Дэлхий нийтийг хамарсан цар тахлын улмаас хэсэгчлэн хөл хорио тогтоогоод байгаа. Өнөөдрийн байдлаар халдвар бүртгэгдээгүй газар, албан байгууллага бараг үлдээгүй. Бидэнд ирсэн мэдээллээр Эрүүгийн цагдаагийн газарт халдвар бүртгэгдсэн байна.

Үүний улмаас Эрүүгийн цагдаагийн алба хаагчид өрөөнөөсөө гарч чадахгүй, өрөөндөө тусгаарлагдаад байгаа аж. Ингэснээр тус байгууллагын зарим үйл ажиллагаа саатаад байгаа аж.

Халдвар авсан эрүүгийн цагдаагийн ажилтан хаанаас халдвар авсан нь одоогоор тодорхойгүй байгаа аж.

Хууль сахиулах хэд хэдэн байгууллагаас ийнхүү халдвар илрээд байгаа. Хамгийн сүүлд гэхэд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын /ШШГЕГ/ харьяа 461 дүгээр ангийн түр саатуулах байранд гуравдугаар сарын 23-ны өдөр халдварын анхны тохиолдол бүртгэгдсэн. Гуравдугаар сарын 31-ий байдлаар тус саатуулах байрнаас 119 хүнээс халдвар илрээд байгаа бөгөөд энэ нь тухайн үед байсан нийт хүний 48 хувь нь аж. Тиймээс 461 дүгээр ангид товлогдоод байсан шүүх хурлуудыг тодорхойгүй хугацаагаар хойшлуулаад байгаа юм. 

Дарь-Эх дэх баривчлах байранд гуравдугаар сарын 22-нд Covid-19 халдварын анхны тохиолдол батлагдсан өдрөөс хойш /2021.04.01/ хүртэл нийт 17 алба хаагчаас халдвар илэрчээ. Үүнээс хоёр хүнийг цэргийн төв эмнэлэгт, хамгаалалтын ажилтан, ахлах ахлагч, дэд ахлагч нарыг ХӨСҮТ-д бусад 13 алба хаагчийг  шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын сургалт бэлтгэлийн төвд тусгаарласэн байна. Тэдний биеийн байдал тогтвортой байгаа аж. Дарь-эх баривчлах байранд хоригдож байгаа баривчлах шийтгэлтэй, халдварын сэжигтэй тохиолдол нь батлагдсан  нийт 86 этгээдийг зочид буудал руу шилжүүлэн тусгаарласан байна. Одоогоор Дарь-эх баривчлах байрны  ажилчид болон саатуулагдсан этгээдэд халдварын шинж тэмдэг илрээгүй үйл ажиллагаа нь хэвийн үргэлжилж байгаа юм.

Үүнээс гадна Банязүрх дүүргийн арваннэгдүгээр хороонд байрлах Баривчлах төвд  Сонгинохайрхан эрүүгийн анхан шатны шүүхээс  баривчлах шийтгэл оногдуулсан 15 этгээдийг гуравдугаар сарын 30-ны өдөр хуяглан хүргэж өгчээ. Саатуулагдсан этгээдүүдээс асуумж авч түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авахад иргэн нэг иргэний хариу эерэг гарсан байна. Тиймээс тус байрыг тусгаарлан үйл ажиллагааг нь зогсоожээ. Улмаар иргэн халдвар авсан иргэний нэгдүгээр хавьталд орсон тус төвийн таван алба хаагчаас гуравдугаар сарын 31-ний өдөр өдөр PCR шинжилгээ авахад бүгд сөрөг буюу халдваргүй гарчээ. Дээрх алба хаагчдыг хорио цээрийн дэглэмийн дагуу тусгаарлан 6-7 хоногийн дараа давтан шинжилгээг авна.