ТОГЛООМ ТООТОЙ НЬ ДЭЭР

 

 “Кремльд алхаж чадаагүй Ерөнхийлөгч” гэдэг нийтлэл хэд хэдэн сайтад гарч, Ерөнхийлөгч Х.Баттулгын үед гадаад харилцаа дампуурсан тухай бичжээ.

Сонгууль дөхсөн болохоор Монголд улс төржүүлээгүй сэдэв ганц ч үлдсэнгүй. Түүний нэг нь гадаад бодлого боллоо.

Уг нь Монгол Улс тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлаа улс төр, дипломатын аргаар хамгаална гэж Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд тодорхойлсон. Эдийн засгийн түвшин, аюулгүй байдлын чадамж нь бидэнд ийм сонголтгүй гарцыг оноосон.

Тиймээс Баттулгын, Хүрэлсүхийн, Элбэгдоржийн гадаад бодлого гэж байх ёсгүй, бид дотооддоо эвлэршгүй дайсагнаж болох ч гадаад орчинд нэг амтай байх ёстой.

 

 

Уинстон Чөрчилль сонгуульд ялагдаж сөрөг хүчин болчихоод гадаадад айлчилж явахад нь сэтгүүлчид түүнээс шинэ эрх баригч намынх нь тухай үг унагачих санаатай асуухад бөөрөнхийлөөд өнгөрчээ. Гайхсан сэтгүүлчид “Та энэ Засгийн газрыг зад шүүмжилдэг хүн. Гэтэл одоо яагаад өмөөрөөд байгаа юм бэ?” гэхэд “Гадаадад ирчихээд засаг төрөө шүүмжлэх нь адгийн явдал. Гэхдээ санаа зоволтгүй. Энд дутаасан шүүмжлэлээ эх орондоо оччихоод би хангалттай гүйцээнэ” гэж хариулсан гэдэг.

 

 

 

Бид улс төр гэдэг чөтгөрийн тойрогт ажил, албан тушаалаараа мөрий тавин тоглож байгаа. Гэхдээ эх орныхоо аюулгүй байдал, гадаад бодлогоор мөрийцөх нь адгийн урвагчийн үйлдэл.

 

 

 

МООД МОНГОЛООР ДУУСДАГ

 

Хэзээ, хэн хэлсэн нь бүү мэд энэ афоризм хэтэрхий оновчтой нь гайхмаар.

Хүйтэн дайн өндөрлөсөн 1989 оноос террористууд Ихэр цамхгийг мөргөсөн 2001 оны есдүгээр сарын 1 хүртэл дэлхий дахинд даяаршлыг экспортлох либерал гадаад бодлого ноёлж байв.  Тусгаар улсуудын үүрэг роль суларч, улс хоорондын хамтын ажиллагаагаар харилцан хамаарлыг гүнзгийрүүлж, олон улсын асуудлыг шийдэх Олон улсын байгууллагууд геополитикийн цөм болж байсан. Гэтэл геополитикт үндэсний ашиг сонирхлыг дээдэлсэн реализм дахин ноёрхов. Олон улсын харилцаанд тусгаар улсуудын бие даан гүйцэтгэх үүрэг сэргэв. Үүнийг коронавирус цар тахал, Америк-Хятадын зөрчил, Армени, Азербайжаны дайн зэрэг олон үйл явдлууд нотолсоор байна.

 

 

Гэтэл Монгол Улс геополитикийн энэ өөрчлөлтийг ойлгоогүй юм уу, эсхүл огт хүлээн зөвшөөрөхгүй либерал гадаад бодлогод хамгийн үнэнч улс болж “хоцорсон” юм. Ерөнхийлөгч Элбэгдорж Төвийг сахих бодлогыг зарлаж, Хойд Солонгост айлчилчихаад Ким Ирсений Их сургуульд ардчилал, даяаршлын тухай лекц уншиж, хоёр хөршийнхөө хүний эрх зөрчдөг дарангуйлагч дэглэм болохыг гайхсаар өнөөг хүрсэн.

Төвийг сахих бодлогыг Орос, Хятад, Европын орнууд сэжиглэнгүй хүлээж авцгаасан бөгөөд Монгол Улс олон улсын харилцаанд чөлөөтэй тоглох боломжийг хязгаарласан юм. Гээд төд удалгүй Монголчуудын хэрийг мэдрүүлсэн үйл явдлууд болсон доо! Далай лам Монголд зочлоход Хятадын тал Монголд нүүрсний “хориг” тавьснаар эдийн засгийн цусны эргэлт тасалдаж, төвийг сахих нь бодит байдал дээр боломжгүй болохыг нотолсон.

 

БАГА ЧУЛУУГААР ИХ ЧУЛУУГ ХӨДӨЛГӨХ

 

Элбэгдоржийн үед гадаад харилцаа огцом хөгжиж байгаад Баттулгын үед дампуурсан гэдэг стеротип /архаг төөрөгдөл/ байдаг. Элбэгдоржийн үед Төвийг сахих бодлого зарлаж, АСЕМ зохион байгуулж, Мьянмар зэрэг олон арван улс оронд олон арван сэтгүүлчийг дагуулан айлчилсан.

Гэвч гадаад бодлогын амжилтыг телевизийн шоугаар бус, бодит үр дүнгээр хэмждэг.

Жижиг орны оршин тогтнох баталгааг их гүрнүүдийн тэнцвэржүүлэгч хүч хангадаг. Улс төрчдийн балгаар Хятадаас 92 хувийн хэт хамааралтай болсон манай улс энэ хамаарлыг багасгах ямар ч гадаад бодлого хэрэгжүүлж чадаагүй байсан юм.

Улс хоорондын харилцааны түвшинг өргөн хүрээтэй түншлэл, стратегийн түншлэл, иж бүрэн стратегийн түншлэл гэж эрэмбэлдэг. Монгол 2019 оноос өмнө зөвхөн Хятадтай Иж бүрэн стратегийн түншлэл буюу харилцааны дээд түвшинд байсан билээ.

 

 

2019 онд Х.Баттулга АНУ-д айлчлахдаа анх удаа АНУ-тай Стратегийн түншлэл тогтоож, Монгол Улс болон Америкийн Нэгдсэн Улс нь үндэсний тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэх нийтлэг зарчмыг баталсан. Энэ нь Орос, Хятадын ил, далд эсэргүүцэл, хардлагыг төрүүлж байсан ч тэдний хүчний тэнцвэрийг Зүүн Азид тэнцвэржүүлэх замаар Монголын тусгаар тогтнол, аюулгүй байдлыг хангах үндсэн түлхэц болсон юм.

 

 

 

Ердөө сарын дараа Х.Баттулга, В.В.Путин нарын уулзалтаар Оростой Иж бүрэн стратегийн түншлэл тогтоож, дахиад нэг сарын дараа дэлхийн хэт хүчирхэг гүрний нэг Энэтхэгтэй Стратегийн түншлэлээ нотолжээ.

 

 

 

Энэ бол дэлхийн хүчний туйл Орос, Хятад, АНУ, Энэтхэгтэй харилцааны дээд түвшинд албан ёсны гэрээгээр хүчний тэнцвэрийг баталгаажуулсан нь Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд заасан Монгол Улс тусгаар тогтнол, аюулгүй байдлаа улс төр, дипломатын аргаар хангасны нотолгоо биш гэж үү?

 

 

ЗӨӨЛӨН ХҮЧНИЙ БОДЛОГО

 

Цар тахлын оргил үед 2020 оны 2 дугаар сард Ерөнхийлөгч Х.Баттулга Хятадад айлчилж, 30 мянган хонь бэлэглэсэн нь сенсаац тарьсан. Гэхдээ энэ айлчлалын цаана өөр нэгэн том асуудал шийдэгдэж,  Засгийн газар аврагдаж, тэр ч байтугай, 5 их наяд, 10 их наядын амлалт ярихтайгаа болсоныг тэр бүр мэддэггүй.

 

 

Засгийн газар Хятадын талд 2020 оны 8 дугаар сараас СВОП хэлцлийн 5.8 их наядыг төлөх хуваарьтай байсан юм.

Эрх баригчид СВОП хэлцлийн хугацааг сунгана гэж найдаад 5.8 их наяд төгрөгийн зээлийн хүү болох 960 тэрбум төгрөгийг төсөвлөсөн ч Хятадын тал татгалзаж, Засгийн газар 2021 онд огт тооцоолоогүй өрөнд унах нь тодорхой болоод байлаа.

Эрх баригчид СВОП-ыг сунгахыг хөөцөлдсөн ч Хятадын тал дипломат хэдэн үгээс өөр хариу хэлэхгүй яваад байв.

Ингээд СВОП хэлцлийг сунгахгүй нь тодорхой болж, дээр нь нэмээд 2020 оноос эхэлж, Монголбанкны гадаад валютын албан нөөцөөс 4 дахин давсан дүн буюу 14.4 тэрбум долларын гадаад өр төлөх хуваарьтай Засгийн газар амь наана, там цаана болжээ.

30 мянган хонь бэлэглэсний дараа Ерөнхийлөгч Х.Баттулга өөрийн нэрийн өмнөөс Ши Жиньпин-д захидал бичиж, СВОП хэлцлийг 3 жилээр сунгах санал тавьжээ. Ерөнхийлөгчийн захидлын хариуд Ши Жиньпин-ий захидал ирж, Хятадын Ардын Банк СВОП хэлцлийн гэрээг 2020 оны 7 дугаар сарын 31-ний өдөр 3 жилийн хугацаатайгаар сунгасан юм. Дефолт зарлахаас аврагдаж, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “төсөв тодотгохгүй. Ерөнхийлөгч алдаагүй юм хийж болдоггүй л юм байхдаа, Арай ч дээ” гэж жиргэх бүтэн нойртойгоо үлдлээ.

 

 

Ч.Содбилэг