Сонордуулга

Дэлхий дахиныг нөмөрсөн цар тахал Монголчуудыг тойрч гарсангүй. Хуй салхи мэт дэгдэх халдварын хөл дор Монгол Улсын эдийн засаг нь амьсгал давчдаж, хүн ард нь айдас хүйдэс дор амьдарч байна. Засгийн газар, УОК-оос 2020 оны 11 сараас хойш тав дахь удаа өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжих шийдвэрээ гаргалаа.

Үүнээс өмнө, 2021 оны 2 дугаар сарын 11-ний өдрөөс 2 дугаар сарын 23-ны өдөр хүртэлх 12 хоногийн хөл хорио тогтоож “Нэг хаалга-Нэг шинжилгээ” арга хэмжээг хэрэгжүүлсэн. Энэ нь олон удаагийн хөл хорион дотоос хамгийн үр дүнтэй хөл хорио байх байсан боловч, харамсалтай нь хөл хорионы хугацаа ердөө 12-хон хоног байсан нь “Нэг хаалга-нэг шинжилгээ” арга хэмжээ үр өгөөжгүй, үнэгүйдүүлэх шалтгаан нь болсон. Тиймээс тав дахь хөл хорионы хугацааг 21 хоногоос доошгүй өдөр болгож “Нэг хаалга-Нэг шинжилгээ” арга хэмжээг дахин хэрэгжүүлж, айл өрх бүрийг нэг бүрчлэн шинжилгээнд хамруулах, өдөрт 50 мянгаас дээш хүнийг вакцинжуулах арга хэмжээг яаралтай авахгүй бол улс орон сүйрлийн ирмэгт тулж, хожим нөхөж баршгүй хохирол амсаж болох нөхцөл бүрдсэнийг сонордуулж байна.

УОК-оос гаргаж буй шийдвэр, хэрэгжүүлж буй арга хэмжээнүүд нь шинжлэх ухаанч биш, судалгаанд суурилаагүй, эрдэмтэдийн зөвлөл нь улс төрийн хамааралтайгаар үл барам ковидоор дамжуулж улс төр хийх гэсэн явуургүй үйлдэлийг удаа дараа гаргаж байгаа нь Монгол улсыг короногүй болгох чин эрмэлзлэл, бодлого үгүй болохыг илтгэнэ. Туйлын харамсалтай.

 

Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын Удирдлага, НОК-ын дарга нар “бизнесийг дэмжихгүй бол эдийн засаг элгээрээ хэвтлээ" хэмээн ам уралдан ярьж, бизнес эрхлэгч иргэдийн эрх ашгийг хамгаалагчийн дүр эсгэж, уран үгээр иргэдийн тархийг угаах боллоо. РСR шинжилгээний үнэ 100 мянган төгрөгт хүрч, туйлдсан иргэдийн халаасыг сэгсрэх увайгүй үйлдэлүүд даамжирч байна.

Эдийн засгийг аврах хамгийн том арга бол короногүй болох явдал. Короногүй болчихвол хүн ард аялж зугаалж, дэлгүүр хоршоогоор айдасгүй явж, ресторан зоогийн газар сэжиггүйгээр хооллож, үзвэр үйлчилгээний газраар чөлөөтэй үйлчлүүлэх зэргээр эрх чөлөөтэй зорчих болно. Хүмүүсийн дэргэд короно оршиж буй тул тэд болгоомжилж, нийгмийн харилцаанаас бэргэж байгаа юм.

УОК-оос Архангай, Баянхонгор, Дархан-Уул, Завхан зэрэг 11 аймагт халдвар тархаж, хөдөө орон нутаг халдварын голомт болж байгаа талаар мэдээлж байна. Хөдөө орон нутагт тархсан халдвар нь малчдын хотхонд хүрэх аюултай нөхцөл нэгэнт үүслээ. Малчдыг шинжилгээ, дархлаажуулалтанд хамруулах төлөвлөгөө, судалгаа аргачлал бэлэн эсэхийг холбогдох албан тушаалтануудад анхааруулж байна.

 

Засгийн газар, УОК-оос ирэх дөрөвдүгээр сарын 3-18-ны өдрүүдэд хатуу хөл хорио тогтоох шийдвэр гаргасан нь Ковид-19 халдварын нөхцөл байдлыг хумих гэсэн оролдлого мөн боловч энэ удаа өмнөх алдаануудаа дахин давталгүй, айл өрх бүрээс нэг бүрчлэн шинжилгээ авч, иргэн бүрийг вакцинжуулах ажлыг бүрэн төгс хийж, улс нийгэм доторх халдварын голомтыг нэг мөсөн ялгаж салгах арга хэмжээ авах шаардлагатай байна.

 

Ингэхийн тулд 14 хоног хангалтгүй, хүрэлцэхгүй болно. Нэгэнт тогтоосон хөл хориог үр дүнтэй болгохын тулд хөл хорионы хугацааг 21 хоногоос доошгүй өдрөөр тогтоож, энэ удаагийн хөл хорио нь Монголчуудын хувьд эцсийн хөл хорио байх арга хэмжээ авч ажиллахыг уриалж байна.

Монгол түмэнд халдваргүй, эрүүл таатай орчинд ахуй амьдралаа залгуулах, эдийн засаг нь сэргэж, иргэд нь айдасгүй энх тунх аж төрөх нөхцөлийг бүрдүүлэх сайн цагийг олгох боломж бүрэн бий гэдэгт итгэж байна.

 

БИЗНЕС ЭРХЛЭГЧДИЙН ЧӨЛӨӨТ ХОЛБОО