Монголд бодлого гэж зүйл үгүй болж. Улс төрийн амьдрал ороо бусгаа, нийгмийн амьдрал шанага, шүүр. Монголчууд бүх шатандаа дэлхийд сериалаараа нэгдүгээрт ордог Солонгос кино үзсээр түүндээ итгэдэг болчихсон юм шиг. Манай улстөрчид ч ийм сериалын дүрд сайн “тоглох” юм. Тэр дүрдээ бүүр шунан дурлаж байна.

Улс төрийн амьдралд өдөр бүр өнгөт кино үргэлжилж, нийгмийн амьдрал нь түүнийг шүүж, шанагадсаар бид шинэ зууны хөгжил цэцэглэлтээс хоцров. Бид “ши[1]жүжиг”-т дуртай ард түмэн болжээ. Үзэхгүй бол уйддаг бололтой. Улс төрөөр бид өдөр тутам амьсгалж, бүр талцаж, мэтгэлцсээр өдрийг угтаж, үддэг болоод удаж байна. Хамгийн сүүлийн үеийн улс төрийн “жүжиг”-ээс эхэлье. Өнгөрсөн долоо хоногийн пүрэв гараг буюу дөрөвдүгээр сарын 29 ны өдөр УИХ[1]ын гишүүн С. Ганбаатар МАХН-ын гишүүнчлэлээсээ татгалзаж, ард түмэндээ баярлалаа хэмээгээд АН намд гишүүнээр элсэвнэ нь түүнийг өөрийн гэсэн улс төрийн чиг шугамгүй, хувь хүний үзэл бодолгүйг бэлхэн харуулчихлаа. Төрийн түшээ хүн ул суурьтай, чигч шулуун, тууштай, үнэнч баймаар. Гэтэл ингээд өөрийн эрх ашгаа урдаа тавьж, ярьсан зүйл нь үгүй болонгуут урваж, шарваж улс төрийн ноён нуруугаа гээх . Тийм амархан, хямдхан сонголт юм гэж үү. УИХ-ын гишүүд ард түмний төлөөлөл, тэд тойрог, намаа сонгон төрд ирдэг. Иргэд болон намынхаа итгэлийг хүлээж, квот авч сонгогдсон түшээд тойргоо солих нь бүү хэл, намаа солих хүртэл нь хууль ёс, дэг жаягтай байх ёстой. Гэтэл энэ соёл өнөөдөр Монголд огтхон ч алга. 25-р суваг телевизийн “Танайд хоноё” нэвтрүүлэг ямар ч хамаагүй айлын хаалга тогшиж, эзэн нь зөвшөөрвөл орж хонож, аж амьдралынх нь тухай хөөрөлддөг. Үүн шиг улс төрд бас айлын хаалга тогших моод тогтох уу. Дуурайж болох эс болох зүйл гэж баймаар. Уг нь “Танайд хоноё” телевизийн нэвтрүүлэг юм шүү дээ. УИХ-ын чуулганы хуралдаанд босож үг хэлж байсан учир “босоо” хэмээн цоллуулах болсон С.Ганбаатар гишүүнийг Ц.Тувааны тэргүүлж буй АН элсүүлж л байдаг. Нам эсэх нь ч тодорхой бус, албан ёсоор Дээд шүүх хүлээн зөвшөөрөөгүй байхад шүү. Өөрийн тамга тэмдэгтэй бүртгэлтэй намаасаа гүйж очоод, эрх зүйн чадамжгүй гэгдэх нам руу оччихлоо. Одоо яая гэх вэ, өөрөө ойчсон хүүхэд уйлдаггүй гэдэг дээ.

