-Цуврал 1: ХӨСҮТ сөхөрч эрх баригчид зөрүүдэлсээр байх уу?-

Ковид-19 вирусын халдварын цар тахлын эсрэг тэргүүн эгнээнд тэмцэж байгаа шинжлэх ухааны байгууллага болох ХӨСҮТ сөхөрч байна. Халдварт өвчний эсрэг сөрөн зогсож байгаа гол байгууллагын эмч, мэргэжилтэн, ажилтнуудыг мэргэжлийн ажлыг нь хийлгэлгүй дарамталдаг, айлгаж тагнадаг, гүйцэтгэх ажил явуулсаар таван сар өнгөрчээ. Энэ хугацаанд тэдний зөвлөмж, зөвөлгөөг нэг бүрчлэн дагаагүй, шаардлагатай төсөв хөрөнгийг шуурхай шийдэж өгөөгүй атлаа алдаатай шийдвэрийнхээ буруутанг тэдэнд тохсоор ирсэн улс төрчдөөс шалтгаалан улсын хэмжээнд цар тахал хүрээгээ эрчимтэй тэлж, өдөр бүхэн нас баралт нэмэгдэж эхэллээ. 

Тухайлбал, өнгөрсөн оны 12 дугаар сараас ХӨСҮТ-өөс гаргасан удаа дараагийн зөвлөмжүүдийг УОК нэг бүрчлэн хэрэгжүүлсэнгүй. Монгол улсын хэмжээнд мэргэжлийн тархвар судлаач ердөө 77 бий. Мөн шинэ болон дахин сэргэж байгаа халдварт өвчнийг тандах, шинжлэх, эмчлэх нарийн мэргэшсэн эмч, мэргэжилтэн гарын арван хуруунд л багтана. Тэднийг бэлтгэсэн багш, бүсийн хэмжээний чадварлаг мэргэжилтэн, доктор, судлаачдын цөм нь өнөөдөр ХӨСҮТ-д ажиллаж, заавар зөвлөмжөө өгсөөр байна. Харин УОК, Монгол улсын Засгийн газар энэхүү гол байгууллага, мэргэжилтнүүдээ дэмжиж хамтран ажиллахын оронд эхнээсээ буюу өнгөрсөн оны 12-р сард  цагдаа тагнуулаа ХӨСҮТ-ийн хашаанд байрлуулж, дэд захирал М.Тунсагаас эхлээд гол гол удирдлага, мэргэжилтнүүдийг нэг нэгээр нь дуудаж, “олон юм ярихгүй” байхыг сануулж бичиг баримт дээр гарын үсэг авч хүчтэй сануулга өгсөн. Үүнээс сануулга авч жийрхсэн эмч, ажилтнууд одоо болтол амаа хамхиж явааг эх сурвалж хэлж байна.

 

Халаа сэлгээ мэргэжлийн байгууллагыг эмх замбараагүй байдалд оруулж байна

 

Улмаар улс төрчдийн зарим буруу шийдвэрийг залруулах гэсэн удирдлагуудыг ээлж дарааллан халж солисоор өнөөдрийг хүрлээ. Цар тахлын үед ажиллах мэдлэг, арга барилгүй, нарийн мэргэшээгүй эмч, сувилагчийг Сэлэнгэ аймгаас авчирч улаан бүс рүү оруулснаас ХӨСҮТ-ийн дотор эхний халдвар 2021 оны 12 дугаар сарын эхээр алдагдав. Яг энэ үетэй зэрэгцээд тус эмнэлгийг бүхэлд нь нүүлгэж Сонгино Хайрхан дүүргээс эхлээд энд тэнд тарааж байрлуулахаар Т.Мөнхсайхан сайд шийдлээ. Эдгээрийг эсэргүүцэж санал зөрсөн Д.Нямхүү захирал төд удалгүй ажлаасаа халагдав. Дараагийн захирал Д.Наранзул ч удсангүй. Шадар сайд С.Амарсайхан энэ оны гуравдугаар сарын 12-ны баасан гарагийн үүрээр ажил дээр нь гэнэт очиж тайлан мэдээ нэхсэн билээ. Энэ үед Д.Наранзул “Нийтийг хамарсан шинжилгээг цөөлөх хэрэгтэй. Халдвар нийтийн дундаас биш ойрын хавьтлуудаас илэрч байгааг Та бүхэн бодлого шийдвэртээ тусгаач” хэмээн Шадар сайдад шулуухан хэлээд зад загнуулсан. Улмаар долоо хоногийн дараа халагдсан.

