Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр зарлиг гаргаж, Тулгар төрийн 2230 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 815 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жил, Ардын хувьсгалын 100 жил, Ардчилсан хувьсгалын 32 жилийн ой, Монголын үндэсний уламжлалт Цагаан сарын баярыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга  нэр бүхий иргэдэд Төрийн дээд цол гардуулсан билээ.

Шагнал гардуулсныхаа дараа тэрээр: "Гавшгайчид, манлайлагчид аа,Төрийн дээд цол хүртэгсэд ээ, Монгол түмний уламжлалт баяр Арван долоодугаар жарны цагаагчин үхэр жилийн мэндийг Та бүхэнд угтуулан айлтгая.

Монголын төр тэмдэглэлт ой, уламжлалт баяруудыг тохиолдуулан ажил үйлсдээ манлайлсан, хөдөлмөр зүтгэл гаргасан иргэдээ шагнаж, урамшуулдаг ийм сайхан уламжлалтай. Тэр уламжлалыг баримтлан салбар салбараас ирүүлсэн тодорхойлолт, хүсэлтийг баримтлан Төрийн дээд цол олгож байна. Салбарын хамт олон, харьяа Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар хэлэлцэгдэн ирүүлсэн шагнал, цол олгох шийдвэрийг Төрийн тэргүүний хувиар баталгаажуулан гардуулах нь миний үүрэг юм шүү...Ард олон, Иргэдийн төлөөлөгчдийн хурал, хамт олныхоо хурлаар дамжуулан Та бүхний гавьяа, зүтгэлийг үнэлүүлснийг Төрийн тэргүүний хувиар ёсчлон гүйцэтгэсэндээ миний бие туйлаас баяртай байна. Та бүхний манлайлал, хичээл зүтгэл нь бүгдэд хөдөлмөр зүтгэлийн үлгэр дуурайл, бахдал болно гэдэгт би огтхон ч эргэлзэхгүй байна.

Та бүхэнд ирж буй цагаагчин үхэр жилийн Цагаан сарын мэндийг дахин айлтгая. Бүгдэд нь аз жаргал, эрүүл энхийг хүсэн ерөөе.

Мөнх тэнгэрийн хүчин дор Монгол цагаан сар амар амгалан, гэр бүлийн хүрээнд аз жаргалтай өнөр сайхан болох болтугай.

Хүн ард минь сэтгэл тэнүүн, энх цагтай учран золгох болтугай" хэмээсэн юм.

 

Хэдхэн хоногийн дараа гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдал эхлэх гэж буй, коронавирусын халдварын тоо өдрөөс өдөрт нэмэгдэж буй цаг үед Ерөнхийлөгч, Ерөнхийлөгчийн Тамгын Газрын хийсэн энэ хачирхалтай үйлдэл иргэдийн гайхал, дургүйцлийг зэрэг төрүүлж орхилоо.

 

 Монгол Улсад УОК, Засгийн Газраас Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг өнөөдөр ч хэрэгжиж байна. Энэ хүрээнд олон нийтийг хамарсан арга хэмжээ зохиох нь бүү хэл олуулаа нэг дор бөөгнөрөх, цуглах ч хориотой.

Гэтэл энэ цаг үед Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга  яагаад төрийн шагнал гардуулах арга хэмжээг зохиосон нь учир битүүлэг бөгөөд энэ үеэр шагнал гардуулж буй, шагнал авч буй хүмүүсийн хэн нь ч маск зүүгээгүй байснаар үл барам нэг нэгэндээ хүрч, гар барьж байх юм.

Яахав шагнал авахаар ирсэн хүмүүсийг түргэвчилсэн оношлуураар шинжилгээнд хамруулсан гэж хэлж, ам хаах гэж оролдох л байх.

Гэтэл шагнал авсан нэгэндээ баяр хүргэхээр ирсэн олны хөл хөдөлгөөн гэхэд л Сүхбаатарын талбайг нэг хэсгийг бүхэлд дүүргэчихсэн.

Түүнээс ч аюултай нь яг энэ бужигнааны үеэр нэг иргэн өөрийгөө шатааж, амиа алдсан харамсалтай хэрэг гарлаа.

Арай дэндэж байгаа юм биш үү?

Хорио цээрийн дэглэм, өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг нэрээр иргэдийг журамлан, хэдэн залуу утсаар маазарсан бичлэг youtube.com-д нийтэлсний төлөө шалгуулна, арга хэмжээ авна гэж заналхийлдэг Улсын Онцгой Комиссынхон хаачив?

Эсвэл нэгмөсөн Улсын Онцгой Комиссын шийдвэр, тогтоол, Монгол Улсын Хууль төрийн өндөр албан тушаалтнуудад үйлчлэхгүй гээд заачихвал яасан юм бэ?

Жорж Орвеллийн "Амьтны ферм" бүтээлд : "Бүгд амьтад тэгш эрхтэй. Гэхдээ гахайнууд илүү эрхтэй" хэмээсэн инээдтэй мэт атлаа эмгэнэлтэй үгс гардаг.

Энэ үгс инээдмийн эмгэнэлт зохиолд биш Монгол улсад бодитоор хэрэгжиж байна.

 

Э.Мягмар

sonin.mn