 Түүнд АН-ын журмын нөхөд санал өгч Монгол Улсын Ерөнхийлөгчид томилолт өгч явуулна гэдэг сэрүүн зүүдэлсэнтэй адил явдал байсан. Гэвч хүн өөрийгөө голдоггүй юм байна. Хэрэв Дээд шүүх аль нэг АН-ыг нь бүртгэлээ гэхэд намдаа дурын хүнийг элсүүлээд байвал намын соёл, үнэт зүйл яах вэ. АН лидерүүдээ хөөж, шоронд оруулчихаад, амьгүй албат адил С.Ганбаатар мэтийн гишүүдээр намаа нөхсөөр байх уу. Уг нь АН улс төрийн соёлоо бодвол С.Ганбаатарт үүдээ нээх ёсгүй. Яагаад гэвэл тэс өөр үзэл бодол, үнэт зүйлтэй нам шүү дээ. Нөгөө намын зүүн, баруун гэх үзэл баримтлал хаачив. Нам дамнасан этгээдүүд ингээд дуртай үедээ орж гараад явсаар байх уу, гэдгийг АН цаашид бодолцох ёстой болж байна. Намын үнэт зүйл, УИХ-ын гишүүний ёс зүй хаана вэ. С.Ганбаатар гишүүний эл үйлдэл ёс зүйгүй байдлыг харуулсан бэлэн жишээ юм. Дараагийн жишээ. Ердөө 16 хоногийн өмнө иргэн Б.Сүндэръяа УИХ-ын гишүүн Ц. Анандбазарын хүчирхийллийн талаар нийгэмд хүчтэй дуугарсан.

 Тэрбээр “УИХ[1]ын гишүүн Ц.Анандбазар намайг Зоогийн газарт найзын минь дэргэд өвөр дээрээ суухыг шаардаж, суухгүй гэснээс үүдэж амьдрал, нэр төрийг минь там болгож байна” хэмээсэн. Түүний дуу хоолой нийгэмд хүрч, хүчирхийллийн эсрэг хөдөлгөөн өрнүүлж буй. Олон ч ээж аавууд, төрийн бус байгууллагууд Ц.Анандбазар гишүүний эсрэг акц хийсэн. Ц.Анандбазар гишүүнтэй холбогдсон олон бүсгүйчүүд ил гарч эхэлсэн ч эргээд нам гүм болж байна. Хэдийгээр энэ асуудал шүүхийн шатанд яваа ч бид цаашид УИХ-ын гишүүдийн ийм увайгүй, ёс зүйгүй олон үйлдлийг хүлээн зөвшөөрсөөр байх уу. Дараагийн жишээ. 2019 онд УИХ-ын гишүүн асан Д. Гантулга хоёр жилийн ял авсан. Хоёр ч удаа хүчингийн хэрэгт холбогдож байсан гэдэг. Монгол төр самуурч, улс төр бохирдсоны сүүлийн хэдхэн баримт энэ. Тэдэнд хууль үйлчлэхгүй, хэн ч ёс зүйн хариуцлага үүрүүлэхгүй. Тэд чөлөөтэй юу хүссэнээ хийж, эрх дураараа айлын нялх охидыг хоргоож явна. Уг нь Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент үүсээд 30 жилийг үдсэн. Биологийн насаар бол идэр нас буюу “бие бялдар” тэгш хөгжсөн байхаар цаг хугацаа. Тэгэхээр парламент энэ 30 жилд төлөвшиж, бүр парламентын ёс зүй өндөр төвшинд очиж, УИХ-ын гишүүд нь ёс зүйг чандлан сахидаг болтлоо төлөвшчихөөр хугацаа л даа. Гэтэл юун төлөвших бүр садар самуун явдлыг өдөөгсөд орж хоргоддог газар болчихов уу гэлтэй. Харин ч 30 жилийн өмнө харьцангуй ёс зүйтэй байсан юм шиг. 

Учир юу гэвэл БНМАУ-ын Бага хуралд Хөвсгөл аймгаас 1992 онд сонгогдож байсан Д.Дамдин гишүүн тойрогтоо саван тараасан хэргээр ёс зүйн шийтгэл хүлээж, огцорч байсан жишээ байна. Тодруулбал, 30 жилийн парламентын түүхэнд ганцхан удаа ёс зүйн хариуцлага хүлээлгэж байсан бодит жишээ бол энэ. Гэтэл өнөөдөр олон гишүүдийн ёс зүйн асуудал сөхөгдөж буй ч ёс зүйн хариуцлага тэдэнд хэн ч хүлээлгээгүй. Монгол Улсад 30 жилийн хугацаанд найман удаа УИХ-ын сонгууль болсон. Энэ хугацаанд нийтдээ 608 гишүүнийг “УИХ-ын гишүүн” хэмээн өргөмжилж, тангараг өргүүлэн, тэднээр дамжуулан ард түмэн дуу хоолойгоо төрд хүргэжээ. Тэд төрийн түшээ болохдоо төрийн сүлдний өмнө “Монгол Улсын Их Хурлын гишүүн би ард түмнийхээ элчийн хувьд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн, төрт ёс, түүх, соёлынхоо уламжлалыг хүндэтгэж, Монгол Улсын Үндсэн хуулийг дээдлэн сахиж, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж, гишүүний үүргээ чин шударгаар биелүүлэхээ тангараглая. Миний бие энэ тангаргаасаа няцвал хуулийн хариуцлага хүлээнэ”хэмээн тангараг өргөдөг. Энэ бол УИХ[1]ын гишүүнийг төрд ороход нь ёс зүйг сахиулахын тулд тангараг өргүүлж буй байдал.

 Мөн Монгол Улсын Их хурлын гишүүний ёс зүйн дүрэмд төрийн албанд баримтлах ёс зүйн хэм хэмжээг баримтлах талаар тов тодорхой заасан байна. Тодруулбал, УИХ-ын чуулганы хуралдааны танхимд биеэ зөв авч явах, холбогдох хууль тогтоомжийг с а х и н б и е л ү ү л э х , а л б а н тушаалынхаа байдлыг ашиглаж хууль бус орлого, ашиг хонжоо, давуу талаа ашиглах зэргийг үйлдэхгүй хэмээн ёс зүйн дүрэмд нь цагаан дээр хараар дурайтал бичжээ. Тэд хэдий тангараг өргөдөг ч энэ өргөсөн тангараг, ёс зүйн дүрмээ сахиж, ёс зүйтэй байж чадахгүй байна. УИХ-ын гишүүнийг сонгохын тулд бид арван төгрөгөөр итгэл үнэмшлээ худалдаж ирснээс болоод ёс зүй, зарчимгүй түшээдтэй болчихов уу. Төрийн гол суурь ёс зүй юм. Түүний нэг жишээ “Төрийн туйлын зорилгын онол дотор ёс суртахууны онол багтах” бөгөөд ёс суртахууны хэм хэмжээг яв цав хэрэгжүүлэх нь төрийн үүрэг, зорилго юм. “Ёс суртахуун нь өөрөө ариун шударга зүйл учраас хэрэгжүүлж чадвал нийгмийн харилцааг тохинуулахад өөр ямар ч арга хэрэглэх шаардлагагүй гэж үзнэ” хэмээн доктор Н. Лүндэндорж “Төрийн онол” бүтээлдээ онцолсон байдаг. Мөн Аристотель “Дээд суртахуун” зохиолынхоо нэгдүгээр дэвтрийн эхэнд “олон нийтийн болон төр улсын амьдралд оролцъё гэж бодож байгаа бол тэр этгээд сайн үйлийн суртахуунтай хүн байвал зохино” хэмээн өгүүлсэн. Энэ хоёрхон өгүүлбэрийг тэдэнд УИХ-ын гишүүний тангараг өргөх үед нь онцолж “цээжлүүлж” баймаар байна. Парламентын ардчилал манайд жинхэнэ утгаараа төгөлдөржиж, УИХ-ын Ёс зүйн дэд хороо ямар нэг лобби, ил далд явуулгад автахгүйгээр ажлаа хийх цаг аль хэдийн иржээ. Төр амгалан, Түмэн олон төвшин байг

ҮНДЭСНИЙ ШУУДАН СОНИН