Хэдхэн хоногийн өмнө Оргил рашаан сувилалын хашаан дотор барилга сүндэрлэх нь гэх мэдээлэл гэрэл зургийн хамт хэвлэлээр гарч олон нийтийн дургүйцлийг хүргэж эхэлсэн билээ.

Зураг дээр Ерөнхий сайд Н.Алтанхуягийн зөвлөх Кёкүшюзан Д.Батбаяр болон түүний эхнэр Т.Баясгалан, Улсын Ч.Батзориг нар лам нарын өмнө эгнэн сууцгаажээ. Тэдний байр байдлаас харахад ямар нэгэн барилгын шавь тавьж байгаа нь илт.

Нийслэлчүүд өвөлдөө утаа угааранд хордож хордож, урин цаг  ирэхээр Туулын хөвөөгөө түшиглэн боссон улсын ганц сувилалдаа амрахын чухалчилдаг. Өвөлдөө энэ сувилал ачааллаа дааж ядаж байхад ийнхүү Төрийн дээд албан тушаалтанууд өөрсдийн эрх мэдлээрээ түрий барин барилга барихаар санаархаж байгаа нь даан ч харамсалтай. Тэд биш юмаа гэхэд тэдний ээж аав, эмээ өвөө энэ рашааны шидийг хүртэж, эдгэж илааршиж байсан нь лавтай. Гэтэл аль хэзээний минийх болсон газар хэмээн мөнгөөр зодож авсан газартаа хир халдаахгүй гүрийж, хуулийг мунхаруулж байгаагаа Кёкүшюзан Д.Батбаяр болон дуучин Гавьяат жүжигчин Т.Баясгалан тэргүүтэй хэсэг нөхдүүдийн ухамсарт орохгүй л байгаа юм байх даа. 

Эдгээр компаниудтай хамт, тоон дотор үсэг цохиж явна гэдэг шиг Ардчилсан намын дарга Н.Алтанхуягийн зөвлөх Кёкүшюзан Д.Батбаяр яагаад явж байгаад нэг их гайхсангүй. Учир нь Кёкүшюзан Д.Батбаярын барилга бариулахаар шав тавих ёслол хийсэн уг газраа нэгэн бөх найзтайгаа хамтарсан аж. “Би Си консалтинг” ХХК-ийн эзэмшил болсон энэ газарт өдгөө “Хөрш заанууд” ХХК барилга барих гэнэ. Энэхүү “Хөрш заанууд” ХХК нь Улсын заан Ч.Батзориг болон Кёкүшюзан Д.Батбаяр нарын байгуулсан хувийн компани байх магадлал өндөр байна. Учир нь хоёр бөх маань нэг орон сууцны хороололд хөрш зэргэлдээ амьдардаг ажил амьдралын хамтран зүтгэгчид бөгөөд үй зайгүй найзууд гэнэ. Тиймээс тэд ийнхүү компани байгуулан тус газар барилга барихаар ажлаа эхлүүлж байсан нь сэтгүүлч бидний дуранд  өртсөн хэрэг.