П.ДАВААЖАРГАЛ

Манай улсад боловсрол, эрүүл мэнд зэрэг нэн чухал салбараар эрх тэгш үйлчлүүлэхэд нэн төвөгтэй. Тухайлбал, Улаанбаатар хотод ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн хүрэлцээ учир дутагдалтай. Манайх шиг хүүхдээ цэцэрлэгт оруулах гэж сугалаанд оролцож азаа үздэг, гайгүй сургалттай сургуульд элсүүлэх гэж хэтэвчээ тэмтэчдэг орон байхгүй биз. Боломжтой нэгнийх нь хүүхэд барууны соёл, дэлхийн стандарт бүхий сургалтын хөтөлбөрийн дагуу суралцдаг. Харин эгэл ардын хүүхдүүд нэг ангид 50-уулаа бужигнаж байгаа нь нууц биш. Энэ байдал даамжирсаар эцэг эхчүүд хуруу хумсаа хугалан байж олсон хэдэн төгрөгөө хувийн сургуульд тушаах болсон. Энэ бол тэгш бус байдлыг өөгшүүлсэн тогтолцооны уршиг. Улсын төсвөөс өмчийн хэлбэрийг үл харгалзан ерөнхий боловсролын сургуулиудад хувьсах зардал олгодог. Өөрөөр хэлбэл, хувийн сургуулиуд шаггүй өндөр сургалтын төлбөрөөс гадна төрийн зүгээс дэмжлэг хүртдэг. 

Улмаар хувийн хэвшлийн сургуулийн тоо, сургалтын төлбөр жилээс жилд өсөж байна. Тодруулбал, сүүлийн таван жил хувийн хэвшлийн сургуулийн тоо 34-өөр нэмэгджээ. Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан гуравдугаар сарын 1-нээс өндөр төлбөртэй хувийн сургуулиудад хувьсах зардал олгохгүй хэмээн мэдэгдсэн нь сайшаал, зэмлэлийг зэрэг хүртээд буй. Учир нь, түүний хэлсэнчлэн өндөр буюу 10 саяас дээш төгрөгийн төлбөртэй найман сургууль байдаг аж. Гэтэл 100 гаруй хувийн хэвшлийн сургууль уг шийдвэрээс ангид үлдэж буй. Нөгөөтэйгүүр, томоохон бизнес эрхлэгчдийн нөөлөгт байдаг хувийн сургуульд олгодог сул зардлаа хасаж нийт ерөнхий боловсролын салбарт шинэчлэл хийхээр зорьсон нь зүйн хэрэг. Иймд манай сонин энэ удаагийн дугаарын онцлох сэдэвтээ хувийн сургуулийн хувьсах зардлын эргэн тойрон дахь асуудлыг хөндөж, холбогдох албаны хүн, сургуулиудын байр суурийг тодрууллаа.

 

 ХУВЬСАХ ЗАРДЛАА ТАНУУЛЛАА ГЭЭД ХУВИЙН СУРГУУЛИУД ДАМПУУРАХГҮЙ

В.НЭРГҮЙ

Тансаг сургуулиудын хувьсах зардлыг танах нь эрсдэл биш санагдав. Учир нь, өндөр төлбөртэй хувийн сургуулиудын хувьсах зардлыг улсын сургуулийн чадвартай багш нарт урамшуулал цалин болгоод өгчих хэрэгтэй байгаа юм. Улсын сургуулийн багш нарын хангамж муу болоод чадалтай, чадвартай багш нь хувийн сургууль барааддаг нь ч худлаа биш. Хэний ч амьдралд хэрэгтэй шүү дээ. Тиймээс хэчнээн ардын багш, хүүхдэд сэтгэлтэй, ээлтэй байсан ч амьжиргаандаа таван цаас илүү хэрэглэхийг хүснэ. Ингээд бодохоор хүүхдэд боловсрол хэрэгтэй бол багшид амьдрал хэрэгтэй. Манай улс багш нараа золиосонд хаячихсан юм шиг санагддагийг нуух юун. Үнэндээ Багш хэмээх нэрээ хамгаалж л зүтгэж байгаа олон мэргэжилтэн бий. Хувийн сургуулийн багшийн өмссөн зүүснийг нь улсынхтай харьцуулахад нүдэнд алагчилж харагдана. Ийм болохоор л хувийн сургуулиудын төлбөр өндөр үнэтэй байдаг гэж эцэг, эхчүүд ярьдаг. Мөн хүүхдээ оруулах гэж зүтгэдэг. Энэ бол хүүхдийнхээ ирээдүйд анхаарч байгаа сэтгэл. Яагаад нийгэмд ийм тогтолцоо бий болов. Улсын сургуулиуд үнэхээр чанаргүй сургалт явуулаад байна уу гэх хардалт ч төрж болох. Хэрэв тийм бол ирээдүйд маш том ангал гарна. 

