Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх дунд хугацааны 10 их наядын цогц төлөвлөгөөний дэлгэрэнгүй танилцуулгыг Сангийн сайд болон Монголбанкны төлөөллөөс хамтарч хийсэн юм. 

Ажлын байрыг дэмжих хүрээндэх хоёр их наяд төгрөгийн зээлийн үйлчилгээ маргаашаас эхлэхэд бэлэн болжээ. 

Өөрөөр хэлбэл, ажлын байрыг бүрдүүлэгч жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, байгууллагуудын бизнесийн үйл ажиллагааг сэргээх, ажлын байрыг хадгалах, дэмжих, зорилготой 2 их наяд төгрөгийн санхүүжилт бүхий 3%-ийн хүүтэй “Ажлын байрыг дэмжих” зээл маргаашаас албан ёсоор хэрэгжиж эхэлнэ. 

Энэ талаар Сангийн сайд Б.Жавхлан: Хоёрдугаар сарын 10-нд Засгийн газраас эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогт төлөвлөгөөг танилцуулсан.

Энэ хүрээнд маргаашаас хэрэгжиж эхлэх иргэд, аж ахуйн нэгжийн ажлын байрыг дэмжих, гурван жилийн хугацаатай, гурван хувийн хүүтэй, шаардлагатай бол төрөөс 60 хувь хүртэл батлан даалт гаргах боломжтой зээлийг танилцуулж байна.

Уг зээлийн үйлчилгээг нэвтрүүлэхээр багагүй цаг зарцуулсан. Арилжааны банкуудын сул эх үүсвэрүүдийг дайчлах замаар эдийн засгаа идэвхжүүлэх боломжуудыг судалж, хүүгийн хөнгөлөлтийг Зээлийн батлан даалтын сангаар дамжуулан зээлдэгчдэд олгох замаар нийт хоёр их наядын ажлын байрыг дэмжих зорилготой зээл гаргах асуудлыг эцэслэж, банкуудтай үзэглэлээ. Үүнд төв банк нэлээд үүрэгтэй, хяналт тавьж байгаа оролцож байгаа.

Зээлдэгчдэд төрөөс тавьж байгаа нэг л шаардлага бий. Энэ нь НӨАТ төлөгч байгаач гэж байгаа юм. Хэрэв бүртгүүлж амжаагүй бол өнөөдөртөө бүртгүүлэх хэрэгтэй.

Энэхүү төлөвлөгөөг танилцуулснаас хойш банкууд дээр багагүй хүсэлт хуримтлагдсан байсан. Нэгэнт ирсэн хүсэлтүүд дээр дахин боловсруулалт хийгээд зээлийг олгож эхэлнэ.

Нэг зүйлийг анхааруулж хэлэхэд, энэ зээлийн үйлчилгээнд иргэд хамрагдана. Бичил, өрхийн бизнес эрхэлдэг иргэд хамрагдана. Өмнө нь төрөөс хэрэгжүүлсэн эдийн засгийг эрчимжүүлэх зорилготой зээлүүдээс иргэд хоцроод байдаг байсан бол энэ удаад иргэдийг түлхүү хамруулна. Ялангуяа КОВИД 19-ийн халдварын үед хөл хоригдсон, захууд дээр ажилладаг иргэдээ хамруулъя гэж шийдсэн.