсалтай.

            Харин манай хуулийн зөвлөх Раднаасэд нарын хүмүүс 2009 оны Ерөнхийлөгчийн сонгууль хууль бус болсон гэдгийг олон нийтэд дэлгэхээр кино хийж байгаа гэх мэт чихэнд чимэгтэй зүйл ч бас байна. Үүний зэрэгцээ Н.Энхбаярын хайр ивээл, нэр төрөөр өндөр албан тушаалд хүрсэн зарим хүмүүс түүнийг суллах ажилд хойрго хандаж байгаа нь харамсалтай. Тухайлбал УИХ-ын чуулганыг хаяж гарахад үлдэж хоцорсон Ч.Улаан, эрх баригчдын хүлээсэнд ороод байгаа Н.Удвал, орь залуугаараа энэ аугаа хүний нэр нүүрээр өндөр албан тушаалд хүрсэн дэд сайд Эрдэнэжамъян нар  албан тушаалаа алдахаас айн биеэ оторлож суугаа нь огиудас хүргэж байна.

            Энэ бүхэнтэй  манай иргэний хөдөлгөөний нэрт зүтгэлтэн Баярхүүгээр ахлуулсан хүмүүс цаг үргэлж тэмцэж байгаа гэдгийг дуулгахад таатай байна. Бидний удирдагчийн хууль бусаар баривчлагдсаны нэг жилийн ойг угтаж нийт гишүүд, дэмжигчид, монголын ард түмэндээ намын зүгээс хийх ажилд хамтрана гэдэгт итгэж байна. Учир нь ойрын үед Монголд Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн маш том хурал болох гэж байна. Энэ үеэр бид зүгээр сууж болохгүй. Монгол Улсыг ардчиллаас ухарсан, дарангуйлагч дэглэмтэй улс гэдгийг дэлхийн олон нийтэд ойлгуулахын тулд та бүхнээсээ дэмжлэг хүсч байна. Үүний үр дүнд Н.Энхбаяр даргыгаа суллахад нэг алхам ойртоно гэсэн үг. Мэдээж хууль бус баривчилгааны тухай кино хийгээд дууссан. Үүнээс гадна МАХН-ын ажлын албаны дарга Нанжид, МАН-ын хэвлэлийн албаныхан хамтран хотын мэр Э.Бат-Үүлийн хууль бус үйл ажиллагааны эсрэг өргөн хүрээтэй кампанит ажил зохион байгуулагдах гэж байна.  Мөн Ц.Элбэгдоржийг сонгуульд нэр дэвшүүлэхгүйн тулд Монголын нийт ард түмэн эсэргүүцэн босно гэдэгт бас итгэж байна. Манай намаас зохион байгуулж байгаа шударга ёсны Их Хуралдай баруун, зүүн бүсүүдэд маш амжилттай болсоныг тэмдэглэхэд таатай байна. Ард түмний хүсэл сонирхолыг харж байхад Монгол Улсад ганц л Ерөнхийлөгч байдаг нь харагдаж байгаа. Тэр хүн нь мэдээж Н.Энхбаяр.

Н.Энхбаяр гэдэг МАХН. Н.Энхбаяр гэдэг Монгол Улс гэдгийг та бид төдийгүй даян дэлхий мэднэ. Хамтдаа тэмцэж Ерөнхийлөгчөө аварцгаая.

МАХН-ын хэсэг нөхөд...