Мэдээж, боловсролын хэмжүүрээр хэмжигдэх энэ ангалд хүүхдээ улсын сургуульд сургаж байсан эцэг эх буруутан болж үлдэх аюултай. Уг нь ерөнхий б о л о в с р о л ы н   с у р г у у л и й н сургалтын систем ижил түвшинд байвал хүүхдүүд ирээдүйд ч а д в а р а а р а а   ө р с ө л д ө н ө . Нөгөөтэйгүүр, улсын сургуульд багшилж байгаа багш нарын ур чадвар ямар вэ. Мөн хувийн сургууль хэнд ашигтай вэ гэхчлэн олон асуулт урган гарна. Саяхан Л.Энх-Амгалан сайд “Өндөр төлбөртэй хувийн сургуулиудад ирэх сараас эхлэн хувьсах зардал олгохгүй” гэж мэдэгдсэн нь олныг талцуулж эхэллээ. Мэдээж, хоёр талтай асуудал. Үнэндээ хувийн сургуулиудын хувьсах зардлыг хасах нь зөв байж болох. Бэлтэй нэг нь хүүхдээ ямар төлбөртэй сургуульд сургах нь бусдад хамаагүй. Гэхдээ салбарын сайдынх нь хүүхэд хүртэл хувийн сургуульд сурч байсан жишээ бий. 

Тухайлбал, 2016 оны УИХ-ын сонгуулийн өмнө тус салбарын сайдаар Л.Гантөмөр ажиллаж байв. Түүний хоёр хүүхэд “Орчлон” сургуульд сурч байгаад хоолны хордлогод орсныг хүн бүхэн мэднэ. Энэ мэт зүйлээс харахад хувийн сургуулиудын ард төрийн түшээдийн нөмөр нөөлөг их байдаг гэлтэй. Нөгөөтэйгүүр, хувийн сургууль бол сургалтын гэхээс илүүтэй бизнесийн талбар гэж хэлж болно. Боловсролын салбар ашгийн бус байх ёстой. Ингэснээр чанартай боловсролыг тэгш хүртээнэ. Гэхдээ сүүлийн жилүүдэд сонгон шалгаруултад эсвэл ямар нэгэн улсын чанартай уралдаан, тэмцээнд хувийн сургуулийн сурагчид манлайлах тохиолдол элбэг болсон. Энэ нь боловсролын байгууллагуудын чадамж тэгш бус гэдгийг харуулж байгаа юм. Мөн хувийн сургуулийн сурагчид өөрийн сонирхол, эцэг эхийн хүслээр нэг хичээлийг сонгон судалж, багаасаа бэлддэг. Харин улсын сургуулийн сурагчид төр засаг, салбарын яамнаас б ол о в с ру ул с а н с ур га л т ы н хөтөлбөр, сурах бичгийн дагуу суралцдаг. Энэ нь нэг л мэдэхэд хоцрогдолд хүргэнэ. Үүнд хэн буруутай вэ. Магадгүй хэн ч биш гэх биз. Үнэндээ салбарын яам буруутай. Ийм гаж тогтолцоо үргэлжилсээр, эцэг эхийн тархинд хувийн сургууль сайн гэсэн үзэл хоногшсоор байвал тэдгээр сургуулийн төлбөр нэмэгдэлгүй яах вэ. Дээрээс нь улс нь хувьсах зардал нэрийдлээр “тэжээлийн нэмэлт” олгоод байна. Энэ жил л гэхэд сургалтын хөтөлбөрт 50 тэрбум, хоолны мөнгөнд таван тэрбумыг төлөхөөр байгаа аж. Энэ бол бага тоо биш. 

