УИХ, Засгийн Газрын гишүүн, Монгол Ардын Намын Даргаар ажиллаж байсан Ө.Энхтүвшин сүүлийн 30 жилийн улс төрийн үйл явдлын тухай ном бичиж байгаа аж. Уг номын хэсгээс цувралаар нийтэлж байна.

 

 

“Политбюро”-гийн томчуул-1

 

Улс төрийн товчооны гишүүн, орлогч гишүүн байсан удирдагчид бараг бүгд хорвоогийн жамаар энгэрээ дагаад оджээ. Тэр хүмүүсийн нилээдтэй нь уулзаж ярьж хөөрч байсан хэрнээ олигтой юм тэмдэглэж авч үлдээгүй юм байна. Өнгөрсөн хойно нь “тэгэх байж” хэмээн амаа барьж гэмшдэг монгол зан надад бас байна. Гэхдээ огт хоосонгүй, ярианы бага сага товч тэмдэглэл, зарим дурсамж сэтгэлд үлджээ. Тэр тухай өгүүлье. Хэн нэг хүнийг сайн, муу талаас үнэлэлгүй, зөвхөн болж өнгөрснийг уншигчдад хүргэх зорилт тавилаа.

 

 

Ю.Цэдэнбал

 

Ард түмэнд тун цөөхөн харагддаг лидер байсан. Одоогийн удирдагч нар шиг өдөр бүхэн телевизээр гардаггүй учир хааяа нэг үзэгдэх барааг нь харж дуу хоолойг нь сонсоход үнэхээр сонин, бас биширмээр. “Манай ард түмний хайрт удирдагч, Олон улсын коммунист, ажилчны хөдөлгөөний гарамгай зүтгэлтэн, марксизм-ленинизмийн онолыг бүтээлчээр хөгжүүлэгч, халуун эх оронч, цогтой интернационалч, залуу үеийг халамжлан хүмүүжүүлэгч...” гээд л урт гуншингаа дуудуулан алга нижигнэтэл ташуулаад индэр дээр гарч ирж буй их жолоодогчоо хараад тэр үед баясахгүй хэн байх билээ.

1979 онд Монголын тэргүүний оюутан залуусын улсын анхдугаар зөвлөгөөн болоход Ю.Цэдэнбал дарга оролцож үг хэлсэн. Зөвлөгөөний үеэр хэдэн оюутныг даргатай уулзуулахад миний бие тэнд байсан. Уулзалт маш богино, гурав, дөрөвхөн минут л болсон санагдана. Надтай гар барихдаа “ямар мэргэжлээр суралцаж байгаа вэ?” гэж асуухад нь “түүхч” гэсэн. Гэхдээ сандарч тэвдээд олигтой дуугарч чадаагүй шиг санагддаг. Дараа нь 1980 онд Их сургуулиа төгсөөд Төв хорооны дэргэдэх Намын түүхийн институтэд томилогдоод очсон тэр үед ахмадууд Ю.Цэдэнбал даргын нэг захидлын тухай хоорондоо яриад байв. Даргаас сүрхий зэмлэл хүртлээ ч гэх шиг. Тэр нь МАХН-ын X их хурлын түүхт 40 жилийн ойд зориулсан онол-эрдэм шинжилгээний хурал дээр манай институтийн удирдлагын тавьсан илтгэлтэй холбоотой захидал байжээ. 

Илтгэлд X их хурлын гол ач холбогдол нь Ю.Цэдэнбал даргыг анх дэвшүүлэн гаргаж ирсэн явдал мөн гээд түүний удирдлагаар манай нам, ард түмэн богино хугацаанд ийм ийм том амжилтад хүрлээ гэхчлэн магтсан юм байх. Хурал өнгөрсөн хойно Москвагаас ирсэн Ю.Цэдэнбал дарга уг илтгэлийг уншаад зад шүүмжилсэн захидал бичжээ. 

 

Захидлын агуулга нь: Нам, улсын 40 жилийн түүхэнд миний гүйцэтгэсэн үүргийг дэндүү хэтрүүлэн үнэлсэн байна. Бас том онолчийн хувьд Марксизм-Ленинизмийн шинжлэх ухааныг хөгжүүлэхэд гарамгай хувь нэмэр оруулсан гэж дэндүү магтжээ. Энэ маш хортой. Түүхэнд олон түмэн л гол үүрэг гүйцэтгэдэг. Гэтэл ЗХУ-тай ах дүүгийн холбоо тогтоосон Монголын ард түмний бүтээснийг ганцхан надад наажээ. Би ичиж байна. Энэ бол түүхийг бодитой үнэлэхийн оронд хэлбэрдэх, загварчлах арга барил газар авсны илрэл мөн гэхчлэн шүүмжилжээ. Сонирхолтой нь, яг ийм агуулгатай захидлыг Ю.Цэдэнбал дарга 1949 оны 3 дугаар сарын 10-нд “Ардын унших бичиг” номтой холбогдуулж Улс төрийн товчооны гишүүдэд бичиж байжээ. “Ардын унших бичиг” номонд намайг даанч санаа зовмоор магтжээ. Бидний агуу их удирдагч Х.Чойбалсан байсаар байхад яаж ингэж долигонож чадав аа. Би бол жижигхэн амьтан шүү дээ гэх агуулгатай захидал бичсэн байдаг. 

Тэр захидал тухайн үедээ Х.Чойбалсанд үнэнхүү таалагдаж, залуу Цэдэнбал дарга онцгой их үнэлэгдэж “Ардын унших бичиг” хураагджээ. Тэр номонд Ю.Цэдэнбал даргатай хамт магтуулсан С.Янжмаа гуай “удирдагчийн байр суурь булаацалдлаа” гэж Х.Чойбалсанд загнуулан бүх албан тушаалаасаа хусуулсан байдаг. Энэ мэт үйл явдлыг сонсоод миний үеийн зарим залуучууд “тал засах, бялдуучлах явдлыг үзэн яддаг, маш даруу аргагүй гарамгай удирдагч мөн байна. Магтуулах дургүй хүн энэ дэлхий дээр бас байдаг юм байна. Ийм удирдагчтай учирсан Монголчуудын заяа ч их юм даа” гэж биширч байлаа.

 

Гэвч үнэн хэрэгтээ хайрт удирдагч маань “нэр алдарт огт дургүй хүн” биш байжээ гэдэг нь аяндаа ойлгомжтой болсон билээ. Одоогийнхоор бол цагийг нь олж, эгзэгийг нь тааруулаад хэсэг нөхдийг золиосонд гаргаж уран гоё “попорч” чаддаг сүрхий мэдрэмжтэй улс төрч байжээ. 

 

Манай институтийнхэн 1980 оны тэр захидлаас хойш Цэдэнбал даргын талаар үнэлэлт дүгнэлт өгөхдөө тун болгоомжтой ханддаг болсон. Үүний нэг жишээг би мэдэх юм. 1986 онд болох Ю.Цэдэнбал даргын мэндэлсний 70 насны ойд зориулан түүний намтрыг бичих үүргийг манай институтэд Төв хорооноос өгсөн. Энэ үүргийг бараг 1981 онд өгсөн байх. Институтийн миний харьяалагддаг байсан намын түүхийн хэлтсийн томчуул-доктор Л.Бат-Очир, Б.Цэрэн, Д.Даш нарын зэрэг эрдэмтэд өдөр шөнөгүй сууж 1982 оны эцэс гэхэд бичээд дууссан санагдана. Би бол тэдний гар хөлд хааяа зарагдаж, үг үсэг нийлэх, зарим он цагийг нягтлах зэрэг аахар шаахар ажил хийсэн.

Би нэг өдөр Л.Бат-Очир даргаасаа “Та бүхэн аль хэдийн биччихсэн хэрнээ яагаад хэвлүүлэхгүй байгаа юм бэ” гэж асуусан чинь “Болоогүй. 30 гаруй тодорхойгүй асуулт байгаа. Үүнийг зөвхөн Цэдэнбал даргаас өөрөөс нь л тодруулна. Тэгж байж хэвлүүлэх тухай ярина. Тэр хүний зөвшөөрөлгүй юм хэвлүүлбэл 1980 онд юу боллоо? Санаж байгаа биз? Институтийн удирдлага бүр хатуу байгаа” гэв. Ингээд Ю.Цэдэнбал даргаас цаг өгөхийг хүлээсээр сар жил өнгөрсөөр байв. Гэтэл нэгэн бүтэн сайн өдөр уулзах цаг олдлоо гэв. Авторууд маань ч бөөн баяр, хөл нь хөнгөрчихсөн ордон руу гүйлдэв. Даргатай уулзжээ. Эхний хоёр, гурван асуултаа тавьсан чинь Ю.Цэдэнбал дарга бага, залуу насныхаа амьдралыг дахин дахин яриад хоёр цаг хагасыг өнгөрөөж гэнэ. Хүүхэд байхад нь лам болгохоор сүмд явуулсан, тэндээс оргосон, Улаангом орсон, Улаанбаатарт ирсэн гэх мэт мэдээжийн зүйлс давтаад байжээ. Эрдэмтдийн тэвчээр нь барагдаад:

-Даргаа, таны комиссарууд бидэнд гуравхан цаг өгсөн. Цаг дуусах нь. Маш чухал 20 гаруй асуулт үлдлээ. Яадаг билээ? гэсэн чинь:

-Өө тийм үү? Ойлголоо, ойлголоо. За тэгээд сүмээс оргоод лам болсонгүй, дараа нь... гээд л урьдын сэдэв рүү гээ л буцаад байж. Сүүлийн үеийнхээ үйл явдлыг мартдаг, тэгсэн хэрнээ бага, залуугийнхаа түүхийг тод санадаг өвчтэй болсон байжээ.

Гэнэт нарийн бичгийн даргын өрөөнд Филатовагийн дуу хадаад явчихжээ. “Цэдэнбалыг бүтэн сайн өдөр хүртэл амруулахгүй, яасан зовоож ханадаггүй хүмүүс вэ, амралтын өдөр хүртэл дуудаад байдаг. Хэн хэн энэ дотор байна?” гэж хэлээд шууд ороод иржээ.

“За тэр! Бүр олуулаа шавчихсан. Тал талаас нь шалгааж байна уу? Цэдэнбал бос, хувцсаа өмс, та нар гар, хөдөлмөрийн хууль мэдэх үү, ядахдаа ганц өдөр амрааж болдоггүй юм уу” гэж хашгираад даргыг хөтлөөд гарчээ. “Тэр номд тодруулах ёстой гол зүйлүүд нь 70, 80-аад оны үеийн үйл явдлууд байсан учир үр дүнгүй уулзалт болсон” гэсээр манай хэд тун урамгүй буцаж ирсэнсэн. Намтар хэвлэгдээгүй. Намтар байтугай юмнууд дараа дараа нь өрнөсөн. Уг нь тэр тун чамбай бүтээл болсон санагддаг. Олон томчуул урт хугацаагаар өгүүлбэр бүрийг нягталж бичсэн. Одоо архивд байх ёстой. Өнөөдөр ч гэсэн хэвлүүлбэл зүгээр сэн. Түүх шүү дээ. Энэ мэт зүйл бодогдсоор явдаг надад сүүлд 1993 онд даргын гэргий А.И.Филатоватай уулзах завшаан нэг удаа тохиолдсон юм. 

1993 онд Оросын Думын Сонгууль ажиглах багийн бүрэлдэхүүнд би оров. Сүүлд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга болсон, судлаач Б.Батхишиг бид хоёр А.И.Филатова гуайтай уулзахаар гэрт нь очив. ТАСС-ын ойролцоох А.Толстойн гудамжны 12 дугаар байрны 23 тоотод амьдарч байсан. Хонх дарлаа. Жижигхэн, туранхай эмгэн хаалга тайлж өгөв. Эхлээд таньсангүй. Нөгөө тарган цатгалан ихэмсэг орос эмэгтэй байх ёстой гэж бодсон чинь шал өөр болжээ. Урьдчилаад хэлсэн учир их уриалагхан угтав. Дайлах юмаа олж ядаад сандраад байгаа бололтой. Тэгснээ баахан гэрэл зургийн альбом тэвэрсээр ирлээ. Унадаг дугуйн дээр хоёул авахуулсан зураг байна. Би тэсгэлгүй “Та их гоё хүүхэн байсан байна шүү дээ” гэв. Гэтэл “Тэгэлгүй яахав, Зөвлөлтөд намайг олон монгол, орос хөвгүүд эргүүлж байсан, Би зөвхөн Цэдэнбалыг тоосон гэснээ гэнэт хувирч сүүлийн үед Монголчууд миний дургүйг их хүргэж байна. Тэтгэврийг минь өгөхгүй байна. Миний байгуулсан хүүхдийн зуслан, хуримын ордон, залуу техникчдийн ордон байгаа юу, шуналтай хүмүүс хуваагаад авчихсан уу?” гэж асууж, зарим үед өнөөх түрэмгий зан цухалзаж байлаа. Ямар ч байсан бид хоёр Элчин сайдын яаман дээр очиж тэтгэврийн талаарх гомдлыг нь хэлсэн, тэгэхэд “Арга хэмжээ авна. Төвөөс хариу ирэхгүй байгаа” гэж тайлбарласан санагдана. Энэ тухай Б.Батхишиг нэг номонд бичсэн санагдаж байна. 

 

 

Ч.Сүрэнжав

 

Намайг Төв хорооны дэргэдэх институтэд эрдэм шинжилгээний ажил хийж байх 80-аад оны эхээр Ч.Сүрэнжав хэмээх 60 нилээд гарсан болов уу гэмээр насны хүн манай байгууллага дээр үе үе ирж эрдэмтэдтэй уулзаж архив, номын санд их суудаг байсан. Хааяа дуугарахдаа хүмүүсийг цочтол сөөнгөдүү хоолойгоор чанга ярина. Институтийн нэг ахмад эрдэмтэн “Энэ хүн Х.Чойбалсан, Ю.Цэдэнбалын үед нам талаасаа ч, төр талаасаа ч хоёрдугаар хүн байсан. Ёстой цагтаа цалгиж цалингаа буухаар наргиж явсан эр дээ. Их гүжирмэг, зүтгүү, хатуу шаардлагатай удирдагч байсан, тэр чанарыг ч дээд дарга нар их ашигладаг байсан гэдэг юм. Одоо нас нь ч их явж, хүн ч тоохоо больж” гэж ярьсан нь мартагддаггүй юм. 

Манай хэлтсийн дарга доктор Л.Бат-Очир агсан намайг “архивт сайн суу” гэж зөвлөдөг байсан учир 1983-1984 онд намын түүхийн архивын 60-аад он хүртэлх үеийн баримтуудтай гайгүй сайн танилцсан. Ч.Сүрэнжав гуай бид хоёр хоёулханаа архивын уншлагын танхимд үлдээд хоцрох үе цөөнгүй байв. Бид хоёр сүүлдээ сүрхий танилцаж, надад үе үе тухайн үедээ нээлттэй биш байсан асуудлуудын зах зухаас ярьдаг байснаас нэг удаагийн маш товч тэмдэглэл үлджээ. Бодоход, архивт уншсан материалуудаасаа би сонирхож асуусан бололтой.

-Сүрэнжав гуай та мундаг удирдагч байсан юм байна. 1940 оноос хойших намын баримт бичгүүдэд таны нэр байн байн гарах юм. “Улс төрийн товчоонд Ч.Сүрэнжав илтгэл тавилаа”, “Нөхөр Сүрэнжавын саналаар Улс төрийн товчоо ингэж, тэгж шийдвэрлэлээ...” гэхчлэн. Ялангуяа Ю.Цэдэнбал дарга таныг их түшдэг байжээ гэж би ойлгосон. Харин яагаад таныг 1959 онд гэнэт халсан юм бэ? гэхэд;

-Тийм ээ тийм. Нам, засгийн даалгавраар хариуцлагатай албанд олон жил зүтгэсэн. Гайгүй ч үнэлэгдэж явсан үе бий. За тэгээд, зүтгэсэн хүнд зарим нь дургүй болдог юм билээ. Худал, үнэн юм ярьсан, энд тэнд шивэгнэлдсэн, элдэв мэдээлэл бичсэн хүмүүс их байсан. Гол нь намайг хоцрогдсон, ажлын арга барил нь хуучирсан л гэж буруутгасан. Ганц би ч биш, олон хүн намаас хатуу арга хэмжээ авахуулж байсан даа. Харин ч би цаг зөөлөрсөн үед дарга болсон. 20-30-аад оны үед гарч ирсэн том том сэхээтнүүдийн хувь заяа бүр аймшигтай байсан шүү дээ.

 

- 30-аад оны үед баригдсан нам, төр, цэргийн зүтгэлтнүүд “Японы тагнуул” болж урваад эсхүл хуйвалдаан хийж бослого гаргах гээд байсан юм уу?

-Чи энэ талаар судалгаа хийе гэж байгаа бол Б.Ширэндэв, бас нөгөө ... өө хэн билээ дээ ... аа тийм хянан шалгахын Т.Гэндэнгээс тодруулах хэрэгтэй. Тэд л мэднэ. Гэхдээ тэд чамтай уулзахгүй л болов уу.

 

-“Порт-Артурын хэрэг” гэсэн нууц материал архивт байдаг гэж сонслоо. Би одоогоор үзээгүй байна. Та тэр тухай мэдэх үү?

-Чи бас цаг нь болоогүй байхад хамаагүй юм сонирхож болохгүй. Нууцад байгаа бол ил гаргах хугацаа нь болоогүй гэсэн үг. Олон хятад хүмүүс холбогдсон хэрэг байдаг гэж би хальт сонссон. Наад асуудлыг чинь мэдэх хүн бол генерал Цэдэв шүү дээ.

-Дилов Хутагт Б.Жамсранжав 1930 онд дотоодыг хамгаалахын шоронд байснаа удалгүй Хятад явсан, тэгээд эргэж ирээгүй гэдгийг саяхан би нэг өвгөн түүхчээс сонслоо. Оргосон юм болов уу?, даалгавартай явсан юм болов уу? 

-Даалгавартай явсан гэдэг юм. (Тэрээр шивэгнэж хэлэв). Урвасан, зугтсан гээд янз янзаар л ярьдаг юм. Би нэг удаа 1943 онд бил үү арай хожуу ч бил үү, Чунчинд айлчлах болсон. Явахын өмнө Маршал надтай уулзаад “Чиний очих газарт Дилов хутагт байгаа сурагтай. Чамтай уулзах гэх байх. Битгий уулзаарай” гэсэн. Онгоцноос буух үед үнэхээр цоохордуу царайтай хүн зогсож байсан. “Сайн байна уу, сайн явж ирцгээв үү? Би Дилов хутагт Жамсранжав байна. Та бүхэнтэй уулзах боломж гарах болов уу” гэсэн. Би дуугараагүй, уулзаагүй, шууд зөрөөд өнгөрсөн. 

-Та хэд гурван үг солихгүй яасан юм бэ? 

-Маршалаас тийм хатуу даалгавар өгсөн юм чинь. Яаж болохов... 

Дандар баатрын цолыг хураасан тухай, Х.Чойбалсан, С.Янжмаа нар муудалцсан тухай, Ю.Цэдэнбал дарга Дашийн Дамбыг яаж зайлуулсан тухай гэх мэт асуултыг бас сонирхоход “Наад юмнууд чинь бүгд архивт байгаа” гээд өнгөрөв.

 

Ч.Сүрэнжав гуай тун болгоомжтой, “илүү юм ярьчих вий” гэсэн шинжтэй байлаа. Өнөөдөр эргээд харахад ч гэсэн миний сонирхсон зүйлүүдэд тодорхой юу ч хэлээгүй юм байна. “Б.Ширэндэв мэднэ”, “Цэдэв генерал мэднэ”, “Архивт байгаа” гэсхийгээд өнгөрчээ. 

Ярьж байснаа үе үе үүд рүү харж чимээ чагнана. Арга ч үгүй биз. 80-аад оны эх гэдэг бол Ю.Цэдэнбал даргын “хаанчлалын” оргил үе. Тэгээд ч 20-иодхон жилийн өмнө хатуу шийтгэл амсч “хал үзэж, халуун чулуу долоосон” ахмад хүн юм чинь, юу гэж илүү үг унагах вэ дээ. Буруутгах аргагүй.  

 

 

Б.Алтангэрэл

 

 

Улс төрийн товчооны гишүүн, Улаанбаатар хотын намын хороог 24 жил толгойлсон. Улс төрийн товчоон дотроо харьцангуй залуу, баргил гоё дуу хоолойтой учир хүмүүс түүний ярих, илтгэхийг сонсох дуртай байсан гэдэг юм. 

1996 онд Намын нарийн бичгийн даргаар сонгогдсон надад хэдэн сарын дараа Улаанбаатар хотын намын хорооны даргын албыг давхар үүрүүлэв.

Нэгэн өдөр өмнөх дарга Г.Өлзийгөөс үлдээсэн бичиг цаастай танилцаад нэлээн орой болтол сууж байтал Б.Алтангэрэл дарга 5-6 насны отгон хүүгээ хөтөлсөөр орж ирэв. Гар барин мэндлэнгээ цагаа хальт харснаа “Пөөх, энэ чинь ес өнгөрчхөж. Гэхдээ хэд гурван минут уулзах боломж байна уу?” гэж асуухад нь би ч “тэгэлгүй яахав” гэв. Бас болоогүй цүнхэн дотроосоо нэг шил “Болор” гаргаж ирээд “Сая энэ бид хоёр үүгээр явж байсан чинь чиний өрөөний цонх гэрэлтэй байна. Тэгээд ороод ирлээ. Чамд хоёр гурван зүйл хэлье гэж бодлоо” гээд нилээд зүйл ярив. Би цөөн хэдэн зүйл тэмдэглэжээ. Агуулга нь:

“-За Улаанбаатарын намын хороо гэдэг нийт гишүүдийн гуравны нэгийг багтаасан маш том айл. “Зүү хаашаа, учиг тийшээ” гэдэг шиг эндээс ямар шийдвэр гарна, тэр нь нийт намын хэмжээнд чиглэл болоод явдаг юм даа. Сайнаараа ч, муугаараа ч. Хотын намын хорооны шийдвэрийг сөрж, эсэргүүцсэн хүн бараг байдаггүй юм. Ямар сайндаа гэр бүлийн асуудалд орсон нөхөртөө эхнэр нь: ”Хотын намын хороо байгаа цагт чи муу хаачхав дээ” гэж даналзаж байсан гэдэг юм. 

Одоо цаг их өөр болж. Миний үеийн арга барилаар ажиллах боломж байхгүй. Хүмүүс ч их хувирч байна. Хамгийн гол нь конторт бага сууж, намын гишүүн гэхгүйгээр иргэдийн дунд орж ажиллах хэрэгтэй. Хүний арга эвийг олох ухаан чухал шүү. Социализмын үед намын байгууллага хадлан, тэжээл, мах, сүү, тос, барилга, замын ажлын явц, хороо, орон сууцны гэрэл, цахилгаан, дулаан, хог шороо гээд аж ахуйн ажлаар их хөөцөлддөг байсан. Одоо намд тийм үүрэг байх биш, зөвхөн хүнтэй ажиллах, сонгуульд илүү санал авах, намынхаа нэр хүндийг өргөхөд л анхаарах цаг болж дээ. За тэгэхдээ, хүмүүсийг татах ёстой гээд элдэв юмнуудтай зууралдаж дараа нь салж ч болдоггүй, нийлж ч болдоггүй байдалд орчих вий дээ. Тэрнээс болж намын нэр хүнд унана шүү” гэхчлэн ярьсан юм. Ийнхүү ярьсаар байтал цаг ч бүр орой болж, хүү нь буйдан дээр унтаад өгсөн байв. 

 

Түүнээс хойш хэдэн хоногийн дараа дахин нэг удаа орж ирэв. Сөрөг хүчин болсон тэр үед нам санхүүгийн хувьд их хүнд байсан учир өмнө нь намаас мөнгө зээлсэн 80 гаруй хүнийг авснаа даруй барагдуулахыг шаардаж бичиг хүргүүлсэн байлаа. Түүн дотор Б.Алтангэрэл гуайн нэр байсан. 3000 ч бил үү доллар буцааж өгөх ёстой байв. Тэр асуудлаар “А” дарга маань иржээ. Тэгээд ярьсан нь:

“Ах нь тун их санаа зовж байна. Та нарын түмэн зөв. Тэгэх тусам нам маань ийм хүнд байхад авсан зээлснээ буцааж төлөх байтугай, харин боломж байвал бид хандив өгөх ёстой. Яг одоо надад байгаа хөрөнгө гэвэл унаж яваа “Мерседес” байна. Үүнийг авч бай. Бага байна гэвэл ах нь чадах чинээгээрээ цувуулаад төлье” гэв. Би тэр даруйд Сан хөрөнгийн дарга Н.Түмэндэмбэрэлийг дуудаж уг асуудлыг зохицуулах үүрэг өгөв. Өрийн данснаас хасах шийдвэр тэр даруй гарсан байдаг. 

Б.Алтангэрэл гуайгаас өөр хүн өрөө барагдуулсан бил үү яалаа, одоо сайн санахгүй байна. Түүнийг Н.Түмэндэмбэрэл дарга, өөрийн хяналтын дарга байсан Ш.Түдэв нар сайн мэдэх учиртай. 

 

Өлзийсайханы Энхтүвшин