2021 оны гуравдугаар сарын 16-нд Сүхбаатарын дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Корпорейт зочид буудалд тусгаарлагдаж байсан иргэн амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ.

Энэ талаар ЦЕГ-н хэвлэл мэдээллийн төвийн дарга Баатархүү товч мэдээлэл өгсөн юм.  Тус зочид буудалд тусгаарлагдаж байсан 39 настай эмэгтэй Т өндрөөс унаж амиа алдсан бөгөөд уг хэргийг одоогоор шалгaж байгаа аж. 

Тэрбээр "Өчигдөр 23.00 цагийн үед цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд өндрөөс унасан хүн гэх дуудлага, мэдээлэл ирсэн. Корпорейт зочид буудалд чартер нислэгээр ирсэн хүмүүсийг тусгаарлаж байгаа. Амь хохирогч 39 настай Т гэгч хүн байсан. Энэ сарын 12-ны өдөр Сөүл-Улаанбаатарын чиглэлийн онгоцоор ирж тусгаарлагдсан байгаа. Уг хэргийг одоо Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байна" гэв.  Тухайн иргэн нь цонхоор буух гэж байгаад унасан байх магадлалтай гэсэн зарим эх сурвалжууд мэдээлж байгаа бөгөөд цагдаагийн байгууллагаас хэргийн шалгалт дууссан дараа тодорхой дүгнэлтийг мэдээлнэ гэсэн юм.