Ийм хэмжээний хувьсах зардлыг улсаас авдаг хувийн сургуулиуд сурагч бүрээс өндөр төлбөр авна. Үүнийхээ хариуд хүүхдүүдийн толгойг илэх үүрэг гүйцэтгэдэг гэж хэлж ч болох талтай. Тухайлбал, хүүхдийн эрх гэдэг нэрийн доор хичээлээр шахах нь бага, мөн хүссэн дүнг нь тавьдаг ч гэх яриа эцэг эхчүүдийн дунд байдаг. Мэдээж, олон дунд чанартай нь ч бий. Хувьсах зардал хасах, танах асуудал дөнгөж одоо хөндөгдөж байгаа сэдэв биш. Энэ асуудал хэдэн жил дамнан үргэлжилсэн. Харамсалтай нь, халаасанд явсан тохироогоор шийдэгддэг үү эсвэл хамгаалж өмгөөлөх эрх мэдэлтэн ихтэйгээс болдог уу нэг л мэдэхэд өөрчлөлтийн салхи намжчихсан байдаг. Тэгвэл анх удаа салбарын сайд нь ийнхүү зоригтой дуугарч байгаа нь энэ. Мэдээж, тэрбээр хэлснээ ажил хэрэг болгоход олон даваа давна. Улаанбаатар хотод 100 гаруй хувийн хэвшлийн ерөнхий боловсролын сургууль байгаагаас 12 нь таваас дээш сая, найм нь 10-аас дээш сая төгрөгийн төлбөртэй аж. Л.Энх-Амгалан сайд “өндөр” гэх ангилалд 10 сая төгрөгөөс дээш төлбөртэй сургуулийг хамруулж “Хувьсах зардал өгч чадахгүй” гэж хэлсэн. Тэгэхээр хувийн хэвшлийн олон арван сургуулиас зөвхөн найман сургуулийн хувьсах зардлыг хасна гэсэн үг. Хэдий тус ангиалалд хамрагдах сургуулийн тоо цөөн ч хувьсах зардал хумигдах нь зөв. Боловсролын шинэ сайдын хэлээд байгаа өндөр төлбөртэй гэх найман сургуулийн санхүүжилтээс сар тутам хүүхэд нэг бүрийн тоогоор олгодог хувьсах зардал хасагдах юм. Угтаа бол нэгэнт хувийн сургуулийн хувьсах зардал руу өнгийснийх төлбөрийн хэмжээгээр алагчилж, 10 хүрэхгүйнх нь санхүүжилтийг хасаж хэл амны бай болж байхаар бүгдийг нь тус шийдвэрт хамруулсан бол тохиромжтой санагдана. 

Мэдээж, дээрх сургуулийн удирдлагууд байр сууриа хамгаалж, эсэргүүцэл илэрхийлнэ. Түүнийг тоох ч хэрэггүй. Ингэж чадвал сайд хэлсэн үгэндээ эзэн болж, боловсролын тогтолцоо жигдэрнэ. Эсэргүүцлийн салхи аль хэдийн дэгдчихсэн байна.Шуургатай үедээ шуурч л байдаг тавилан юм чинь яах вэ дээ. Үнэндээ Л . Э н х - А м га л а н г  с а л ба р ы н сайдаар томилогдсонд багш, сурган хүмүүжүүлэгчид ам сайтай байгаа. Өөрөө ч салбараа мэддэг хүний ёсоор ажлаа эхлүүлж чадсан. Улаанбаатар хотод хувийн ерөнхий боловсролын сургууль цөөн үед бол бүх зүйл боломжтой байв. Сургалтын хөтөлбөрийн чанар, хувьсах зардал олгох боломж гээд нөхцөл байдал эерэг байсан. Одоо бол бүх зүйл өөр. Хувийн сургуулиуд бизнес болсон. Чанартай сургалттай сургуулийн босго өндөр. Хүүхдээ оруулах гэж цалингийн зээл авч, хахууль өгсөн эцэг эхтэй цөөнгүй таарч байсныг нуух юун. Мэдээж, хувьсах зардал хасагдвал тухайн хувийн сургуульд хүүхэд нь сурдаг эцэг эхэд ачаалал ирнэ. Нэг үгээр хэлбэл, улсаас авч чадахгүй болсон мөнгөө эцэг эхээс авах гэж сургуулийн удирдлагууд эвсэн нэгдэх магадлалтай. Хувьсах зардлыг таналаа гээд хувийн хэвшлийн ерөнхий боловсролын сургуулиуд дампуурчихгүй.

