С.Заяа

Сонгинохайрхан дүүрэгт болох нөхөн сонгуулийг хойшлуулах шаардлагагүй

Төсвийн мөнгө уйлдаггүй учраас татвар төлөгчдийн хөрөнгийг яаж ч захиран зарцуулж болно гэх сэтгэхүй нийгэмд газар авсан учраас дээд шатандаа дураараа дургиж дунд чөмгөөрөө жиргэцгээж байна. Өнөөдөр болж байсан ажил маргааш болохгүй, хууль зөрчинө, будилаан гарна гэж тайлбарлаад төсвийн мөнгийг үрэн таран хийх ямар нэг төлөвлөгөө эрх мэдэлтнүүд зурчихдаг болов. Үүний нэг тод жишээ УИХ-ын сонгуулийн 28 дугаар тойрог буюу Сонгинохайрхан дүүрэгт ирэх зургадугаар сард болох сонгуулийг хойшлуулсан явдал байв. Уг сонгуулийг Ерөнхийлөгчийн сонгуультай хамтатган хийвэл 900 гаруй сая төгрөг хэмнэх байлаа.

Гэвч эрх баригчид тус тойрогт хэнийг нэр дэвшүүлэх талаар улс төрийн тохироогоо хийж чадаагүй учраас хойшлуулж, ард иргэдийг цагаан цаастай зүйрлүүлж, загасны ой санамжтай адилтган үзэж байгаа нь намчирхал, талцал ямар түвшинд хүрснийг бэлхнээ харуулж байна. Нөхөн сонгуулийг Ерөнхийлөгчийнхтэй хамтад нь хийж болохгүй шалтгаанаа Сонгуулийн ерөнхий хорооноос “Сонгуулийг нэг өдөр зохион байгуулвал техник технологийн хувьд хүндрэлтэйгээс гадна хоёр өөр хуулиар зохион байгуулаад, дараа нь маргаан дагуулна. 

Тиймээс УИХ-ын сонгуулийн 28 дугаар тойрогт явагдах УИХ-ын гишүүний нөхөн сонгуулийн санал авах өдрийг 2021 оны аравдугаар сарын 10-ны өдөр байхаар тогтоосугай. Энэ тогтоолыг батлагдсан өдрөөс эхлэн дагаж мөрдөсүгэй” гэсэн саналыг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороонд ирүүлсэн байна. Байнгын хорооны гишүүд ч энэ саналыг дуу нэгтэйгээр хүлээж аваад буй. СЕХ дээрх хоёр сонгуулийг тусад нь зохион байгуулбал нөхөн сонгуульд нэг тэрбум гаруй төгрөг шаардлагатай. 

Харин хамтад нь зохион байгуулбал нөхөн сонгуульд 100 орчим сая төгрөгт багтаах зардлын тооцоог хийгээд байсан юм. Ийм тооцоо хийсэн хэр нь үүнээсээ хэдхэн сарын дотор эргэж буцаж байгаа нь сонгууль эрхэлсэн төрийн байгууллагад улстөрчид нөлөөлж байгаа тод жишээ болж байна. 2016 оны УИХ, НИТХ-ын сонгуулийг хамтад нь явуулж байсан жишээ манайд бий. Өмнө нь зарим сонгуулийг хамтатган нэг өдөр явуулж, цаг зав, хөрөнгө мөнгө хэмнэж байсан ч тохиолдлууд байдаг. 

Ийн болж байсан ажлыг болохгүй мэтээр тайлбарлаж, татвар төлөгчдийн мөнгийг үрэн таран хийхээр улайрч байгаа нь өнөө л улстөржилт, талцал намчирхалтай холбоотой. МАН хоёр сонгууль дараалж үнэмлэхүй олонх болж, эрх барьж байна. Энэ үедээ нэг суудлаа алдахгүйн тулд УИХын 28 дугаар тойрогт ялалт байгуулах кандитат хэрэгтэй гэж үзэж буй. Ингээд тус тойрогт хэнийг нэр дэвшүүлэх вэ гэдэгт тохироо, “найраа” хийх гэхээр МАХН-тай ойлголцож чадахгүй яваа гэх эх сурвалжийн мэдээлэл байна. 

Энэ сонгуулийг ирэх зургаадугаар сард болох төрийн тэргүүний сонгуультай хамтатган хийчихвэл МАН парламентаас нэг суудлаа алдаж мэдэхээр улс төрийн нөхцөл байдал үүсээд байгаа аж. Тиймээс ирэх аравдугаар сар хүртэл хойшлуулж, бүх ажил цэгцэрсний дараа сонгуулийг явуулахаар тохирсон нь СЕХ-г ийн санал Байнгын хороонд хүргүүлэхэд хүргэсэн байна. Бүхэл бүтэн улсын сонгууль эрхэлсэн байгууллага нь тухайн үеийн эрх баригч намын санал, захиалгаар зарим шийдвэр, тогтоолыг гаргадаг болчихлоо гэж харагдаж байна. 

Албан тушаалдаа үлдэх гэсэн, тухайн албанд томилогдоод хэн нэг даргын тушаалыг хар цагаан үггүй биелүүлдэг байдал улс төрөөс хараат энэ байгууллагад ноёрхож буй бол татвар төлөгчдийн мөнгө салхинд хийсэхээс өөр яах билээ. Дэлхий нийтийг хамарсан цар тахлын үед улс орнууд бүсээ чангалж, эдийн засгаа сэргээхийн төлөө чадлаараа зүтгэж байна. Харин манайх сонгуулиас сонгуулийн хооронд, хэмнэх ёстой төсвөө үрэлгэнээр цацаж суугаа нь ард түмэн гэх хамгийн том эрх ашиг адгийн байранд эрэмблэгдэж буйн тод жишээ биз ээ.

ҮНДЭСНИЙ ШУУДАН СОНИН