Өнөөдрийн байдлаар Монгол улсын хэмжээнд 2000 орчим резидент эмч суралцаж байна. Үүнээс ЭМХТөвийн 1229 резидент эмч цалингаа цагт нь авч байгаа бол АШУҮИС-ийн элсүүлэн суралцаж байгаа 707 резидент эмч 2021 оны 1-3-р сарын цалингаа авч чадахгүй байгаа юм. Энэ нь АШУҮИС-ийн зүгээс төгсөлтийн дараах сургалт эрхлэх тусгай зөвшөөрлөө сунгуулаагүйтэй холбоотой юм байна. Хэрвээ АШУҮИС-ийн зүгээс энэ тусгай зөвшөөрлөө сунгуулах юм бол тус сургуулийн 707 резидент эмч нарын гурван сарын цалинг олгох боломжтой байгаа аж. Бид энэ талаар Эрүүл мэндийн хөгжлийн төвийн захиргаа, санхүү, удирдлагын албаны ажилтан Б.Очироос тодрууллаа.

-  АШУҮИС-д суралцаж байгаа резидент эмч нарын цалинг өгөх асуудлаар Эрүүл мэндийн хөгжлийн төв болон АШУҮИС гэрээ байгуулан хамтран ажиллахаар болсон. Гэвч хамтран ажиллах гэрээ байгуулах уулзалт хэлэлцээр АШУҮИС-ийн зүгээс 24-ний өдөр хойшлуулсан ч өчигдөр /2021.03.25/болжээ. Уулзалтаас ямар үр дүн гарсан бэ?

- Эрүүл мэндийн сайдаас 2021.03.19-ны өдөр ирүүлсэн албан бичгийн дагуу АШУҮИС-д суралцаж байгаа 707 резидент эмчийн цалинг олгох асуудлыг шийдвэрлэх хоёр дахь удаагийн уулзалт өчигдөр 2021.03.25-нд боллоо. Гэрээг байгуулах эрх бүхий 2 талын  удирдах албан тушаалтнуудын хэмжээнд болсон энэ удаагийн уулзалт үр дүнгүй боллоо. Тодруулбал, ЭМХТөвөөс АШУҮИС-тай холбогдох хууль журмын хүрээнд 707 резидент эмч нарт цалин олгох асуудлаар гэрээ байгуулан ажиллах гэрээний төсөл дээр албан уулзалт хэлэлцээрийг хийж улмаар өнөөдрийн уулзалтаар уг гэрээний зүйл заалт тус бүрээр хоёр талын байр суурийг нэгтгэсэн боловч гэрээний нэг заалт дээр талууд өөр өөр байр суурьтай байгаа тул үр дүнгүй боллоо.

ЭМХТөвөөс 707 резидент эмчид цалин олгох эрх зүйн үндэслэлийг Эрүүл мэндийн тухайн хуулийн 25.4-д заасны дагуу гэрээнд АШУҮИС-ийн эрх үүрэгт тусгаж өгсөн. Үүнд АШУҮИСургууль маань эсрэг байр суурьтай байсан тул уулзалт хэлэлцээрээс тодорхой  шийдвэр гарсангүй.

/Эрүүл мэндийн тухай хуулийн 25.4-д Энэ хуулийн 25.3.1-д заасан резидент эмч нь төгсөлтийн дараахь сургалт эрхлэх зөвшөөрөл бүхий төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг болон нэгдсэн эмнэлэгт үндсэн мэргэшлийн сургалтад хамрагдах хугацаандаа хөдөлмөрийн гэрээ байгуулж ажиллана. гэдэг заалт бий./

- Эрүүл мэндийн хөгжлийн төвийн резидент эмч нар ямар хууль эрх зүйн хүрээнд, ямар шалгуур үзүүлэлтээр цалин авдаг вэ?

- Эрүүл мэндийн хөгжлийн төвийн 1229 Резидент эмч нар Эрүүл мэндийн тухай хуулийн 25.4 заалтыг үндэслэн төгсөлтийн дараахь сургалт эрхлэх зөвшөөрөл бүхий сургалт эрхлэгч байгууллагууд буюу төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг болон нэгдсэн эмнэлэгтэй хөдөлмөрийн гэрээ байгуулан уг гэрээний үндсэн дээр цалингаа сар бүр аваад явж байгаа. Цалингийн санхүүжилт нь сар бүрийн 05-ны дотор Сангийн яамнаас ЭМХТөвд орж ЭМЯамнаас цалингийн санхүүжилт олгох эрх нээгдсэнээр ЭМХТөвөөс тухайн сургалт эрхлэгч байгууллагуудад  шилжүүлээд тэндээс нь цалин нь олгоод явж байгаа. Өөрөөр хэлбэл СЭБ нь хөдөлмөрийн тухай хууль, болон Эрүүл мэндийн сайдын 2021.01.15-ны өдөр баталсан А/20-р тушаалыг үндэслээд цалин олгох хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтод заагдсан ажил үүргийг гүйцэтгэсний үндсэн дээр цагийн бүртгэлийг үндэслэн цалинг нь сар бүр олгогдоод явж байгаа.