Л.ЭНХ-АМГАЛАН: МОНГОЛЫН ТӨР БОЛОВСРОЛЫН ТЭГШ БУС БАЙДЛЫГ САНХҮҮЖҮҮЛДЭГ БОЛЧИХСОН

Н.АЛТАНЦЭЦЭГ

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх­Амгалан өндөр төлбөртэй хувийн сургуулиудад улсын төсвөөс олгодог хувьсах зардлыг ирэх сараас зогсооно гэдгийг мэдэгдсэн. Манай улсад таван сая хүртэлх төгрөгийн төлбөртэй 106, 5­10 сая төгрөгийн төлбөртэй 12, 10 дээш сая төгрөгийн төлбөртэй найман хувийн хэвшлийн сургууль байгаа аж. Тэрбээр энэ талаар “Монголын төр өөрөө боловсролын тэгш бус байдлыг санхүүжүүлдэг болчихсон. Төрийн өмчит ерөнхий боловсролын сургууль нь дотроо гурван салбарт хуваагдаж байна. Нэгдүгээрт, Кембриджийн хөтөлбөрт сургууль нэг хүүхдэд гурван сая төгрөгийн хувьсах зардлын санхүүжилт тооцдог. Хоёрдугаарт, лаборатори сургууль нэг хүүхдэд 1.5­1.8 сая төгрөгийн хувьсах зардалтай. Гэтэл ердийн ерөнхий боловсролын сургууль буюу ихэнх хүүхэд сурч байгаа бүлэгтээ хувьсах зардлыг нэг хүүхдэд 800­900 мянган төгрөгөөр тооцож байгаа нь төр санхүүжилтээрээ дамжуулан боловсролын тэгш бус байдлыг дэмжиж байгааг харуулж байна. 

Энэ асуудлыг засаж залруулахын тулд хувийн сургуулиудын захирлыг хамарсан хэлэлцээр зохион байгуулна. Хувийн сургуулиудын хувьд санхүүжилтээ зөв зүйтэй зарцуулдаг буюу багш нарын цалин хангамж улсынхаас илүү. Тэр хэрээрээ сурагчдад олгож буй боловсролын чанар сайн. Гэтэл Монгол Улсын боловсролын салбарын жилийн төсөв 1.7 их наяд төгрөг атлаа үүний ихэнх нь цахилгаан дулаан, барилга байгууламж зэрэг урсгал зардалд зарцуулагддаг. Тиймээс үүнийг өөрчлөхийн тулд боловсролын шинэчлэл зайлшгүй шаардлагатай байна. 

Одоо хамгийн их сэтгэл эмзэглүүлж байгаа зүйл бол боловсролын салбарт үүссэн хоцрогдлын асуудал. Иймд гуравдугаар сарын 1­нд зарим сургуулийн үйл ажиллагааг эхлүүлэхээр улс төрийн эр зориг гаргаж, Засгийн газарт саналаа оруулна. Хөдөө орон нутаг, гэр хороололд хоцрогдол маш их байгаа. Тийм учир “Ковид­19”­ийн голомт багатай газруудад сургалтын үйл ажиллагааг хэсэгчлэн эхлүүлж, хоцрогдлыг арилгахад түлхүү анхаарна. Мөн I, V, IX, XII ангийн хүүхдүүдийн хоцрогдолд анхаарлаа хандуулж, бүх нөөц бололцоогоор дэмжин ажиллана. Бага ангийн хүүхдүүдэд математик, монгол хэл, дунд ангийнханд математик, монгол хэл, байгалийн ухаан, ахлах ангийнханд математик, монгол хэл, сонгох хичээлийн хоцрогдол их байгаа учир танхимаар хичээллэх зайлшгүй шаардлага байна. Хэрэв хоцрогдлоо нөхөж чадахгүй бол зуны улиралд, цар тахлын тархалт намжсан байвал танхимаар давтлага хичээл зохион байгуулах судалгаа, тооцоо хийж байна” гэсэн юм.

 

 Г.ЭНХЦЭЦЭГ: ХУВЬСАХ ЗАРДАЛ БОЛ ЭЦСИЙН ДҮНДЭЭ ХҮҮХДЭД ЗОРИУЛСАН МӨНГӨ

 

Өндөр төлбөртэй ерөнхий боловсролын хувийн сургуулиудад олгодог хувьсах зардлыг ирэх сарын 1-нээс зогсоох талаар Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан мэдэгдсэн. Тус жагсаалтад 10 саяас дээш төлбөртэй, нэр бүхий найман сургууль багтаад буй. Уг шийдвэрийн талаар зарим сургуулийн удирдлагуудын байр суурийг тодрууллаа.