Ер нь мэргэжлийн байгууллагын байр суурийг илэрхийлсэн хэн бүхнийг энэ Засгийн газар халж солисоор ирлээ. ХӨСҮТ-ийн дэд захирлаар ажиллаж байсан Э.Тэмүүлэн хэмээн АНУ-д доктор хамгаалсан мэргэжлийн судлаач “... хөл хорихгүй бол халдвар 1000 гарна” гэж хэлснийхээ дараахан өргөдлөө өгөөд чимээгүй буусан. Өргөдлийг нь дээд албан тушаалтан өгүүлсэн нь өнөөдөр тодорхой болсон.

Ийнхүү мэргэжлийн хүмүүсийнхээ амыг барьсны дараа шинээр томилсон Л.Баттөр захирал ХӨСҮТ-д ирээд алба, нэгжийн боловсон хүчнийг халж солих ажлыг эхлүүлэв. Тэрбээр албаны дарга, мэргэжилтнийг ч 1-р эмнэлгээс эхлээд гадны байгууллагаас өөрийн дотны хүмүүсээ авчирч солихоор бужигнуулж байгаа. Тэгсэн мөртөө ажил албандаа хайнга хандаж хариуцлага алдсан жинхэнэ эздэд өнөө хэр хариуцлага тооцсонгүй. Тухайлбал, нөхрийнхөө өмнөөс өөрөөсөө шинжилгээ авсан эмэгтэйд тусалсан Ц.Дариймаа сувилагч өнөөдөр ажлаа хийсээр, PCR шинжилгээ хэрхэн авахыг орон нутгийн сувилагч нарт заасаар явна. Өөрөөр хэлбэл, дотоод хяналт шалгалтын ажлаа хэрэгжүүлж алдаагаа засаад явахын оронд цар тахал, халдварт өвчний талаар мэргэшээгүй ойр дотны хүмүүсээ дуудаж албан тушаал санал болгох байдлаар ажилдаа хандаж байгааг ХӨСҮТ-ийн зарим хамт олон шүүмжилж байна.                 

 

ЭМНЭЛЭГИЙН БАГАЖ ТӨХӨӨРӨМЖ ЭЛЭГДЭЖ ЭВДЭРСНЭЭС ӨВЧТӨНҮҮДИЙН АМЬ НАСАНД ЭРСДЭЛ УЧИРЧЭЭ

Энэ оны гуравдугаар сарын 14-ний өдөр Ковидын халдвараар өвчлөөд ХӨСҮТ-ийн сэхээн амьдруулах тасагт байсан таван өвчтөн нэг зэрэг нас барах шахав. Учир нь тэдний амьсгалын аппаратыг хангаж байсан хүчилтөрөгчийн систем гэнэт таг зогсжээ. Шалтгаан нь сэхээний тасгуудыг гаднаас хүчилтөрөгчөөг хангаж байдаг эхний цэг буюу баллонтой хүчил төрөгчийг түгээх сүлжээнд холбодог байшин дотор дэлбэрэлт болжээ. Ослын улмаас техникийн ажилтан бэртэж гэмтлийн эмнэлэгт хүргэгдсэн. Улмаар хүчилтөрөгч хуваарилах нөөц системийг ашигласнаар өвчтнүүдийн амь аврагдсан байна. Эвдрэлийг сар орчмын дараа буюу дөрөвдүгээр сарын 16-ны шөнө засаж хэвийн болгов. Энэ хооронд нөөц системд дахин доголдол үүсч хүчилтөрөгчийн урсгал тасарч улмаар сэхээний өвчтөнүүд зэрэг нас барах эрсдэл бодитой байжээ.

Техникийн аюулгүй байдал зөвхөн хүчилтөрөгчийн системээр хязгаарлагдсангүй. Шадар сайд С.Амарсайханы эхнэр улаан бүс рүү ороод гарсны дараахан ХӨСҮТ-ийн хашааны үүдэнд байдаг камерийн хард алга болсон билээ. Түүнээс хойш буюу гуравдугаар сарын дунд үеэс хойш сар орчим хугацаанд ХӨСҮТ-ийн хашаа руу хэн нэвтэрч, гарч байгаа хяналт алга болсон гэсэн үг. Энэ үед Pfizer вакциныг хүнд өвчтэй хүмүүст ид хийж, үүнтэй зэрэгцээд зарим УИХ-ын гишүүн ХӨСҮТ-ээр эргэлдэж эмнэлгийн захирлыг эрж сурахаас эхлээд хөл хөдөлгөөн их байсан үе. Тухайлбал, УИХ-ын гишүүн Б.Бейсен цагаан өнгийн приус маркийн машинтай ХӨСҮТ-ийн хашаанд орчихсон зарим ажилтныг хуруугаараа дуудаж, “... Би УИХ-ын гишүүн байна. Танай захирал хаана суудаг вэ, хэлээдэх?” хэмээн зандраад явж байсан байна. Хашаанд нь орж ирж ажилтнуудыг дуудаж загнах гишүүдээс гадна Шадар сайд үүр цүүрээр эмнэлгийн удирдлагууд руу залгаж, утсаа авсангүй гэдэг шалтгаанаар загнаж дарамтлах болов. 

ХӨСҮТ-тэй холбоотой сөрөг мэдээллийг гуравдугаар сарын 12-ноос эхлэн олон нийтэд хэвлэл мэдээллээр дамжуулан удаа дараа мэдэгдэж эхэллээ. Түүний гол мессеж нь, “ ... ХӨСҮТ-ийн ажилтнууд хариуцлагагүй үйлдэл гаргаад байгаа учраас тархалтын үр дүн буурахгүй байна” хэмээн бусдыг буруутгахад чиглэж байлаа. Хэд хэдэн удаа ийнхүү мэдээлснийхээ дараа 2021 оны 03 сарын 19-ний өдөр “ХӨСҮТ-д гарсан асуудалтай холбогдуулан прокурор, цагдаагийн байгууллагаас шалгахаар ажлын хэсэг орж байгаа” гэсэн мэдээллийг өгөв. Энэхүү мэдэгдлээс нь хойш сар хүрэхгүй хугацааны дараа ХӨСҮТ-ийн нэр бүхий эмч, ажилтнууд хуурамч шинжилгээний хариуг 60-82 мянган төгрөгөөр зардаг гэсэн агуулга бүхий нэвтрүүлэг хэвлэл мэдээллийн байгууллагаар гарлаа.

 

УРАМ ЗОРИГИЙГ ХУГАЛСАН ЭМЧ, МЭРГЭЖИЛТНҮҮДИЙГ ЦЭВЭРЛЭХ ЦАГ БОЛЖЭЭ

 

Дээрх нэвтрүүлэг гарсны дараа их эмч Б.Дармаа, “Би Гялс төвийн захирлыг танихгүй” гэж хэвлэл мэдээллээр мэдэгдлээ. Уг мэдээллийг нягтлахад Б.Дармаа эмч “Гялс” ХХК-нийн Гүйцэтгэх захирал Н.Наранбатыг танихаар барахгүй ХӨСҮТ-д 2001-2012 онуудад хамт ажиллаж байжээ. Н.Наранбат бол академич П.Нямдаваагийн хүү. Б.Дармаа эмч өөрөө П.Нямдаваа эмчийн шавь, томуугийн эсрэг төсөл хөтөлбөр дээр тэд хамтдаа олон жил ажилласан байдаг. Илэрхий зүйл дээр Б.Дармаа эмч ийнхүү мэлзсэн нь тогтоогдох юм бол өөрийгөө өмгөөлж хамгаалахын цаана ямар нэг буруу үйлдэл байна гэх таамаглал төрөхөөр байна. Тиймээс хууль хяналтын байгууллагаар хэрэг нь батлагдвал энэ мэт буруутнуудыг ХӨСҮТ-ээс чөлөөлж, цаашлаад эрүүл мэндийн салбарын нийт ажиллагсадын нэр хүнд, урам зоригийг нэн даруй сэргээх шаардлага байна.

Нэг хэсэг нь ийнхүү хэл аманд өртөж шалгагдаад эхэлж байхад нөгөө талд жирийн ажилтан, эмч, сувилагч нар эцсийн хүчээ шавхан ажиллахын хамт нийгэм, олон нийтийн зүгээс сүүлийн үед ирж байгаа элдэв зэмлэл, хараалаас халширч цаашид  ажиллах ямар ч урам зориггүй болжээ.

“Өнөөдрийн байдлаар өглөө 8 цагаас үүрийн 04 цаг хүртэл ХӨСҮТ-ээс 18 баг Нийслэлийн хэмжээнд ажиллаж өвчтөн зөөх, шинжилгээ авах, тусгаарлах ажлыг хийж байна. Бид хамгаалалтын хувцсаа тайлахад дөнгөж шүршүүрээс гарсан мэт үснээс ус гоожиж, нүүр, нүд ам битүү хавдаж өвдсөн, бие бүхэлдээ хулдаасанд сорогдож, хөл дээрээ арай ядан тогтож байна. Тэгээд маргаашийнхаа бэлтгэж ажлын хангахын тулд хоногтоо дунджаар 2-4 цаг л эмнэлэг дээрээ унтаж байна. Өдөр бие засах, халуун хоол идэж амжихгүй ингэж 7 хоног ажиллаад эргээд улаан бүс рүүгээ орж байгаа. Би 12 сараас хойш өнөөдрийг хүртэр 20 орчим хоног л гэртээ байсан. Балчир хүүхдээ аавтай нь үлдээсэн” гэж сувилагч Г ярьж байна.

