Үндсэн хуулийн  гучдугаар зүйлд, “Монгол Улсын Төрийн тэргүүн бол Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч мөн” хэмээн заасан.  Мөн Үндсэн хуульд  Ерөнхийлөгчөөр сонгогдсоноор намаасаа татгалзаж, намын бус зарчмаар ажиллана” хэмээн тунхаглаж өгсөн.

  Удахгүй  Ерөнхийлөгчийн сонгууль болох гэж байгаа ч одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулгын бүрэн эрхийн хугацаа дуусаагүй байгаа.  Тэрээр Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч хэвээр байгаа.  Гэвч өнгөрсөн амралтын өдөр Монгол Улсын Төрийн тэргүүний хийсэн мэдэгдэл хэтэрхий жижигхэн улс төр байлаа.  Тэрээр АН-ын дотоод хэрүүлд, хүч нэмж захидал зөвлөмж илгээжээ. 

Ерөнхийлөгч Х.Баттулга өөрийн албан ёсны цахим хуудастаа ийнхүү  байр сууриа илэрхийлсэн байна. “...Та бидний итгэл үнэмшил, үнэт зүйлс нэн хэцүү сорилттой тулгарч буй цаг үед АН-ын даргын сонгууль болох гэж байна.  Монгол Улс улам бүр клептократ – хулгайн төрийн тогтолцоо руу гулган унаж, иргэний мэдэх эрхийг хязгаарлан, эрх чөлөө, оролцоог нь хумих, иргэдээ намын харъяаллаар нь хавчин гадуурхах, иргэдийн сонголтыг үл хүндэтгэх, эрх баригчдын сонголтыг тулгах явцыг хуульчлан завхруулах явц даамжирч байна. Ийм хүнд цаг үед Монголын ардчиллын сүүлчийн цайз болох Ардчилсан нам дотоод талцал, хуваагдлаа эцэс болгох, эрх баригчдын улс төрийн тоглоом болохоо зогсоож, эх орны ирээдүй, улс үндэстний эрх ашгийн төлөө нэгдэн нягтрах цаг иржээ. Эрхэм журмын нөхөд өө, Ардчиллын анхдагч Санжаасүрэнгийн Зориг агсны “Нэгдүгээрт, улс үндэсний эрх ашиг, хоёрдугаарт, намын эрх ашиг, гуравдугаарт, хувийн эрх ашгийг эрэмбэлэх ёстой” хэмээн хэлсэнчлэн сэтгэж, намын даргын сонгуулийг өргөн утгаар нь харж оролцохыг та бүхэнд уриалж байна. Өөрчлөлтийг эс хийвэл цаг хугацаа, түүх биднийг өршөөхгүй. 2000 онд ардчиллын дууч С.Цогтсайхан бидэнд захихдаа “Лидерүүдийн алдаанаас ардчилсан хүчнүүдийн нэр төр цэвэр гараагүй. Буруугүй мөртлөө ардчиллыг дэмжигч бидний нэр хүнд ч мөн адилхан буруутсан. Хэн нь ч уснаас хуурай гараагүй…..Хэрэв бид Монголын ардчиллыг баталгаажуулан гүнзгийрүүлье гэвэл хүчээ нэгтгэх хэрэгтэй”  гэсэн билээ. Үүнийг журмын нөхөд санаж, сэрэх буй заа.” гэжээ.

Төрийн тэргүүний зөвлөмжөөс харахад аливаа нөхцөл байдлыг АН-ын гишүүддээ анхааруулсан, сануулсан өнгө аяс анзаарагдаж байна. Зарим хэсэгт нөлөөлөх оролдлого ч байгаа юм. АН-ын хувьд тамга ч  үгүй, дарга ч үгүй одоо ч дотооддоо зодоонтой байгаа. ҮБХ-ноос намын даргын сунгааг явуулахаар  сонгон шалгаруулалт зарласан ч  хуучин дарга С.Эрдэнийн талынхан  хүлээн зөвшөөрөөгүй хэвээр байна.  АН-ын дарга асан С.Эрдэнэ уг нь сонгуульд ялагдсан хариуцлагаа хүлээж, үүрэгт ажлаа дэд дарга Ц.Туваанд хүлээлгэж өгсөн.  Гэвч удалгүй  “Ц.Туваан  Ерөнхийлөгч Х.Баттулгын  гар хөл болж намаа самарч байна.  Би дарга хэвээрээ” хэмээн гарч ирсэн.  Улмаар тамга тэмдгийн маргаан үүссэн. Сүүлдээ С.Эрдэнэ, Ц.Туваан нар хоёр талд хурал, цуглаан зохион байгуулж,  бие биенээ намаасаа хөөж үзүүлэв. Одоо хоёр талд намын дарга сонгон шалгаруулж үзүүлэх л дутуу байх шиг байна.

Сөрөг хүчний дотоод зодоон дээр Ерөнхийлөгч Х.Баттулга “далд” агуулгаар хүч нэмж байна гэх яриа улс төрийн хүрээнд  байсан.  Гэвч  энэ удаа тэрээр ил гарч ирж, мэдэгдэл зөвлөмж хүргүүлсэн нь  хуульд хэр нийцэж байгаа бол. Ерөнхийлөгч Х.Баттулгад АН-ын гишүүдэд зөвлөх эрх бий юу.  Уг нь Төрийн тэргүүн бол Монгол Улсын Төрийн тэргүүн л байх учиртай юм.

АН-ын хувьд Ц.Тувааны талаас өнгөрсөн баасан гаригт намын даргын сонгуулийг зарласан. Намын даргад, сайд асан Ц.Оюунгэрэл, Нийслэлийн АН-ын даргын үүрэг гүйцэтгэгч Б.Пүрэвдаваа, Б.Отгонбат, УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл,  хуульч О.Алтангэрэл, Б.Амарсайхан, С.Билэгсайхан, МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшин, АЗХ-ны ерөнхийлөгч С.Эрдэнэболд, Ш.Жандос, УИХ-ын гишүүн Ж.Батсуурь, П.Галиндэв, Б.Тулгат, М.Чимэддорж, П.Мөнхтулга, УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, Н.Лхагвадорж, Т.Энхсайхан нар нэр дэвшжээ. Үүнээс  Н.Алтанхуяг, П.Галиндэв нарыг нэр дэвшүүлэхээс татгалзсан гэх мэдээлэл байгаа юм.

Түүнчлэн  намын даргын сунгаанд оролцох Дотоод сонгуулийн хороог С.Эрдэнэ тэргүүтэй АН-ын гишүүд хууль бус гэж үзэж байгаагаа илэрхийлээд буй. Тэгэхээр энэ удаагийн АН-ын даргын сунгаа ч амжилттай болно гэдэгт эргэлзээтэй байна.

 

 

Т.Батсайхан

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин