Монголын бүх замыг гаднын компаниуд, голдуу хятадууд барьдаг. Чанар алагтай цоогтой. Ямартай ч манай дарга нар хятад компанид замын ажлыг даатгах дуртай. Гэтэл манай дотоодын гайгүй сайн зам тавьчих тавь шахам компани байгаад байдаг. Тэдэнтэйгээ яагаад ч юм хамтарч ажилладаггүй.

Ямар учраас гаднын компаниар замаа бариулах  гэж дурлаад байдгийг сонирхохоор их хөгийн шалтгаан гарч ирдэг. Эмгэнэлтэй гэхэд болно.

Дарга нар замын хятад компаниудаас “хувь” авдаг. Энэ үндсэндээ нотлогдчихсон. Зам хариуцсан салбарын яам, тендерийн үйл ажиллагааг хариуцдаг төрийн байгууллагуудын албан тушаалтан авлигын хэрэгт холбогддог явдал олон бий. Нэр ус дурсаад яахав. Нэг хэсэг нь ялаа үүрч, нөгөө хэсэг нь яаж ийгээд мултраад үлдчихдэг.Хамгийн гол нь тэдэнд авлига өгсөн компани нь гадныхан, тэр тусмаа хятадууд байдаг юм.

Монгол даргын нэг “шивнээ” байдаг. “Хятад компаниуд унждаггүй, найдвартай” гэж.  Бас Монголд зам тавьсан гаднын компанийн ажилчнаас яагаад нарийхан, нимгэхэн зам тавьсныг асуухад “Хай, танай дарга дээрээс нь, манай дарга хажуунаас нь идсээн” гэсэн гэдэг. Инээдэм биш эмгэнэл л дээ. Эцэст нь Монголд авлига цэцэглэн хөгжиж, маш муу зам тавигдаж үлддэг гэмтэй юм.

Гаднын компаниуд энэ байтугай даварсан. “Шинжиан шинфа” гэдэг компанид 2017 онд Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр манай Засгийн газрын Сангийн сайд журмаа зөрчөөд 20 тэрбум төгрөг гаргаад өгчихсөн байдаг. Энэ мөнгө нь цаашаа яаж задарсан гэдэг билээ дээ. Жил гаруйн өмнө энэ компанийн хятад захирал, Төрийн банкны бас нэг захирлын хамт анхан шатны шүүхээс багахан ял авцгааж байв. Одоо юу болсныг бүү мэд. Бас манай улс Хятадын “Шинжиан Шинфа” гэх ганцхан компанид 88 тэрбумын өртэй гэдэг.

Ялангуяа сүүлийн арваад жилд ийм явдал гаарсан. Энд зам барина, гадаадын компани. Тэнд зам эхэллээ, хятад компани. Манай хэдэн том гэгддэг замын компаниуд туслан гүйцэтгэгч хийгээд явдаг. Угтаа тэр компаниуд маань зүтгэвэл ганцхан зун зуу зуун км-ээр нь зам барих чадалтай гэдгийг бид харсан шүү дээ.

Гэтэл.... Гаднын компаниуд Монголд даварч, зам барилгын ажилд нь эзэн суучихсан юм. 2016 онд хэдэн хүн хэвлэлийн бага хуралд хийж, энэ асуудлыг улайтал дэлгэж байв шүү.

Тэд “Чингис бондын нийт санхүүжилтийн 50 орчим хувь буюу 1.5 орчим их наяд төгрөгийг зам гүүр, “Гудамж” төсөл гэх мэт дэд бүтцийн эргэн төлөгдөхгүй төслүүдэд зарцуулсан. Эдгээр замын 500 орчим тэрбум төгрөгийн ажлыг БНХАУ-ын аж ахуйн нэгжүүд гүйцэтгэж байсан. Монголчуудын зээлсэн мөнгөний ихэнхийг БНХАУ-ын болон Турк компаниудад өгч байна” гэсэн. Олон баримт дэлгэсэн.

Тэр дунд “Эйч Кэй Би Интернэйшнл холдинг” гэдэг нэр бий. Энэ компанийн нэрийг монголчууд бараг цээжилчихсэн байх. Учир нь сүүлийн арваад жилд “Эйч Кэй Би Интернэйшнл холдинг” компани Монголын автозамын салбарын тендерийн мангас болсон.

2013 оноос хойш авсан замын ажлууд нь гэхэд Хөвсгөл аймаг Тойрогт барих хонгилын байгууламж барих ажил /2013 он /,  Тариалан-Мөрөн чиглэлийн 158 км хатуу хучилттай авто зам /2017 он/, Увс Тэс сумын Нарийны голын 325 м төмөр бетон гүүр /2013/, Тээлийн голын 75,3 м төмөр бетон гүүр / 2013 он/, Увс Ховд сумын Шивэртийн голын төмөр бетон гүүр / 2016 он/, Ховд Шурагийн гүүрнээс Ховд хүртэлх 53,9 км хатуу хучилттай авто зам /2018 он/ , Ховд Мөст сум Бооржийн голын төмөр бетон гүүр /2018 он/, Булган аймаг Гурванбулаг- Хишиг Өндөр чиглэлийн 22 км авто зам /2019 он /, Баянхонгор Галуут сумын Өлзийт голын төмөр бетон гүүр, Алтанбулаг хилийн боомтын хатуу хучилттай автозам /2019 он /,  Ховд аймгийн төвийн 18 км хатуу хучилттай авто зам байна.

“Эйч Кэй Би Интернэшнл холдинг” компанийн тарьсан балаг бага биш. 2015 онд Өлгий-Ховд чиглэлийн 189.7 км хатуу хучилттай замын нэг хэсгийг барьж гүйцэтгэхээр авчихаад нам гацаасан.  Тэр зам Азийн хөгжлийн банкны санхүүжилттэй бөгөөд тендерт “Эйч Кэй Би Интернэйшнл холдинг”-оос гадна “Чайна Хуаши Энтерпрайзиз” ялаад байсан юм. Тодохой яривал, 2015 оны өнгөрсөн аравдугаар сарын 30-нд болсон Зам тээврийн сайдын зөвлөлийн хуралдаанаар “Баруун бүсийн босоо тэнхлэгийн авто замыг хөгжүүлэх төсөл”-ийн Өлгий-Ховд чиглэлийн 189.7 км хатуу хучилттай авто замын барилгын гүйцэтгэлийн талаар тусгайлан хэлэлцсэн. Сайд нь М.Зоригт байсан юм. Тэрээр дээрх төсөлд шалгалт хийсэн ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэн, тушаал гаргаж, тус компаниудтай байгуулсан гэрээг цуцлах, тухайн төслийг гүйцэтгэж буй байгууллагуудын үйл ажиллагаанд хяналт тавих үүргээ хангалтгүй биелүүлсэн удирдлагуудад хариуцлага тооцохыг үүрэгдсэн байна. “Чайна Хуаши Энтерпрайзиз”, “Эйч Кэй Би Интернэшнл Холдинг” болон зөвлөх үйлчилгээ үзүүлэгч “Ай Си Ти Сайн Консалтинг” компанийг өдөр тутмын удирдлагаар шаардлагын төвшинд хангаж ажиллаагүй, зохих хяналт тавиагүй уялдаа холбоо хангалтгүй ажилласан төслийн нэгжийн удирдах албан тушаалтанд хариуцлага тооцохыг Зам, тээврийн сайдын Зөвлөлөөс Төрийн нарийн бичгийн дарга Ж.Бат-Эрдэнэд даалгаж байлаа. Гэсэн ч энэ хэрэгжээгүй.

2016 онд бүр баларсан юм болсон. Увс аймгийн Тэс сумын Нарийны голын 325 метр урттай гүүр 2016 оны дөрөвдүгээр сарын 23-ны өдөр орсон хүчтэй борооны үеэр нурсан. Тэр гүүрийг 2012 онд төсвийн 5.3 тэрбум төгрөгөөр “Эйч Кэй Би интернэйшл холдинг” компани барьж 2012 оны есдүгээр сарын 22-ны өдөр ашиглалтад оруулсан байдаг.

Ашиглалтад ороод дөрөвхөн жил болж байсан бетонон гүүр нурж улс даяар шуугиан шахуу юм болсон. Тэгэхэд сайд М.Зоригт “Уг гүүрийн барилгын ажлыг гүйцэтгэгч компани 2012 оны наймдугаар сарын 30-ны өдрийн дотор гэрээт хугацаандаа дуусгаж, 2012 оны есдүгээр сарын 22-ны өдөр улсын ашиглалтад хүлээлгэн өгсөн байна. Одоогоор тус гүүрийн баталгаат засварын хугацаа дууссан байна” гэж   өөрийнхөө цахим хуудсаар дамжуулан мэдээлж дуулиан шуугианыг нам дарсан. Тэгээд тэр гүүрийн засварын зардлыг төр даасан уу яасан, чимээгүй болсон. Ямар ч байсан зассан. Уг нь Улаанбаатарт баригдсан гүүрнүүдэд 100-аас дээш жилийн баталгаа  өгөөд байдгийг бид бүгд л мэднэ дээ.

Ер нь бол зөвхөн “Эйч Кэй Би Интернэшнл холдинг” компани сүүлийн хэдэн жилд Монголын төрөөс зарласан замын тендерийн 60 хувийг авсан байдаг. Харамсалтай нь бид, манай төр “Эйч Кэй Би Интернэшнл холдинг” компанийн талаар бараг юу ч мэдэхгүй.  Лав “Олон улсад зам тавих болон барилгын үйлчилгээ эрхэлдэг” гэсэн тодорхойлолт байдаг. Фейсбүүкт “HKB international holding Ltd” гэсэн пэйж хуудастай боловч тэнд компанийн үйл ажиллагаа, техник, ажиллах хүчин зэргийн талаар тодорхой мэдээлэл байхгүй. Зөвхөн Монгол улсад барьсан замын зураг, орон нутгаас нь өгсөн батламжийг л оруулсан байдаг. Сайн ухвал ийм нэртэй компани Хонгконгд бүртгэлтэй гэж л гарч ирнэ.

Эх сурвалжийн мэдээллээр “Эйч Кэй Би Интернэшнл холдинг” компани нь зөвхөн манай улсаас зарладаг тендерүүдэд ордог. Өөр төрлийн үйл ажиллага эрхэлдэггүй. Байнгын ажилчид байхгүй. Зам шалгах замын инженер оффисын хэдэн албан хаагчид л ажилладаг гэж байна.

За, ийм л байна. Манай дарга нарын маш хайрладаг, итгэдэг гаднын “Эйч Кэй Би Интернэшнл холдинг” компани иймэрхүү сурагтай л байна. Ганц арга бий. Цаашдаа хийж гүйцэтгэсэн энэ олон ажил дээр нь асуудал гарч магад гээд “Эйч Кэй Би Интернэшнл холдинг” компанийг эрэн сурвалжлах уу. Гомдлын мөр, ингэх л нэг арга үлдсэн.

Саяхан Ерөнхий сайд солигдож, Засгийн газар шинээр бүрдлээ. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ дөнгөж ажлаа аваад “Автозамын төслүүдийг хэрэгжүүлэхдээ ач холбогдлоор нь эрэмбэлж, тэргүүн ээлжинд хилийн боомтууд болон аялал жуулчлалын замыг холбох болно” гэж мэдэгдсэн.

Тэр бас дотоодын компаниудаа нэн тэргүүнд дэмжихээ илэрхийлсэн. Манай төрийн оролцоотой компаниуд ч үүнийг хэрэгжүүлж эхлээд байна. Хэдхэн хоногийн өмнө”Тавантолгой түлш” ХХК-ийн захирал М.Ганбаатар жил бүр гаднаас 13 тэрбум төгрөгөөр авдаг шахмал түлшний барьцалдуулагчийг монгол компаниудаасаа авна гэж мэдэгдлээ.

Тэгэхээр бид авто замын салбарын дарга нарыг эх оронч сонгон шалгаруулалт хийж, монголчуудаараа зам бариулъя гэж уриалах гээд байгаа юм.

 

 

 

ӨДӨР ТУТМЫН СОНИНУУДЫН “ЭРЭН СУРВАЛЖЛАГЧ” НЭГДЭЛ

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин