"ХӨСҮТ-ийн эмч нар PCR шинжилгээний хариуг хуурамчаар үйлддэг үү" сэдвээр  Эрүүл мэндийн ажилтны Үйлдвэрчний эвлэлийн холбоо, ХӨСҮТ-ийн үйлдвэрчний эвлэлийн хороо хамтран хэвлэлийн бага хурал хийлээ. 

Хэвлэлийн хурлын үеэр тэд Эрүүл мэндийн сайд С.Энхболдод мэдэгдэл хүргүүлж, хариуг дөрөвдүгээр сарын 30-ны дотор ирүүлэхийг шаардсан юм.

Энэ үеэр ХӨСҮТ-ийн ҮЭХорооны дарга О.Баатарчулуун: "ХӨСҮТ дээр ТЕГ, ЦЕГ-ын ЭЗГХТТасгийн хамтарсан шалгалт орсон нь үнэн.  Ажиллаж байгаа. Хачирхалтай нь энэхүү шалгалт орсноос 2 хоногийн дараа livetv гээд цахим хаяг дээр энэхүү шалгалттай холбоотой мэдээлэл олж авсан. Энэ мэдээлэлд ХӨСҮТ-ийн эмч нар монгол улсыг коронавирусын цар тахалд живүүлсэн үү? Гэсэн ийм хүнд гарчигтай, тодорхой зохиолтой, жүжиглэлттэй тодорхой зохион байгуулан, цар тахлийн голомтонд ажиллаж байгаа эмнэлгийн ажилчдийг илтээр буруутгасан ийм нэвтрүүлэг гарсан.

 

Энэ нэвтрүүлэг гарснаар цар тахлын голомтонд ажиллаж байгаа эмч ажилчдад, ХӨСҮТ-ийн эмч ажилчдад маш хүнд цохилт болсон, сэтгэл санааны. Дээр нь монголын ард түмэнд ч маш хүнд цохилт болсон. Энэ 2 хоногийн хугацаанд үнэхээр бодит байдлаас илт гуйвуулсан, шууд ХӨСҮТ-ийн эмч, ажилчдийг буруутгасан энэхүү нэвтрүүлэг гарснаар яг тэр цар тахлын голомтонд ажиллаж байгаа эмч ажилчид маань энэ 2 хоногийн хугацаанд маш хүнд нөхцөлд, сэтгэл санааны маш их дарамтанд байна.

 

Өчигдөр би энд нэр дурьдагдсан эмч нартайгаа уулзсан. Үнэхээр энэ 2 хоногийн хугацаанд бид ажлаа хийх ямар ч хүч, тэнхээгүй болчихлоо, ажилдаа төвлөрч чадахгүй байна. Нойргүй хонож байна. Бид нар яагаад 2 жил зүтгэчихээд, хийсэн ажлынхаа төлөө буруутгагдаж байгаа юм бэ? Бид нар ийм буруу зүйл хийх хүмүүс биш гээд уйлаад хэлж байгаа юм. Уг нь тэр хүмүүс өнөөдөр ирэх ёстой байсан ч, лабораторийн ачаалал ихэссэнтэй холбоотойгоор ажлын байран дээрээ байж байна. Ажлын ачааллаас болоод тэр хүмүүс маань хэвлэлийн хуралд оролцож чадсангүй ээ. Өчигдрөөс эхлээд цахим орчинд энэ мэдээлэл батлагдлаа гэж нотлогдсон мэтээр тарж эхэллээ. Тэр 50,000 хүнийг сөрөг болгосон гэсэн 3 эмчтэй холбоотойгоор энэхүү 3 эмч 80,000 төгрөгөөр сөрөг гэдэг бичиг гаргажээ. Тэр бүү хэл Сайханхүү эмч 21260 хүний шинжилгээг 80,000 төгрөгөөр үнэлж 1,7 тэрбум төгрөг идсэн байна, арай ч дээ гэсэн мэдээллүүдийг цахим орчинд явуулж эхэллээ. Үүнийг бид харахдаа энэ бол үнэхээр зохион байгуулалттайгаар цар тахлийн дэгдэлтийн бурууг ХӨСҮТ-ийн эмч, ажилчид руу зохион байгуулалттайгаар гүтгэж, оруулж байгаа юм байна гэдгийг ойлгож байгаа юм. Энэ бол ХӨСҮТ-д ажиллаж байгаа эмч ажилчдад буруу өгөх гэсэн зохион байгуулалттай улстөрийн үйл ажиллагаа байна гэж харж байна.

 

Өнөөдрийн энэ нөхцөл байдал хүндэрч, халдвар өдөрт 1000-аар нэмэгдэж, нас баралт өдөр бүр нэмэгдэж байгаа энэ бодит байдлыг ХӨСҮТ-ийн ажилчид, тархвар судлаачид Засгийн газар, Улсын онцгой комисст бүгдийг хэлж байсан. Нөхцөл байдал ингэж хүндрэх нь байна шүү, энэ хөл хориогоо маш сайн хийгээчээ гэж манай мэргэжилтнүүд хэлж байсан. Энэ сайд дарга нарын олон зөвлөхүүд, эрдэмтдийн баг та нар юу хийж байгаа юм бэ? Тэр эрдэмтдийн баг Засгийн газар дээр оччихоод бид нар хөл хорио шаардлагагүй гэж үзэж байна гэхэд ХӨСҮТ-ийн эмч, ажилчид мэргэжилтнүүд маш хүнд шоконд орж байсан. Шийдвэрийг дарга нар гаргадаг юм аа. Тэр шийдвэр нь оновчтой байсан уу?гэвэл оновчгүй байсан гэдэг нь өнөөдрийн энэ халдварын тархалттай холбоотойгоор батлагдаж байгаа юм аа. Тэгээд өнөөдөр цар тахал гаараад, нөхцөл байдал хүндрээд ирэхээр тэнд ХӨСҮТ-д голомтонд ажиллаж байгаа, ажлаас өөр зүйлд хоёрдохгүйгээр зүтгэж байгаа эмч ажилчдийг буруутгах арга ийм амархан та нар олсон юм уу? Бид нар үүнийг хүлээн зөвшөөрөхгүй ээ. Та нарын шийдвэр буруу байсан гэдгийг шууд хэлье. Хуулийн байгууллагаар нотлогдоогүй, батлагдаагүй байна. Ийм мэдээллийг өнөөдөр шууд буруутай мэт гаргаж ирж байгаа юм. ХӨСҮТ-ийн ажилчид юу гэж хүсэж байна вэ гэхээр, маш хурдан буруу зөвийг нь шийдээд өгөөч ээ. Буруу бол бол арга хэмжээгээ авхуулья. Буруу биш бол нэр төрөө сэргээж, ард иргэдтэйгээ нэг зүгт хармаар байна." гэв.

 

Харин уг мэдээлэлд нэр дурьдагдаад буй ХӨСҮТ-ийн лаборант Г.Энхцэцэг: "Өнөөдөр энэ сошиал орчинд яваад байгаа асуудлын талаар ярих гэж ирлээ. Би ковидийн шинжилгээнд яваад 1 жил 5 сар болж байна. Хавьтлын болон голомтын шинжилгээг авч, сорьцийн лабораторид хүргэж өгдөг. Тэгээд сорьцийн лабораториос ПГУ лабораторид сорьц очиж, тэндээ 8-10 цагийн дараа ПГУ хариу гарахад лабораторийн эмч нар хариуг гаргаж, дүгнэдэг болохоос биш би өнөөдөр шинжилгээг авчихаад, хариуг нь гаргадаг эрх бүхий хүн биш ээ. Үүнийг хэлэх гэсэн юм. ХӨСҮТ-ийн 850 гаруй ажилчдийг сүүлийн жил гаруй хугацаанд янз бүрээр хэлж байна. Битгий тэгээч ээ гэж гуйя." хэмээсэн юм.