Мөн ХӨСҮТ-ийн ажиллагсадын дотоод сүлжээнд сүүлийн өдрүүдэд идэвхтэй хэлэлцүүлэг ид өрнөж, улмаар улс төрчид болоод зарим иргэдийн энэ дарамтаас болж ажил хийх хүсэл зориг нь алга болсон, ажил хаях хэмжээнд хүртэл асуудал яригдаж эхэллээ.  

ХӨСҮТ-ийн хүний нөөцийг барж байгаа нөгөө нэг асуудал бол эмнэлэг дотор гараад байгаа халдварын асуудал юм. Гуравдугаар сарын сүүлээс эхлээд эмч, ажилчид энд тэндгүй халдварт өртөж байгаа.

Энэ хооронд УОК, НОК-ын алдаатай бодлогоос шалтгаалан цар тахлын халдвар улсын хэмжээнд нэгэнт хяналтаас гарчээ. ХӨСҮТ-ийн тархвар судлаачдын оролцсон зөвлөмжийг удаа дараа үл хайхрав. “Нэг өрх-нэг шинжилгээ” арга хэмжээг ХӨСҮТ эсэргүүцээд барсангүй. Тэр бүү хэл дэлхий дээр хаа ч хэрэгжүүлээгүй, мэргэжлийн хүмүүсийг гайхшруулсан зарим шийдвэрийг эрх баригчид авсаар байлаа. Тухайлбал, хөл хориог үе шаттайгаар бус гэнэт палхийтэл нээв. Олныг хамарсан үзвэр үйлчилгээ, уушийн газрыг нээлттэй болгов. Хөл хориог хугацаанаас нь хожимдуулж авав. Өнөөдөр гэхэд хөл хорионы хугацааг сунгах ХӨСҮТ-ийн саналыг хүлээж авах эсэх нь эргэлзээтэй, “сонгууль дөхөөд байхад битгий дэмий юм ярь” хэмээн Л.Баттөр захирлыг загнасан тухай мэдээлэл ч хэвлэл мэдээллээр гарсаар байна.

 

МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГААР МЭРГЭЖЛИЙН АЖЛЫГ НЬ ХИЙЛГЭЕ

 

Монгол улс халдварын тоон үзүүлэлтээр Азидаа толгой цохих хэмжээнд ирлээ. Байдал энэ хэвээрээ үргэлжлэх юм бол ойрын хугацаанд өвчлөл хяналтаас нэг мөсөн гарч, нас баралт хэд дахин нэмэгдэнэ гэсэн тооцооллыг мэргэжлийн байгууллага хийгээд байна.

Монгол улсын Шадар сайдын 2017 оны 08  тоот тогтоолоор цар тахлын үед хариу арга хэмжээ авах тэргүүлэх байгууллагаар ХӨСҮТ-ийг тодорхойлсон. Харин УОК, НОК, ЭМЯ болон хууль хүчний салбарыг дэмжиж ажиллаарай хэмээн зохицуулсан.

Гэтэл эсрэгээрээ дээрх байгууллагууд маань ХӨСҮТ-ийг цагдаа тагнуулаараа айлгаж, үнэн худал нь мэдэгдэхгүй мэдээллийг энд тэнд түгээсээр байна. Өнгөрсөн хугацаанд эрх баригчид асуудалд ихэвчлэн популизмаар хандаж ирлээ. Тэглээ гээд та бүхний шийдвэр хангалттай үр дүнд хүрсэнгүй. Адаглаад УОК-оос давсан шийдвэр гаргаад байгаа НОК-ийн байдал, 24 цаг ч хүрэхгүй дахин дахин өөрчлөөд байгаа бусад шийдлүүдийг олон нийт улс төрийн дотоод фракц, нэгдлүүдийн зөрчил тэмцэл гэж ойлгоод байна.

Тиймээс ХӨСҮТ-ийг тэргүүлэх байгууллага гэдгийг нь хүлээн зөвшөөрч дэмжиж ажиллая. Цагдаа, тагнуулаараа айлгаж ичээхээ болиод тэдний шийдвэр, зөвлөмжийг ядаж ганцхан сар дэмжээд үзье. Тэгэхийн тулд УОК болоод НОК цар тахлын эсрэг авах хариу арга хэмжээний багтаа мэргэжлийн чадварлаг мэргэжилтнүүдийг оруулж, ажлаа засаг захиргааны хувьд хувааж хэрэгжүүлье. УОК аймаг, орон нутгаа харин НОК зөвхөн Нийслэлээ хариуцъя.

 

Үргэлжлэл бий.

 

Х.Түүгч

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин