Ухаангүй “өрөвдөлт” ямар гай авчирч болдгийг, ер нь манай төрд ямар ухаангүй этгээдүүд сууж, тэдний ухаангүй явдлын гай цаашид улс орныг ямар гамшиг руу түлхэж болохыг ойрхи хэд хоногийн “улс төржсөн” үйл явдал олон нийтэд харууллаа.  

Хийрхэл хөөрөгдсөн “өрөвдөх” ажиллагаа

 

Зэвсэгт хүчний 326 дугаар ангид цэргийн алба хааж байсан 21 настай байлдагч 2021 оны 3 дугаар сарын 28-ны өдөр тус ангийн салаан даргын үүрэг гүйцэтгэгч согтуу даргадаа зодуулж амиа алдаж. Үнэхээр харамсалтай хэрэг. Тиймээ, ийм харамсалтай хэрэг зөвхөн армид ч биш газар сайгүй, бүр Төрийн ордон дотор, Яамны байранд, Засаг даргын тамгын газарт ч гардаг болсныг бүгдээрээ мэдэж байгаа. 

Замын гарцаар гарч явсан бяцхан охиныг согтуу жолооч дайраад амийг нь бүрэлгэдэг, насанд хүрсэн эр хамтран амьдрагч бүсгүйнхээ нялх үрийг зодож хөнөөдөг, хийх юмаа олж ядсан залуус хамт архидаж, наргиж зугаацаж байгаад муудалцаж бие биенээ цааш харуулдаг болтлоо нийгмийн ёс зүй, хүмүүсийн зан авир доройтчихоод байгаа. 

Өдөр бүр шахам яригдаж дуулддаг энэ мэт гэмт хэргийн золиос болж, бас янз бүрийн осолд орж, түүнчлэн амиа хорлож хорвоог орхигсдын тоо нь дайн байлдаантай улс орныг санагдуулам болсон нь эмгэнэлтэй, тэдний хойноос гашуудан үлдэж байгаа бүхэн өрөвдөлтэй. 

Яагаад улс оронд ийм эмгэнэлт байдал улам бүр газар аваад байна вэ? Энэ асуудлыг Монголын Төр хамгийн түрүүнд анхаарч арга хэмжээ авах ёстой. Тэр тусмаа Төрийн дээд эрхийг барьж байгаа УИХ энэхүү эмгэнэлт байдлын нөхцөл шалтгааныг арилгахын тулд бүхнийг хиймээрсэн. Тийм эрх, боломж аль аль нь УИХ-д л бий. 

Гэтэл улс орны энэ эмгэнэлт байдлыг хумсын төдий ч үл тоож явсан УИХ-ын гишүүд гэнэтхэн зодуулж амиа алдсан цэргийг “өрөвдөн” бухимдаж, 2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Хүний эрхийн дэд хороог яаралтай хуралдуулав. Тэрхүү хуралдаа Батлан хамгаалахын сайд, Зэвсэгт хүчний жанжин штабын дарга нарыг дуудан авчирч ээртэл байцаан “айлгаж”, ард түмэнд нээлттэйгээр “хурц хэлэмгий хэл амаа” гайхуулцгаав.   

ЗХЖШ-ын дарга Д.Ганзориг УИХ-ын гишүүний асуултанд хариулахдаа “... Хүн хүч хүрэлцээгүй байна. 66 хувийн хүний нөөцтэй ажилладаг. Сүүлийн хэрэг бид нарын ажлыг эрчимжүүлэхэд түлхэц өгсөн. ... Хүний амь настай холбоотой асуудал гэхээсээ илүү ёс зүйгүйн асуудлаар таван жилийн хугацаанд судалгаа хийсэн. Хамгийн оргил үе 2018-2019 онд гарсан”, “Зэвсэгт хүчин рүү орж ирж байгаа хугацаат цэргийн албан хаагчид нийгмийн янз бүрийн давхаргаас, ялангуяа хамгийн амьдрал хүнд газраас ирж байна. Энэ бүх хүмүүстэй жилийн хугацаанд ажиллаад тухайн хүмүүсийг төлөвшүүлээд явуулахад хүндрэлтэй...” гэх зэргээр, уг нь цэрэг, армийнхаа хүндхэн асуудлууд бүхий нөхцөл байдлыг ойлгуулах санаатай ярьсан нь үгний өө хайж байсан УИХ-ын гишүүдэд өөрсдийгөө ард иргэдэд “товойлгон” харагдуулах сайхан боломж олгов.  

“УИХ-ын гишүүн С.Одонтуяа: Та маш буруу ярьж байна. Сүүлийн хүн амиа алдахад ажлаа эрчимжүүлж байна гэж ярьж байна. Яагаад олон хүн амиа алдаж байж эрчимжүүлэх ёстой юм бэ. 2018 онд оргил үе гэж ярих буруу.

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг: Цэрэг дэглэхэд байшин сав, хүн хүч ямар хамаатай юм. Асуудал ярихаар байшин сав, хүн хүч ярина.” гэх мэтээр өөрсдөө ЗХЖШ-ын даргаас “ухаанаар илүү” гэдгээ харуулцгаав. 

Мэдээллийн олон янзын сувгаар энэ бүхнийг үзэж сонссон, уншсан ард иргэдийн цэрэг армийн талаархи таагүй бодол ч улам лавширч, олон хүн цахим сүлжээгээр ЗХЖШ-ын дарга Д.Ганзориг гэх залуугийн хэлсэн ярьсныг буруутган “Ядуу хүмүүс буруутай гэнээ” гэх зэргээр дамжуулан “сэвцгээв”.  

Уг нь ЗХЖШ-ын дарга залуугийн хэлж ярьсан үгнээс “Улс орны өнөөгийн нөхцөл байдал нь нийт ард иргэдийг сэтгэл, сэтгэхүйн ядууралд оруулж, улс орноо бодох хүнгүй, эх орноо хамгаалах эр цэрэггүй болж мэдэх нь байна шүү! Зөвхөн армийн удирдлага үүнийг засах боломжгүй шүү! гэсэн агуулга сонсогдож байсан. Харамсалтай нь үүнийг ухаж ойлгож, ухаарч сэхээрч байгаа УИХ-ын гишүүн байсангүй.   

 

Хүний эрхийн дэд хорооны хурлын зорилго, үр дүн юу байв

 

Уг нь УИХ-ын Хүний эрхийн дэд хороо энэ асуудлыг авч хэлэлцэж байгаагийн хувьд улс төр, эдийн засгийн болоод нийгмийн сэтгэл зүйн нөхцөл байдалд ул суурьтай үнэлэлт дүгнэлт өгч, өргөн хүрээнд харж, судалгаа тооцоотой, бодлогын дорвитой шийдвэр гаргах учиртай байлаа. 

- Ер нь цэргийн албан хаагч гэдэг ямар шалгуураар, хэрхэн сонгогдож, бэлтгэгдсэн, ямар хүн байх ёстой вэ?

- Хугацаат цэргийн албаар дамжуулж залууст ямар мэдлэг мэргэжил, ур чадвар, эзэмшүүлж, юунд сургаж дадуулах ёстой вэ?

- Цэргийн албан хаагчийн чадвар, ёс суртахуун, нийгэмд үнэлэгдэх үнэлэмж ямар байх ёстой юм бэ?

- Цэргийн алба хаасан хүн нийгэмд ямар үнэлэмжтэй байх, тэр үнэлэмжийг төрөөс хэрхэн бий болгох вэ? 

- Тэр бүхэнд хэр хэмжээний хүч хөрөнгө, хугацаа үе шат шаардлагатай вэ? 

Наад зах нь эдгээр асуудлыг Төрийн бодлогын үүднээс тодорхойлж байж сая тухайн салбарыг хөгжүүлэх, гэм дутагдлыг арилгах асуудал шийдэгдэх болно.   

Гэвч тэгэж харж, үнэлж, дүгнэх чадвар, ул суурьтай авч үзэх Төрийн байгууллагын “зангарга” даанч байсангүй. Хурлыг зохион байгуулж буй УИХ-ын дэд хорооны бүтэц, бүрдэл, гишүүдээс төрийн хүний ноён нуруу, сэтгэл ухаан ч харагдсангүй. Даанч жулдацгааж байв. 

Сүр ихтэй явагдсан ч шийдвэрлэх асуудал нь даржин дууссан тус хурлаас гаргасан зөвлөмж, чиглэлийн чанартай тогтоолыг нь харвал, Дэд хорооны хуралдсан зорилго нь ердөө л ЗХЖШ-ын даргыг авч хаях, түүгээр дамжуулан Ерөнхийлөгч Х.Баттулгын хамаарах “ажлыг” харлуулах л явдал байж үү дээ! гэсэн бодол төрүүлж байсан нь ганц нэг хүнээр тогтоогүй байхаа! 

Харин хурлын үр дүн бол тун ч хурдан гарч, цэргийн алба, цэргийн албан хаагчдыг үзэн ядах уур амьсгалыг нийгэмд огшоож чадсан. 

Тэгээд ч зогссонгүй нийгэмд өдөөгдсөн уур хорсолтой зэрэгцээд дөрөвдүгээр сарын 8-ны өдөр Говь-Алтай аймаг дахь хилийн цэргийн 0214 дүгээр ангид алба хааж байсан хоёр байлдагч харуулын даргаа буудан хөнөөгөөд зугатсан хэрэг гарав. Хатуухан хэлбэл УИХ-ын Хүний эрхийн дэд хорооны нээлттэй хуралдаан энэ гэмт хэргийг өдөөсөн сэдэл, турхирсан нэг хүчин зүйл болсон байхыг ч үгүйсгэх аргагүй юм. 

Өнөөдөр Монголын Төрийн дээд эрхийг баригч УИХ ийнхүү, пивоны газар цугласан халамцуу этгээдүүд хөлчүүрхэн донгосох шиг, үүрэг хариуцлагын өчүүхэн ч ойлголт, ухамсаргүй этгээдүүд юу дуртайгаа дураар чалчиж суудаг, цаг нөхцөөх газар болтлоо үйл ажиллагаа нь дампуурч, улс орны тусгаар тогтнол, аюулгүй байдал руу “хутга далайн” солиорох боллоо.     

 

 

 

Цэрэг эрс нь армиасаа дайжиж, эх орноо хамгаалах эр цэргийн үүргийг ял шийтгэл гэж үзэж, жигшин зэвүүцэх хүртэл нь нийгмийн сэтгэл зүйг өдөөн турхирч, өөгшүүлэн дэвэргэж суугаагаа төрийн ажлыг явуулж байна гэж ойлгодог ухаан муутай “улс төржигчдийн” цуглуулга болсон энэ УИХ-ыг нэн даруй тараах шаардлагатай болжээ. 

Дашрамд нэмэж дурьдахад энэ бүх буруу хазгай явдлын уг үндэс нь Монгол Улсын Үндсэн Хууль юм шүү!       

 

 

О.Лхагвадорж