Монгол улсын Засгийн газрын 2019 оны 25-р тогтоолын нэгдүгээр хавсралтад зааснаар резидент эмчийн албан тушаалын ангилал, зэрэглэлийг ТҮЭМ-4-өөр тогтоосон, Засгийн газрын 2019 оны 472-ын долоодугаар хавсралтад баталсан цалингийн сүлжээгээр резидент эмчийн цалинг 703 623 төгрөгөөр тогтоогдсон байгаа.

- АШУҮИС-ийн резидент эмч нарын цалинг олгоход ямар гарц гаргалгаа байна вэ?

- Ерөөсөө ойлгомжтой. АШУҮИС-ийн резидент эмч нарын цалингаа авч чадахгүй байгаа асуудал нь Эрүүл мэндийн тухай хуулийн 25.4-д зааснаар төгсөлтийн дараахь сургалт эрхлэх зөвшөөрөл бүхий байгууллага гэдгээс л болж байгаа. Өөрөөр хэлбэл АШУҮИС нь СЭБ буюу сургалт эрхлэх байгууллагын зөвшөөрлөө аваагүй. АШУҮИС нь СЭБ-ын зөвшөөрлөө авчихбал цалин саадгүй олгогдоно. Үүнийг бид АШУҮИС-тай хамтран ажиллах гэрээндээ тусгаж өгсөн боловч АШУҮИС уг заалтыг хасах байр суурьтай байгаа нь гол асуудал болоод байна.

Өнөөдрийн үүсээд байгаа нөхцлийг шйидвэрлэх СЭБ буюу сургалт эрхлэх байгууллагын зөвшөөрлийг олгоход хүндрэлтэй байдаг уу?

- Эрүүл мэндийн сайдын 337-р тушаалын дагуу сургалт эрхлэх байгууллагад тавигдах шаардлагыг тодорхой заасан байгаа. Үүний дагуу материалаа бүрдүүлээд ЭМЯ-ны Эмнэлгийн мэргэжилтний хөгжлийн зөвлөлд хандах бөгөөд уг зөвлөлөөс сургалт эрхлэх байгууллагын зөвшөөрлийг олгодог. Уг зөвлөлд  Боловсрол, шинжлэх ухааны яамны эрх бүхий албан тушаалтан, ЭМЯ-ны холбогдох газрын дарга нар болон АШУҮИС-ийн эрх бүхий албан тушаалтан багтдаг бөгөөд ЭМЯамны Төрийн Нарийн Бичгийн Дарга уг зөвлөлийн дарга нь байдаг. Тиймээс сургалт эрхлэх байгууллагын зөвшөөрлийг авахад удах зүйлгүй гэж харж байгаа. Мөн АШУҮИС сургалт эрхлэх байгууллагын зөвшөөрлөө авсан байсан нь 2020 онд дууссан. Тэгэхээр сургалт эрхлэх байгууллагын зөвшөөрлөө сунгуулах л асуудал байгаа юм.

-  Миний асуугаагүй, таны нэмж хэлэх зүйл?

-  АШУҮИС сургалт эрхлэх байгууллагын зөвшөөрлөө авч, манайтай хамтран ажиллах гэрээний уг заалттай санал нэгдэж, байр сууриа нэгтгээсэй гэж хүсч байна.

- Цаг гаргасан танд баярлалаа.

АШУҮИС-ийн резидент эмч  нар цалингаа авч чадахгүй байгаа асуудал нь АШУҮИС-иас хуульд заасан үндэслэлээр зөвшөөрлөө сунгуулахад шийдэгдэх асуудал гэдгийг Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс мэдэгдэж байна.

Бид мэдээллийг тэнцвэртэй хүргэх зорилгоор өнөөдөр АШУҮИС-иас яагаад өнөөдрийг хүртэл тусгай зөвшөөрлөө сунгуулаагүй, резидент эмч нарын цалинг олгуулахад ийнхүү хүндрэл учруулж байгаа талаар тодруулан эргэж мэдээлэх болно.

 А.Баярмаа