(“British School of Ulaanbaatar”-ийн дэд захирал) Нэгдүгээрт, ямар үндэслэлээр ийм шийдвэр гаргаж байна вэ. Найман сургуулийн хувьсах зардлыг танаж, хэдэн төгрөг хуримтлуулаад ямар үр дүнд хүрэх нь асуудалтай. Өнөөдөр маш олон хүүхэд компьютер, интернэт байхгүй учраас теле хичээлээ хийж чадахгүй байгаа нь үнэн. Гэхдээ хэдхэн сургуулийн хувьсах зардлыг хассанаар тэр бүх асуудлыг шийдэж чадах уу. Яагаад гэвэл, энэ бол нийгмийн тогтолцооны асуудал. Айл өрхийн орлого, нийгмийн халамж, хамгаалал гээд олон зүйлээс хамаардаг. Хоёрдугаарт, хувийн сургуулиудын баячууд, бусад сургуулийн борчууд гэх өнгө аясыг нийгэмд бий болгож байгаад харамсаж байна. Жишээлбэл, манай суралцагчдын 50 хувийнх нь эцэг эх хүүхдэдээ чанартай боловсрол эзэмшүүлэхийн тулд өдөр шөнөгүй ажилладаг. Үр хүүхдийнхээ ирээдүйн төлөө хичээж, зүтгэж буй олон хүнийг ингэж харлуулж боломгүй. Манай улсын хүн амын 80 орчим хувь нь залуус. Тэр хэрээрээ сургууль, цэцэрлэгийн хүрэлцээ хангалтгүй. Харин хувийн хэвшлийн сургуулиуд энэ орон зайг нөхөж байна. Бид нэг ч төгрөг улсаас гаргахгүйгээр боловсролын байгууллага бий болгож, багш, ажилтнаа цалинжуулж, сургалтын таатай орчин бүрдүүлсэн.

Манай сургуулийн хувьд дэлхийн жишигт нийцсэн хөл бөмбөгийн талбай, спорт танхим, усан бассейнтай. Өөрөөр хэлбэл, дан ганц суурь боловсрол эзэмшүүлэхээс гадна эрүүл чийрэг, авьяаслаг, чадварлаг иргэн болгон төлөвшүүлэхэд анхаарч байна. Хэрэв боловсролын салбарыг хөгжүүлэх гэж байгаа бол тэрийг тана, үүнийг боль гэхийнхээ оронд хувийн сургуулиудад түшиглэж багш, ажилтнаа дадлагажуулах, сургалтын арга барил, чанар хүртээмжийг сайжруулахад анхаарвал илүү өгөөжтэй санагдах юм.Нөгөөтэйгүүр, хувьсах зардал бол эцсийн дүндээ байгууллагад бус хүүхдэд зориулсан мөнгө. Манай сургууль 451 сурагчтай, жилд хувьсах зардлын 39 орчим сая төгрөг улсаас авдаг. Энэ нь сард ойролцоогоор 3.2 сая төгрөг гэсэн үг. Гэтэл манай сургуулийн урсгал зардал үүнээс хэд дахин их. Цахилгаан халаалт 20, усны зардал 15 сая гэх мэт. Нэгэнт төрөөс хүүхдийн сурах, хөгжих эрхэд зориулан олгож байгаа бол бүх хүүхдэд жигд хүрэх ёстой.

 

Г.НАРАНБАТ: ХУВИЙН СУРГУУЛИУДЫН ХУВЬСАХ ЗАРДЛЫГ ХАСАХ НЬ БОДИТ ХЭМНЭЛТ БОЛОХГҮЙ

(“Уудам Монгол” сургуулийн захирал) Ерөнхий боловсролын сургуулиудад хувьсах зардал олгох нь төр хүүхдийн өмнө үүрэг хүлээж байгаагийн нэг хэлбэр. Миний тооцооллоор Ерөнхий боловсролын сургуульд зарцуулагддаг төсвийн 0.2­0.5 хувийг хувийн хэвшлийн сургуулийн хувьсах зардал эзэлдэг. Энэ зардлаар улсад жилд 60­70 тэрбум төгрөг хэмнэгддэг. Мөн ихэнх хувийн сургуулийн хувьсах зардал багш, ажилчдын цалин болж очдог. Өнөөдөр 10 саяас дээш төгрөгийн төлбөртэй сургуулиудын хувьсах зардлыг хасаж байна. Магадгүй дараагийн удаа таван саяас дээш төлбөртэй сургуулийнхыг хасна гэхийг үгүйсгэхгүй. Хувьсах зардал бол 10 саяас доош төлбөртэй сургуулийн орлогын ихэнх хувийг эзэлдэг. Тиймээс хувийн сургуулиудын хувьсах зардлыг хасах нь бодит хэмнэлт болохгүй. Энэ зүгээр л улс төрийн нүүдэл гэж харж байна.

npost.mn - ҮНДЭСНИЙ ШУУДАН СОНИН