АН-ын даргыг сонгох сонгууль гуравдугаар сарын 28-нд болно. Одоогоор сонгуулийн сурталчилгаа үргэлжилж байгаа юм. Гэтэл УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл зохион байгуулалттайгаар их хэмжээний “царцаа” оруулж ирж байж болзошгүй хэмээн намын даргад нэр дэвшигч О.Амартүвшингийн сонгуулийн төв штабаас мэдээлэл хийж, Дотоод сонгуулийн хороо, АН-ын Хэрэг эрхлэх газар /ХЭГ/-т гомдол гаргалаа.


НЭР ДЭВШИГЧ О.АМАРТҮВШИНГИЙН СОНГУУЛИЙН ТӨВ ШТАБЫН ХУУЛЬЧ Т.БАЯСГАЛАН:

Тэрбээр "Бид өнөөдөр АН-ын Дотоод сонгуулийн хороонд гомдол гаргаж байна. АН-ын гишүүний татвараа төлсөн гишүүдийн саналын эрх нээгдэж, дотоод сонгуульд оролцох эрхтэй байдаг. АН-ын ХЭГ-аас сонгуульд оролцож саналаа өгөх гишүүдийн нэрсийн жагсаалтыг гаргаж ирүүлсэн. Гэтэл энэ нэрсийн жагсаалтыг ХЭГ хэрхэн тооцсон болон Дотоодын сонгуулийн хороо хяналт хийхгүй, шууд баримталж байгаа нь зөрчилтэй байна. Тухайлбал, СХД-т АН-ын 5000 гаруй гишүүд, дэмжигч бүртгэлтэй байдаг: Харин ХЭГ-аас гаргасан нэрсийн жагсаалтад 6800 гэж бичиж гаргасан байна. Үүнийг нягталж, шалгаж үзлээ. СХД-т АН-ын 43 үүр бий. Үүнээс 5 үүрийн дарга нь энэ асуудлаар манай штабт гомдол гаргасан.

Тухайлбал,
 

  • 41 дүгээр үүр 204 гишүүнтэй байтал 222 болж, 18 гишүүнээр нэмэгдсэн
  • 24 дүгээр үүр 70 гишүүнтэй байтал 108 болж, 38-аар нэмэгдсэн
  • 3 дугаар үүр 121 гишүүнтэй боловч 138-аар нэмэгдсэн
  • 26 дугаар үүр 100 гишүүнтэй боловч 128-аар нэмэгдсэн
  • 32 дугаар үүр 189 гишүүнтэй боловч 196 болж нэмэгдсэн нэрсийн жагсаалт ирсэн.

Хамгийн ноцтой нь 37 дугаар үүр буюу ТЭСО корпорацийн барьсан "Содон хороолол" байрлах үүр 42 гишүүнтэй байсан бол 811 гишүүний бүртгэлтэй болсон байна. Энэ нь бусад үүрээсээ 5 дахин их гишүүн бүртгүүлсэн гэсэн үг.

Дээрх бүх баримтаас үндэслэхэд, 2020 оны УИХ-ын сонгуулийн үед бүртгэлтэй байсан СХД-ийн АН-ын гишүүнчлэл энэ оны гуравдугаар сар гэхэд 1800-аар нэмэгдсэн байна. Үндсэндээ 1800-2000 "царцаа" санал өгөх гэж байгаа нь сонгуулийн дүнд нөлөөлж мэдэхээр байна" гэлээ. 

Ингээд тэд дээрх гомдлоо АН-ын Дотоод сонгуулийн хорооны дарга И.Мөнхжаргалд гардуулсан боловч хариуд нь "Манайх бүртгэлтэй холбоотой асуудлыг хариуцдаггүй. Сонгуулийн байгууллага, бүртгэлийн байгууллага хоёр тусдаа. АН-ын Хэрэг эрхлэх газар гаргаж өгнө. Энэ тухай нэр дэвшиж байгаа гишүүдэд урьдчилан танилцуулсан. Мөн АН-ын 30 нэгжээс гишүүдийн нэрсийг авч, тамгалаад намын даргад нэр дэвшигчдэд олгосон. Ингэхдээ нууцын гэрээ байгуулж, нэгбүрчлэн танилцуулсан. Тухайн шатны хэрэг эрхлэх газар бөгөөд Намын хэрэг эрхлэх газарт гомдол гаргасан нь үр дүнтэй. Дотоод сонгуулийн хороо бол сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулах үүрэгтэй газар юм" гэсэн хариу өгөв. 


"2000 ОРЧИМ "ЦАРЦАА" САНАЛ ӨГӨХ ГЭЖ БАЙГАА НЬ СОНГУУЛИЙН ДҮНД ШУУД НӨЛӨӨЛНӨ"

Сонгогчдын нэрсийн жагсаалтыг өмнөх оны 12 дугаар сарын 31-нээр тасалбар болгож гаргаж өгөх ёстой байхад гуравдугаар сарын 1-нээр тасалбар болгож, нэрс авсныг мөн анхан шатны гишүүд онцолж байлаа.

Хамгийн ноцтой нь, Сонгинохайрхан дүүргийн 37-р хороо буюу үүр нь "ТЕСО" корпорацийн барьсан "Содон хороолол" байдаг үүр. Гэтэл энэ үүрт УИХ-ын сонгуулиар 42 гишүүн бүртгэлтэй байсан бол 811 гишүүнтэй болчихсон байгаа аж. Энэ нь бусад үүрээс даруй 5 дахин их гишүүнтэй байгаа бөгөөд Монгол Улсын хэмжээнд ч ийм их гишүүнтэй үүр байдаггүй аж. Энэ бол "царцаа" гишүүд олноор бүртгүүлж, хоёр хоногийн дараа санал өгөх гэж байгаагийн илрэл учраас шалгаж, хасалт хийж өгөхийг нэр дэвшигч О.Амартүвшингийн сонгуулийн төв штаб Дотоод сонгуулийн хорооноосоо шаардаж байгаа юм.

Эх сурвалж - zindaa.mn