Том гүрнүүд арав хориод оны зааг үеэр Европын байлдааны талбарт гол анхаарлаа чиглүүлж байсан үед Ази тивийн хувьд Япон улсын бодлого бүхнээс хүчтэй байв.

Ялангуяа Алс Дорнод, Сибирь чиглэсэн, угтаа Зөвлөлт Орос улсын эсрэг бодлогодоо япончууд эх орноосоо хөөгдсөн, хувьсгалын эсэргүү хүчний гол нудрага болсон цагаантанд томоохон найдвар тавьж, атаман Семеновтой нягт холбоотой байв. Энэ стратегийн бодлогод Монгол орон том байр эзэлж байв.  Нийт Монгол овогтнуудыг Японы далбаан дээр нэгтгэх зорилго бүхий Монголын Нэгдсэн Их Нармай улс байгуулах бодлого идэвхтэй хэрэгжүүлсэн нь олон шалтгаанаар бүтэлтэй болоогүй юм. Оросын Чита хотод 1919 оны 2-р сарын 25 –наас 3 сарын 6-нд хуралдсан хурлаас Түр Засгийн газар байгуулсанд нэгдүгээр  зөвлөгчөөр нь атаман Сементов сонгогджээ. Бээжинд байсан Оросын элчин Кудашев Колчакийн Засгийн газарт 1919 оны 3 сард явуулсан бичигтээ: “Семенов Японы гар хөл болж байна. Гэхдээ Япон улс албан ёсоор энэ хэргийн гадна байгаа царай үзүүлж байгаа боловч Японы цэргийн эрхтнүүд манай улстай зах нийлсэн хязгаар нутгуудад будлиан самуун тарьж, улмаар манай газар нутагт Японы нөлөө, түүний цэргийг удаан хугацаагаар үлдээн байлгах гэж байна” (ЦГАОР,СССР. ф.200, он.7,д.87) гэжээ.

 

Япончууд “Азийхан Азидаа” гэдэг номлол гаргасныг гардан дэлгэрүүлсэн хүн бол Балтийн хавийн немц гаралтай Барон Унгерн Фон Штернберг байв. Зөвлөлт Оросын  заналт дайсан атаман Семеновын бараг л баруун гар болох Унгерн “Азийн морин дивиз” байгуулсан нь олон улсын харгис хүчинтэй нягт уялдсан бодлого байв.

 

Японы цэргийн Ерөнхий штаб стратегийн төлөвлөгөөгөө бүрхэгдүүлэхийн тулд Улаан армид бут цохигдсон цагаантны үлдэгдлийг ашиглан “хүний гараар могой бариулах” бодлого баримталж байсныг ойлгоход их ухаан хэрэггүй юм. 1920 оны 8 сард Чита хотод Семеновын штабт болсон зөвлөлгөөнөөр Барон Унгернийг Монголд түргэн оруулахаар тогтжээ. Унгерний дивиз нь Японы цэргийн хяналтад байсан бүсэд эмхлэгдэн Монголд нэвтрэн орсон ажээ. (А.П.Киселев. Унгернийг бут цохисон нь. – УБ., 1972,т.15,16 ) 

Барон Унгерн Монголыг гамингаас “чөлөөлөх”, автономийг сэргээх, Богдыг хаан ширээнд нь залах “ариун” зорилготой, тэд Японтой холбоогүй гэдгийг нотлохын тулд Семенов: “Бароны бие сүүлийн үед Ерөнхий штабын бодлоготой тохирохоо больсон бөгөөд өөрийнхөө дивизийг “партизаны дивиз” гэж зарлаад үл мэдэгдэх чиглэлд гарч явсан байна” гэсэн цуурхал дэлгэрүүлжээ. 

“Азийн морин дивиз” 800 цэрэгтэйгээр 1920 оны 10 сарын эхээр Монголын хилд цөмрөн оржээ. Гаминг үзэн ядах үзэлтэй Монголын зарим феодлууд Бароны ятгалганд орж, монгол цэрэг олноор элсүүлэхэд нь түүнд туслажээ.  Барон Унгерн Монголд итгэл олж авахын тулд Богд хаанд захидал илгээж “Оросын хааны удам угсааны Унгерн миний бие Орос, Монголын нөхөрсөг уламжлалыг дагаж, Хятадын дарлалаас Монголыг чөлөөлөх, хуучин засаг төрийг босгон байгуулахад нь Богд хаан танд туслах зорилготой билээ. Ийм учраас Хүрээнд миний цэргийг оруулах зөвшөөрөл гуйя” (Б.Ширэндэв. МАХ-ын түүх. – УБ, 1969. т. 182) гэж тун зөөлөн аятайхнаар хандсан ажээ. Хариу ирээгүй байхад цагаантнууд Нийслэл хүрээг хэд хэд довтолж, ялагдан ухарч, дахин довтолсоор монголчуудаар цэргийн хүчээ зузаатган 1921оны  2 сарын 3, 4 –ний үед Нийслэлд орж иржээ. 2 сарын 4-нд гамингийн 200 хүнтэй цэрэг хүрээг орхин хойт зүг хөдөлжээ. 

Унгерн Монголд орж ирэхэд 800 цэрэгтэй байсан. Өөрийнх нь байцаалтын үед хэлснээр Хүрээг эзлэх үед 5000 цэрэгтэй байжээ. (Эрхүү мужийн цэргийн архив. 1921 оны 9 сарын 1-ний өдөр Унгернийг байцаасан баримт). Зарим баримтанд Цагаантнууд 10 мянган цэрэгтэй байсан гэдэг ч энэ нь дайснаа сүрдүүлэх, нэр хүндээ өндөржүүлэх бодолтой нь холбоотой байв. Энд тэндээс цагаантны  цөөн хэсгүүд ирж нийлснийг тооцох  ёстой ч цэргийн өсөлтийн гол нь монгол цэрэг байв. 

Нийсдэл хүрээг эзлэх үед Монгол цэргийн гүйцэтгэсэн үүргийг унгернийхэн тодорхой гаргаж хэлэхгүй байсан юм. Япон цэргийн 40 хүнтэй морьт суман байсныг хэн ч дурсдаггүй байв. Цагаантны анхны ялагдлын дараа япон цэргийн дарга Сузуки оргож олдохгүй байсан мэдээ үлджээ.. Анхны ялагдлын дараа цагаантнууд хүчээ зузаатгахад их анхаарсан юм. Үүнд татарын гэх 2 хороо 650 цэрэгтэй, их бууны 60 хүн, пулемёт сумангийн 80 хүн, 180 хүнтэй монгол дивиз, Найдан вангийн 180 хүнтэй дивиз, Лувсанцэвээн тэргүүний тусгай анги цагаантны том хүч олж байжээ.(Торновский.М.Г. События в Монголии-Халхе в 1920-1921 годах. Шанхай, 1942, т.204.) Нийслэл Хүрээнээс гаминг гаргахад монгол цэрэг чухал үүрэг гүйцэтгэжээ. Энэ хэрэгт 1000 гаруй монголчууд оролцсон гэдэг судалгаа байдаг.(Монголын хураангуй түүх. Сурах бичиг.-УБ., 2016, т.127) Гамин цэрэг санаа сэтгэлийн хувьд унасан, юуны төлөө байлдах ёстойгоо ойлгохгүй байсан, цэргийн зохион байгуулалт муу байсан нь ялагдлын шалтгаан болжээ. 

Олон мянган хүн оролцсон байж болох Хүрээг эзлэх энэ тулалдаанд талууд хэрхэн хохирсон тухай тоон мэдээ бараг байдаггүй. Нийслэлийг эзлэх үед Гамингийн 1000 цэргийг олзолсон гэх мэдээ байдаг ч (Мөн тэнд) тэднийг хэрхсэн тухай мэдээ үлдээгүй учраас бас л Унгерны хууран мэхлэлт байж болох юм. Унгернийхэн дайснаа бүрэн устгах зорилт тавиагүй бололтой, харин бага хохирол амсах, Нийслэл Хүрээг эзэлж Монголын баялагаас хүртэх,  Богдын ивээлд орж цэрэг хүчээ нэмж, гол нь хойт зүгт дайтахыг эрхэмлэж байжээ. Тэд Баянзүрх уул, Дамбадаржаа зүгээс сүрдүүлэх дайралт хийж, бас олон хоногоор ухран хүлээх тактик хэрэглэж байснаас үзэхэд баруун хойт, хойт талыг задгай үлдээж, гамин цэрэг хойт зүгт явж улаан цэрэг, ардын журамт цэрэгтэй учраа олог гэсэн байдалтай тактик хэрэглэсэн байдаг юм. 

Олон жилээр Монголыг түйвээсэн гамин цэргийг ялсан энэ ялалт Монголчуудын итгэлийн галыг нэмсэн гэдэг нь ойлгомжтой билээ. Барон Унгерн Монголчуудын итгэлийг улам хүртэхийн тулд Монгол дээл өмсөх болж, бүр шарын шашин шүтдэг болсноо зарлав. Тэрээр 1910 оны үед Хаант Оросын цэргийн алба Монголд хааж байсан болохоор яавал Монголчуудад таалагдахыг сайн мэддэг, одоогийн бидний ярьдагаар сайн попорч чаддаг хүн байлаа. 

 

Нийслэл Хүрээнээс зугтсан гамин цэргийн ихэнх нь Хиагтын районд очсон бөгөөд 1921 оны 3 сарын 18- нд Ардын журамт цэрэг гаминг бүрэн бут цохиж Хиагтыг чөлөөлсөн билээ. Манжийн 200 гаруй жилийн ноёрхлыг залгамжлах санаархал бүхий хятадын гамин цэргийн үндсэн хүчийг цагаантнууд 1921 оны 2 сарын 4- нд биш, харин Ардын журамт цэрэг 3 сарын 18,19-нд ялан дийлж, гадаадын цэргийн хоёр бүлэглэлийн нэгийг нь бүрэн устгасан юм. 

 

Хиагтад гамингийн 7000 мянган цэрэг байсан гэдэг нь тэр хавийн хятад иргэдийг оролцуулсан бололтой тоо бөгөөд нарийвчилбал бүрэн зэвсэглэсэн жагсаалын гамин цэргийн тоо 3900 байсан ажээ. ( Монгол Улсын түүх.V боть.    УБ.,2004,т.122)

Нийслэл Хүрээг бүрэн эзэлж амжаагүй байхад “Их чөлөөлөгчийн” чанар танигдаж эхэлсэн юм. Тэд юуны өмнө янз бүрийн худалдааны пүүсүүдийг дээрэмдэж 9 сая долларын нөөцтэй Хятадын цэргийн мөнгөн санг олзолжээ. (Л.Форбат. Өргөө дахь цуст хядлага. –УБ., 1992, т.89). Энэ мөнгө Богдын санд ч ороогүй, Унгерний бараг л хувийн олз мэт алга болжээ. 

Цагаантнуудын Богдыг ашиглах тактикаас хоцрохгүйг Хятадын төлөөлөгч  Чен-И төвөггүй сэтгэж гэрийн хорионд байсан Богдыг чөлөөтэй болгох шийдвэр гаргажээ. Энэ үед цагаантан Богдыг хамгаалагчийн дүр эсгэхийн тулд цэрэг илгээн Богдын ногоон ордны Хайстай лаврингийн Эрдэнэ итгэмжит сүмд байсан Богд гэгээн, Эх дагина нарыг “чөлөөлөн” авч, Их Тэнгэрийн ам өгсүүлэн Мандшир хийдэд аваачжээ.  Энэ нь бараг л чөлөөтэй байсан Богд гэгээнийг Монголын олон нийтээс холдуулан таслаж, өөрийн гарт лавхан атгах бодлого мөн байв. 1921 оны 2 сарын 15-нд Богд гэгээнийг Хүрээнд залж ирүүлэн, 2 сарын 21- нд Богдыг хаан ширээнд суулгаж, Автономит Монголыг сэргээж байна гэх ёслолыг хийжээ. Богд хаан Барон Унгернд Хошой чин ван цол шагнаж томоохон ёслол болсон байна. 

Монголын бүх  нутаг дэвсгэрт Унгерний тушаал зааврыг үг дуугүй биелүүлэх нь чухал болох тухай Богд гэгээний зарлиг гарч: “Хааны зэрэг дархан Хошой чин ван, Улсыг мандуулагч их баатар, жанжин генерал Унгерн бол Хятадын цэргийг бут ниргэн сөнөөхөд агуу их гавъяа байгуулсан бөгөөд манай улсыг тэнхрүүлэн босгоход үнэхээр онцгой идэвх хүч гаргасан хүн болно”. Монголын хил хязгаарын олон газарт байгаа Хятадын цэргийг бут ниргүүлэхийн тулд орон нутгийн түшмэл, ард хэн боловч бүгдээр түүнийг хүндэтгэж, цэрэг татах, мал авах зэрэгт нь яаралтай тусалж, тушаал шийдвэрийг нь үг дуугүй биелүүлж байх хэрэгтэй хэмээн зарлигдаад зарлигийг үл биелүүлэгч гэм буруутныг хатуу шийтгэнэ гэж заажээ. (ҮТА. Улс төрийн анги, 40-р бүлэг, 50-р бүс). Яаж гамингаас салах вэ гэж бодож байсан Монголчуудын анхаарлыг татах Унгерны бодлого тэрхэн үед зорьсондоо хүрчээ. 

Богд гэгээн тэргүүтэй Монголын дээдэс Барон Унгернтэй нягт холбогдсон 1921 оны эхээр эх нутгаасаа хөөгдөн шахагдсан цагаатны том жижиг салбар нэгтгэлүүд Монгол руу цутган ирсэн юм. 1921 оны 3,4-р сарын үед бидний ойролцоо тооцоогоор 20 мянга орчим цагаантан манай нутагт орж ирээд байв. 4 сарын албан мэдээгээр Унгерн 10555 цэрэгтэй, 37 пулемет, 20 их буутай байв. (Байлдагч сэтгүүл, 1938, т.96). Бакичийн 3600 цэрэг Ховдын районд байв. Кайгородов, Казанцевын 700 цэрэг Баруун Монголд, Резухин, Казагранд, Сухаревын 4000 цэрэг, Вандановын 150 цэрэг, Шубины 120, Хоботовын 200 цэрэг, Баяр гүний үлдэгдэл 600 цэрэг, Найданжавын 300 цэрэг, Жамбалоны 300 цэрэг, Климов, Менге нарын 500 цэрэг, Сухольнискийн 600 цэрэг, Васильевийн 400 цэрэг Монголд үүрлээд байв. (Эх орноо харийн дайснаас бүрэн чөлөөлсөн нь. Баримтын эмхэтгэл. (1920-1924) –УБ, 1980, т.8,9,23,25). Цагаантны цэргийн анги хэсгүүд төвлөрсөн удирдлагагүй, зохион байгуулалт муу, Монголын нутаг дэвсгэр дээр дур зоргоороо авирлан, дээрэм тонуул, аллага хядлага төв, орон нутагт хэмжээ хязгаараа алдсан ажээ.

Цагаантан Нийслэл Хүрээг эзэгнэсэн тэр үед Хүрээнд 400 гаруй хүн алагдсан байна. ( МАА. 50 жил. – УБ:, 1971 , т. 24)

Гамингийн үлдэгдлийн үйлдсэн харгислал дээрэм тонуул бүр гаарав. Бүрэн бус мэдээгээр 1920 онд гамин цэргийн хэрэгцээнд 21000 малыг шууд л дээрэмдэж авчээ. ( МҮА. Автономитын сан, гар бичмэл, 2,5 –р бүлэг, 8-р бүс).

 

Төв орон нутагт цагаантны үйлдсэн дээрэм тонуул гамингийнхаас дутахааргүй болжээ. Цагаантан Сөгнөгөрийн орчим байсан тосгоны бүх 150 орос, монгол эрчүүдийг хядсан хэрэг явдлын дуулиан дэгдэж байв. ( А.В.Кислов. Унгернийг бут цохьсон нь . – УБ ., 1972, т. 19.)

 

1921 оны хавар Улиастайд суух сайдаар Ёст бэйс Чүлтэм томилогдож, тэрээр гэрээ хэлэлцээрээр Хятадын эрх баригчдыг хөөн гаргажээ. Удалгүй тэнд цагаантан ирж адуу мал, цэргийн хэрэгсэл татах тушаал өгснийг Чүлтэм бэйс хориглон зогсоосны төлөө Унгерн түүнийг устгах нууц тушаал өгч, дээрэмчин Ванданов гүйцэтгэж, Унгернээс “Гүн” цол шагнуулж байсан нь ил болж,  ( Б.Ширэндэв. МАХ-ын түүх. –УБ.,1999, т.162 )  Монголчууд дээр доргүй дургүйцэн хэлэлцэж байв. Улс төрийн ийм аллагыг ч цагаантнууд хийхээс буцахгүй болжээ.

“Сухаревын удирдсан цагаантны  цэрэг урьдчилан очиж харьяат хошууны нутаг Хужир, Гурамсан , Хулдаа зэрэг газар суугаа айлуудыг дайлан... тус хошууны цэрэг Мэндээ, Чулуу, Нүүдээ, Сампил, Луузан, Дэлэг, гэлэн Лувсандагва, Ахай гүнгийн хошууны цэрэг 1, буриад цэрэг Дорж, мөн цэрэг Дэлэгийн жирэмсэн эхнэр Дэндийний хамт 10 хүнийг амьд барьж, сэлэм хутгаар хэрчиж, зүй бусаар туйлын зовоож алсан ба бусад нь гэр хөрөнгийг цөмийг орхиж явган нүцгэн зугатаасан. ... Эд өлөг, хөрөнгө мал цөм булаагдсан, энэ хэдэн сарын завсар дүрвэх, өлсөх, ундаасах, гачигдах зовлонг хошуу нийт, хөгшин нялхад хүртэл амсуулсан... чухал албаны бичиг хүргэхээр Хиагтаас зарагдсан Навааныг барьж амьдаар махыг шулан өвчиж алсан зүйл ч буй”. (Эх орноо харийн дайснаас бүрэн чөлөөлсөн нь. Баримтын эмхтгэл. –УБ., 1980, т.65.)

“Баруун Унгерн цэргийн хамт Засагт хан аймгийн Ахай бэйсийн хошуунд орж ирсэн ба Баатар вангийн нутагт  Казанцевийн цэргүүд бусниулан сүйтгээд, Ховдын харьяат газруудад Кайгородовын цэргүүд тус тус сэлгүүцэн явж, олон амьтныг алах талах зэргээр дайчлан сүйтгэж бүхий зэргийн аймшигтай түгшүүртэй болсон” ( Мөн тэнд,т.47) зэрэг олон мянган гэрчийн мэдүүлгүүд архивт хадгалагдаж байна.  

Казанцевын отряд Засагт хааны Эрдэнэ бэйсийн хошуунд 1921 зун 34 хүнийг алж, 28 хүнийг баривчлан, 1500 адуу, 210 тэмээ, 570 үхэр, 2000 хонь дээрэмджээ. Энэ бол нэг л хошуунд болсон хэрэг явдал юм.  Гүйцэд биш мэдээгээр гамин, Унгерний эзэрхийллийн үед 80000 адуу, 19000 тэмээ, 45000 үхэр, 175000 хонь дээрэмдсэн мэдээ үлджээ. (МҮА . Улс төрийн анги, 40 – р бүлэг, 41 –р бүс, Эдийн засгийн анги. 2, 5-р хэсэг, 10-р бүс).

1921 оны хавар Унгерний босгосон тоглоомын Засгийн газар Унгерний гаргаж  өг гэсэн 3 сая лангийн цэргийн зардлын эх булгийг эрж хайгаад ямар ч боломжгүй байдалд хүрч байв. 1918 оны Автономит Монголын Засгийн газрын бүтэн жилийн зардал 1,8 сая лан байсан гэж үзэхэд Унгерн цэргийн зардалд 3 сая лан нэхсэн нь Монголын ард түмний хувьд хүч хүрэх аргагүй дарамт мөн байв. (Б.Ширэндэв . Монгол Ардын Хувьсгалын түүх. – УБ., 1999 , т.172)

Барон Унгерн Монголыг эзэлж түшиц газраа болгоод хойт зүг дайтах улс төрийн зорилготой байснаас гадна эдийн засгийн сонирхол ихтэй хүн байжээ. Нийслэл хүрээг эзлээд дээрэмдсэн 9 сая долларын хөрөнгийн сураг ч одоо хүртэл байдаггүй. Бароны алт мөнгөний нууц нөөц нь Хайлаар зүглэсэн сураг л байдаг. Үүнээс гадна 1921 оны 8 сарын 22-ны эрх баригчдын шийдвэрт Бароны үлдээсэн эд хөрөнгийг нь хураах тухай заасан бөгөөд Дайчин вангийн хүрээний газар хураасан бараа баялгийг зөөхөд 600 үхэр тэрэгний ачаа байсан ажээ. ( Эх орноо харийн дайснаас бүрэн чөлөөлсөн нь . – УБ., 1980, т . 40)

Энэ үед Монголын ард түмний шилдэг эх орончид Монгол Ардын Нам хэмээх улс төрийн байгууллагыг 1921 оны 3 сарын 1-3-ны өдрүүдэд байгуулж, энэ намынхаа удирдлагаар Зөвлөлтийн ажилчин тариачны Улаан армийн тусламж авч Ардын Түр Засгийн Газраа байгуулж, Хиагт хотыг 3 сарын 18-нд гамингаас бүрэн чөлөөлж, гадаадын зэвсэгт дээрэмчин- Цагаантны эсрэг тэмцэх замд шуударч, жинхэнэ тусгаар тогтнол, эрх чөлөөнийхөө төлөө тэмцэлд эрслэн босоод байв.

Монгол орны өмнө нэн хариуцлагатай түүхэн үе тулгараад байсан энэ үед Унгерний байгуулсан Засгийн газрын Дотоод яамнаас 1921 оны 3 сарын 28-нд тараасан зар бичигт: “ Ардын Түр Засгийн газар ба Ардын намыг гамин цэргийн нэгэн адил Монголын дайсан гэж үзэх, Ардын намын тунхаг бичгүүд ба ялангуяа Ардын засаг байгуулах тухай дурдсан гол зүйлүүд нь хууль ёсны засаг төрд тэрслэн дайсагнасан санаа” гэжээ.( МАХН-ын Түүхийн зарим чухал баримт бичгүүд. (1920-1924). – УБ ., 1946). Дотоод яамны энэхүү зар бичгээс үзэхэд манай эрх баригчид улс орноо иргэний дайн руу түлхэн оруулж буй хэрэг байв. Энэ мэтийн уриа тунхгуудад Д.Сүхбаатар: “ Автономыг хуучин ёсоор сэргээн босгох хэлэлцээ бидэнд байгаагүй, харин ард түмэнд эрх чөлөө олгох зорилт байсан билээ.” гэж тов тодорхой хариулт өгч байжээ. (Х.Чойбалсан нар. Монгол Ардын Үндэсний Хувьсгалын анх үүсч байгуулагдсан товч түүх. 1934, т. 181)

Энэ үед Унгерний цагаантан бүх хүчээ хойт зүг чиглүүлжээ. Яг энэ мөчид атаман Семёнов зүүн талаас давшилт хийж, Сибирийн төмөр замын чухал боомтуудыг эзлэхээр хөдөлжээ. Унгернд зориулсан 200 тэрэг зэвсэг Хайлаараас Монголд 1920 оны 4 сард ирсэн нь гол төлөв Японы зэвсэг байжээ. (Известие, 1921 . 05. 15)

 

Энэ үед Унгерний цэрэгт 135 япон цэрэг алба хааж байв.( Эх орноо харийн дайснаас бүрэн чөлөөлсөн нь. – УБ ., 1980 , т. 25). Унгерний цэрэгт албан ёсны япон сургагч 70 ажиллаж байснаас(Байлдагч сэтгүүл . 1938 , т. 56. ) үзэхэд  Барон Унгерн Монголд ирсэн нь олон улсын харгис хүчний маш нарийн боловсруулсан төлөвлөгөөт үйл ажиллагаа мөн байсныг нотлон харуулсан юм. Цагаантны их хүчийг Ардын журамт цэрэг , Улаан арми хамтран бутцохисон нь гаминг бутцохисноос илүү хохирол амссан ширүүн тулалдааны үр дүн байв. Монголын ард түмний олон зуун шилдэг хүвгүүд өвч зэвсэглэсэн харийн дайсны эсрэг тэмцэлд алтан амиа зориулсан юм. Энэ ялалтын үр дүнд Нийслэл хүрээг чөлөөлөх, Ардын хувьсгал ялах нөхцөл бүрэлдэж өгсөн юмаа. 

 

Барон Унгерний удирдсан цагаантны их цэргийг бүрмөсөн бут цохиж устгах  ширүүн тэмцэл 1921- 1922 оны туршид үргэлжилсэн юм. Резухин, Хоботовын гарт алагдаж, Сухарев Казаграндыг буудан хороож, Барон Унгернийг түүний далд санааг таних болсон Монгол цэргүүд баривчлан Улаан Армид хүлээлгэн өгч Новосибирскийн цэргийн тусгай шүүх хүн төрөлхтний эсрэг гэмт хэргийн нь төлөө буудан хороожээ.

 

Барон Унгерн: “Монголыг эзлээд түүгээр баазаа хийж авсны дараа Зөвлөлт Орос ба АДБНУ-д довтолсон” гэдгээ нууж хаалгүй ил тодоор хүлээн зөвшөөрч мэдэгджээ. (“Советския Сибирь”. 1921. 09.20). Монголчуудын зарим хэсэг нь ойлгодоггүй, зарим нь мэддэг ч бүр ондоогоор тайлбарладаг оньсгын хариуг Барон Унгерн өөрөө ийнхүү өчсөн байдаг юм. 

Хэрхэн автономийг сэргээхэв, яаж гамингаас салахав гэж өдрийн бодол, шөнийн зүүд болж байсан хүмүүс аргагүйдэн, бас цагаантны сурталчилгаа, амлалтанд итгэж, холбоо тогтоож, туслан дэмжиж байсан тэр үеийн монголчуудыг ойлгож болох юм. Харин түүхийн тодорхой үед хэн нь хэн вэ гэдгээ нэгэнтээ харуулчихсан, хориод оны үйл явдалд оролцогчид, түүхчид Унгерны зальт бодлогыг бичээд үлдээчихсэн, цагаантны үлдээсэн хар мөрийн баримтууд Монголын архиваар дүүрэн байхад цагаан цэргийн энэ даргыг зарим хүн учиргүй товойлгон магтаж байгаа нь харин ойлгомжгүй юм. 

Улс орныхоо бүрэн тусгаар тогтнол, ард түмнийхээ жинхэнэ эрх чөлөөний төлөө, харийн эзлэн дарангуйлагчид: гамин, цагаантны  эсрэг тэмцэж, ялан дийлж явсан партизанууд, хувьсгалчид хойч үедээ эрх чөлөөний нар мандуулсан гэж бодож, тайван нойрсож байхад үр ач нарынх нь зарим нэг заналт дайсан цагаантныг магтан дуулж байна гэж даанч төсөөлөөгүй бизээ. Бидний сайн сайхны төлөө амиа зориулан тэмцэж явсан ачтай буурлуудаа хүндэтгэн дээдэлж явах нь хойч үе бидний хувьд шудрага ёс , хүнлэг чанарын ариун үүрэг байх ёстой билээ.

 

 МУИС-ийн профессор, доктор (Ph, Sc) Ц.Жамбалсүрэн