Монгол Улсад коронавируст халдварын улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй хүний тоо анх удаа 1,000-ын босгыг давлаа. Үүнтэй холбоотойгоор эмнэлгийн орны хүрэлцээ тулгамдсан асуудлыг нэг болж байгааг ЭМЯ-ны Хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр мэдээллээ.

"Хөнгөн өвчтөнүүдийг цаашид гэрээр эмчлэх асуудалд зохицуулалт хийхээр албанынхан хэлэлцэж байна"

Тэрбээр “Сүүлийн дөрөв хоногийн хугацаанд 100-аас дээш тохиолдол бүртгэгдэж байна.

Халдвар авсан хүний тоо нэмэгдэхийн хэрээр эмнэлгийн орны ачааллын асуудал эрүүл мэндийн салбарт тулгамдаж байна.

Коронавирусийн халдвар авсан нийт иргэдийн 84 хувь нь хөнгөн хэлбэрээр өвчилж байгаа. Иймд хөнгөн өвчтөнүүдийг цаашид гэрээр эмчлэх эсэх асуудалд зохицуулалт хийхээр албанынхан ярьж байна” хэмээн ярилаа.

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд нийт 1,014 хүн коронавируст халдварын улмаас эмчлүүлж буй. Цар тахал гарснаас хойш эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй хүний анх Монголд анх удаа 1,000-ын босгыг даваад байгаа нь энэ юм.

Эмчилгээнд байгаа хүмүүсээс биеийн байдал хөнгөн 917, хүндэвтэр 89, хүнд 5, маш хүнд 3 хүн байна.

"Батлагдсан тохиолдлуудын 44.3 хувьд шинж тэмдэг илрээгүй"

Мөн өчигдрийн хэвлэлийн хурлын үеэр “Улаанбаатар хотод бүртгэгдсэн тохиолдол 2,906 байхад тархвар судлалын нарийн асуумжаар судалгаа хийхэд 1,287 хүнд буюу 44.3 хувьд нь огт шинж тэмдэг илрээгүй байсан” гэдгийг ХӨСҮТ-ийн дэд захирал Э.Тэмүүлэн мэдээлж байв.

"7 дахь хоногтоо нийт батлагдсан тохиолдлуудын 90%-д эсрэг биет үүссэн байдаг"

Түүнчлэн тэрбээр “ХӨСҮТ 35 эрчимт эмчилгээний ортой бөгөөд эрчимт эмчилгээний бүх ор амьсгалын аппарат болон шаардлагатай бусад тоног төхөөрөмжөөр хангагдсан. Өвчтөн хүндэрсэн тохиолдол ашиглах тоног төхөөрөмж хангалттай бий.

Эмнэлэгт хэвтээд 7 дахь хоногтоо нийт батлагдсан тохиолдлуудын 90 хувьд эсрэг биет үүссэн байдаг” хэмээн сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.