Зэвсэгт хүчинд дахин аллага боллоо. Урьд нь цэргүүд нэгнийхээ аминд хүрдэг байсан бол энэ удаад офицер нь цэргээ хөнөөж. 326 дугаар ангийн байлдагч хүү салаан даргын үүрэг гүйцэтгэгчдээ зодуулж тархинд нь цус харвасан, ухаан алдсан байдалтай эмчлүүлж байгаад амь насаа алдлаа.

Халамцсан дарга нь архины мөнгө шаналгаж хэдэн бор цэргүүдээ дарамталснаас болж хүний амь эрсэджээ. Ангийн дарга нараа эзгүйчилж уух архиныхаа мөнгийг цэргүүдээс шаналгадаг бичигдээгүй хууль тус ангид үйлчилдэг болох нь энэ харамсалтай үйл явдлаар нотлогдов. Нүдэн дээрээ нэгнийгээ алдсан цэргүүд ч мэдүүлэгтээ дарга нараа дарамталж, мөнгө шаналгадаг болохыг нууж хаалгүй хэлсэн байна билээ. Хөөрхий хүүгийн эцэг, эх нь ч мөнгө асууж, сурдаг байсан тухай нь хэлж. Энэ мэт дарамт, яргалал батлан хамгаалах салбарын нүүр царай болжээ. Байсхийгээд л цэргүүдийн бэртэж, гэмтсэн, элдэв өнгөөр хүчирхийлүүлсэн тухай мэдээлэл чих дэлсэж, байдаг л үзэгдэл мэт болж хувирлаа. Гэтэл салбарын сайд хариуцлага хүлээх тухай ганц ч үг ган хийсэнгүй.

Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр бол Ерөнхий сайд У.Хүрэлсүхтэй Ерөнхий цэргийн сургуульд хамт сурч байсан дотны нөхөр нь. 2017 онд У.Хүрэлсүхийн Засгийн газар байгуулагдсаны дараа Г.Сайханбаяр ТЕГ-ын даргаар томилогдох талаар ч яригдаж байсан удаатай. Томилоогүйг бодоход тухайн үед тохироо нь бүрдээгүй байх. Гэсэн ч тэрээр энэ удаа Засгийн газраа бүрдүүлэхдээ Г.Сайханбаярыгаа хоосон орхилгүй Батлан хамгаалахын сайдаар томилсон нь энэ юм. Харамсалтай нь Г.Сайханбаяр нөхрийнхөө итгэлийг дааж, салбараа чамбайхан удирдаж чадсангүй. Салбарт нь удаа дараагийн ноцтой хэргүүд гарч, нийгмийг цочроосоор байгаа нь түүнийг салбараа эрүүлжүүлж чадаагүйг л харуулж байгаа. Тийм байхад л Г.Сайханбаяр сайд хэвлэлээр гоё чамин үгтэй ярилцлага өгөөд л сууж байх жишээтэй. Тэрээр хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Энэ хэргийг үйлдсэн салааны захирагчийн хувьд хуулийн дагуу хариуцлага хүлээж таарна. Тус ангийн захирагчийг Зэвсэгт хүчний Жанжин штабын даргын тушаалаар үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Мөн тухайн өдөр ангийн байрлалд эргүүл, жижүүрийн үүрэг гүйцэтгэж байсан албан тушаалтнуудад зохих шийтгэлийг оногдуулаад байна. Зэвсэгт хүчний Жанжин штаб, Хуурай замын цэргийн командлалын холбогдох албан тушаалтнуудад хариуцлага тооцох саналыг Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчид хүргүүлээд байна” гэжээ. Иймэрхүү жижиг асуудал яриад л уснаас цэвэрхэн гарчих нь гэж бодож байгаа бол тэрээр эндүүрч байна.

Хамгийн гол нь тэрээр ярилцлагадаа Батлан хамгаалах салбарт офицер, ахлагч, хугацаат цэрэг хоорондын харьцааны асуудал байсаар байна гэдгийг хүлээн зөвшөөрч. Батлан хамгаалах салбарт 32 жил ажиллаж буй цэргийн мэргэжилтний хувьд салбартаа байгаа олон жил бугшиж ирсэн энэ балмад үйлдэлд цэг тавина, таслан зогсооно гэсэн байх юм. Идээ, бээр бугшсаныг мэдэж байсан л юм бол 32 жилийн турш яагаад юу ч хийгээгүй юм, хийсэн юм бол үр дүн тань хаана байна. Ядаж энэ салбарыг толгойлох эрх мэдэлтэй болсон сүүлийн нэг жилийн хугацаанд тэр бугшсан асуудлыг эцэслэхийн төлөө ажиллаж болоогүй хэрэг үү. Заавал хэн нэгний амь насыг зольж байж санаж, сэдэж байгаа юм уу.

Яадаг ч байлаа гэсэн Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр “Зүрхний анд” У.Хүрэлсүхээ эвгүй байдалд оруулахгүйн тулд огцрохоос өөр аргагүй. У.Хүрэлсүх ч тэр ийм л бодолтой байгаа байх. Учир нь тэрээр халат, таавчигтай нялх биетэй эмэгтэй хүйтэнд гарч гүйсний төлөө Ерөнхий сайдын албан тушаалаасаа огцорсон хүн шүү дээ. Бүр танхимаараа огцорсон. Уг нь тухайн үед иргэд нялх биетэй эмэгтэйг нийгмийн сүлжээгээр өмөөрөхдөө Улсын Онцгой комиссыг огцрохыг шаардаж байсан юм. Талбай дээр ирж жагссан залуус ч үүнийг л хүсэж байсан. Гэтэл У.Хүрэлсүх танхимаараа огцрох шийдвэр гаргасан.

Ямар сайндаа л сөрөг хүчний гишүүд нь гайхширлаа барж байгаагаа чуулганы нэгдсэн хуралдаан дээр илэрхийлж, огцрохгүй байх нь зүйтэй гэж байх вэ дээ. Улс төр дэх жишгээр бол сөрөг хүчин нь эрх баригчдын Засгийн газрыг газар дор ортол нь шүүмжилж, ажлаа хүлээлгэн өгөхийг шаарддаг шүү дээ. Энэ удаад тэр жишиг алдагдаж, У.Хүрэлсүх нялх биетэй эмэгтэйн өмнө Засгийн газар даяараа буруутай, би л бушуухан ажлаа өгье, огцоръё гээд алга болсон.

Тэгвэл одоо бүр хүн үхчихээд байна. Эр хүн болно, эх орны хүү болно гэсээр цэргийн албыг зорьж ирсэн хүү казарм дотроо зодуулсаар амиа алдчихаад байна. Хэдэн жижиг албан тушаалтнуудаараа туг тахичихаад асуудал шийдэгдсэн гэж андуурч суухын оронд салбарын сайд та хүн ёсоор уучлалт гуйгаад албан тушаалаа хүлээлгэж өгөх ёстой биш үү. Хэрэв Г.Сайханбаяр та сайдын суудалтайгаа зууралдаад сураг ажиггүй суусаар байвал У.Хүрэлсүхийн таавчигтай гарч гүйсэн хүний төлөө огцорсон нь юу болж хувирах вэ. Их л тэнэг хэрэг болж харагдана даа. Хэзээд л өөрийг нь гэдэг, ямар нэгэн албан тушаалд тавьчих гэж хичээдэг анд нөхрөө тэнэг харагдуулж, эвгүй байдалд оруулахгүйн тулд огцрох л хэрэгтэй. Энх цагт эрдэнэт хүний амь эрсдэхээс өөр юуг дуулгах гээд, үүнээс өөр ямар ичгэвэртэй явдал болохыг харуулах гээд сайд та дуугүй суусаар байгаа юм бэ.