Өчигдөр Говь-Алтай аймгийн Чандмань суманд 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсныг Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ. 

Тодруулбал, Говь-Алтай аймгийн Чандмань сумын Өлзийбулаг багийн “Алагийн гол” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 216 км, сумын төвөөс баруун зүгт 27 км-т, Ө-45°22’48”, У-97°39’00″/ хоёрдугаар сарын 12-ны өдрийн 00:06 цагт 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг 00:10 цагт Одон орон геофизикийн хүрээлэнгээс цахим шуудангаар хүлээн авсан байна. 

Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргын Тамгын газрын даргаас тодруулахад иргэдэд чичирхийлэл мэдрэгдээгүй, хохирол учраагүй гэжээ.

Мөн Хөвсгөл аймгийн Ханх сумын Хороо багийн “Адуут” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 340 км, сумын төвөөс баруун урд зүгт 23 км-т, Ө-51°22’12”, У-100°25’12″/ хоёрдугаар сарын 11-нд 18:29 цагт 3.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон байна. Тус сумын уг газар хөдлөлтийн чичирхийлэл бага зэрэг мэдрэгдсэн бөгөөд хохирол учраагүй аж.