УИХ-ын гишүүн Ц.Анандбазартай холбоотой сөрөг мэдээлэл бараг өдөр бүр гарч байна. Түүнийг нэр бүхий эмэгтэйчүүдэд бэлгийн дарамт үзүүлсэн гэсэн мэдээлэл сарын турш үргэлжлээд намдав уу гэж байтал тэрбээр энэ сарын 7-нд “Ам нээвэл” нэвтрүүлэгт оролцсон. Энэ үеэр “Эмэгтэй хүнийг ресторанд урьж уулздаг завгүй, түүхгүй”, “Надад хүчирхийлүүлсэн эмэгтэй баримттайгаа гараад ирвэл насаар нь шатахууныг нь даана” гэхчлэн “доромжиллоо”.  Мөн нутгаасаа төрсөн олимпийн аварга болон түүнд зодуулж, амь нас нь хутганы ирэн дээр байгаа бөхчүүдийг дурдан тэдний тухай дуулианыг дарах гэж өөрийг нь гүтгэлээ хэмээсэн юм. Түүгээр ч зогсохгүй УИХ-ын 2020 оны сонгуульд өөртэй нь өрсөлдөж гуравдугаарт жагссан нэр дэвшигч энэ бүхнийг хийсэн мэтээр тайлбарлалаа. 

Ц.Анандбазар гишүүн энэ ярилцлагадаа “Намайг муулах нь Булганы 60 мянган ард иргэдийг муулж байгаа хэрэг. Тиймээс нэр төрөө сэргээлгэж авах нь зөвхөн миний биш Булганы ард түмний хүсэл. Тэгж байж би тэдэнтэй нүүр бардам уулзана шүү дээ” гэсээр энэ сарын 9-нд Булган руу гараад давхичихаж. Бодвол телевизээр ярилцлага өгөөд “нэр төрөө сэргээчихлээ” гэж үзээд тойрог руугаа явсан бололтой. Ингэхдээ нийт 15 сум тус бүрт нэг гэр, ЭМЯ-ны ковидын үед үзүүлж буй эмнэлгийн тусламжийн хэрэгслийг өөрөөсөө өгч байгаа мэт тараасан талаар нутгийн иргэд шүүмжилж байгаа юм. Хамгийн гол нь Бүх нийтийн бэлэн байдлын зэргийг нэг шатлалаар бууруулсан ч хот хоорондын зорчих хөдөлгөөнийг энэ сарын 22 хүртэл нээхгүй байх шийдвэрийг Засгийн газар, УОК-оос  гаргасан. Гэтэл энэ шийдвэр хүчин төгөлдөр мөрдөгдөж байх үед УИХ-ын гишүүн Г.Занданшатар яагаад сумдаар тусламжаа тараах болов? Эх сурвалжийн мэдээлснээр Булган аймгийн Шуурхай штабын дарга, хурандаа Ш.Баасандорж УИХ-ын гишүүн Ц.Анандбазар болон түүнийг дагалдан яваа автомашинуудыг постоор нэвтрүүлэх тушаалыг шалган нэвтрүүлэх хяналтын цэгүүдэд үүрэгдсэн “эрхээ хэтрүүлсэн албан тушаалтан” болж таарлаа.


Үүний маргааш өдөр буюу 2021 оны тавдугаар сарын 10-нд #Metoo зохион байгуулагчдын төлөөлөл, түүний зохион байгуулагч М.Нарантуяа МАН-ын Төв байрны гадна очиж тус намын дарга У.Хүрэлсүхэд шаардлага хүргүүлсэн тухайгаа олон нийтэд мэдээлэл хийв. Тэрбээр “МАН-аас УИХ-д нэр дэвшиж сонгогдсон УИХ-ын гишүүн Ц.Анандбазарыг бэлгийн дарамт учруулж байсан гэх асуудлын хүрээнд ёс зүйн хариуцлага тооцуулж, УИХ-ын гишүүний үүрэгт ажлаас нь түдгэлзүүлж байгаад хэрэг хянан шалгах ажлыг явуулах тухай УИХ-ын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнэд #MeTooMongolia хөдөлгөөнөөс дөрөвдүгээр сарын 18-ны өдөр хүргүүлсэн бөгөөд уг албан бичгийн хариуг өнөөдөр (2021.05.10) хүлээж авлаа. Гэвч энэ хариу бичиг нь нэр холбогдсон УИХ-ын гишүүнд ёс зүйн хариуцлага тооцуулах эсэх нь тодорхой бус буюу бидний хүлээсэн хүлээлтэд нийцэхгүй байна. 
 

УИХ-ын гишүүн Ц.Анандбазар нь ажлын байранд бэлгийн дарамт үзүүлсэн гэж мэдэгдэж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр үнэнийг хэлж, гэрчилж буй эмэгтэйчүүдийг илтэд басамжлан доромжилж байна. Мөн хүчирхийллийг байх ёстой мэт, хохирлыг нь бензин, туслах материалаар үнэлж болдог мэт асуудал дэвшүүлж байгаа нь УИХ-ын гишүүн, ард түмний элч болон ажиллаж буй хүний ёс зүйд яав ч нийцэхгүй. Энэ бол олон охид, эмэгтэйг басамжлан доромжилсон асуудал. Иймд шаардлагадаа УИХ-ын гишүүн, МАН-ын гишүүн Ц.Анандбазарт ёс зүйн хариуцлага тооцож, УИХ-ын гишүүний үүрэгт ажлаас нь түдгэлзүүлэн хууль, хяналтын байгууллагад шалгуулахыг дэмжээсэй гэж хүсэж байна” гэлээ. Ийнхүү тус намаас нэр дэвшиж УИХ-д сонгогдсон Ц.Анандбазарыг түдгэлзүүлэх эсэхт 62  гишүүнтэй МАН “хуруугаа” ч хөдөлгөсөнгүй. Эцэстээ хамгийн том хандив өргөгч, Дархан цаазат газарт газар эзэмших гэрээгээ сунгахгүйгээр, жилийн татвар, төлбөрөө төлөхгүйгээр, гэрээнд заасан хэмжээг хэтрүүлэн анх авснаасаа тэс өөр зориулалтаар ашиглаж хувьдаа ашиг хонжоо олдог  болон “шахааны мангас” гэгддэг энэ гишүүнтэйгээ хэрхэн хариуцлага тооцох нь УИХ-ын дарга Г.Занданшатарын эр зориг мэднэ. Хуулийн талаасаа Сүнээ буюу иргэн Б.Сүндэрьяад гомдол гаргасан Ц.Анандбазар, УИХ-ын гишүүн Ц.Анандбазарт гомдол гаргасан Б.Сүндэрьяа нарын шүүхэд гаргасан маргааныг эцэслэн шийдвэрлэхгүйгээр энэ асуудалд цэг тавих боломжгүй. Нөгөөтэйгүүр эрхэм гишүүний телевизээр ярьсанчлан нэр төрийг нь сэргээх эсэхийг ч мөн л Шүүх шийднэ. Гэтэл УИХ-ын гишүүний суудлаас жирийн иргэн эмэгтэйтэй ижил түвшинд үнэнийг дэнсэлнэ гэдэгт иргэд төдийлөн итгэхгүй байгаа юм. Нэг л жишээ дурьдахад, одоогоос арваад жилийн өмнө Ц.Анандбазарын нэр холбогдсон хэргийг 2014 онд шүүх эцэслэн шийдвэрлэхдээ хэрэгсэхгүй болгосон. Үүнд нь тухайн үед УЕП-ын туслах байсан Б.Бат-Орших прокурор энэ шийдвэрт нөлөөлсөн гэгдэж байсан бөгөөд өнөөдөр тэрбээр УЕПГ-т хэлтсийн даргаар ажиллаж байна. Эрхэм гишүүн шүүх, прокурорын шийдвэрт эрх мэдэл, албан тушаал, бусад сэжмээр нөлөөлөхгүй гэх баталгаа алга. Тиймээс жирийн иргэний хувиар шалгагдах ёстой. Эсвээс шударга ёс, тэгш байдлын зарчим талаасаа тэнгэр газар шиг ялгаатай нөхцөлд шүүх, прокурорын байгууллагаас гаргах шийдвэр хардлага дагуулсаар байх болно.
Харин Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын 100 хоногийн ажлыг сэтгүүлчдэд танилцуулах үеэрээ “Ц.Анандбазар гишүүнтэй холбоотой асуудал нийгэмд нэлээд газар авч байна. Мэдээж парламентын гишүүний өөрийн бүрэн эрхийн асуудал байдаг. Гарч ирсэн бүх асуудлын төлөө парламентын гишүүн огцорно гэдэг амаргүй асуудал мөн үү гэвэл мөн. Гэхдээ миний хувьд Ц.Анандбазар үнэхээр гэм буруугүй бол УИХ-ын гишүүнээсээ түдгэлзээд шалгуулах хэрэгтэй. Гэм буруугүйгээ нотлочихоод ороод ирвэл ёс зүйн хувьд хамгийн зөв гэж бодож байна. Хариуцлага тооцох субъектэд нь Ерөнхий сайдын хувьд саналаа хэлсэн"  гэсэн байр суурийг илэрхийллээ. Үүнд олон нийт ихээхэн найдвар тавьж, шударга ёсны төлөө, хүчирхийллийн гэмт хэргийн эсрэг маш зөв байр суурь илэрхийллээ гэж үзэж байна. 
 

Дашрамд, Улаанбаатар хот дахь Булган аймгийн залуучуудын холбооноос 2021 оны дөрөвдүгээр сарын 27-нд УИХ-ын гишүүн Цогт-Очирын Анандбазарт хандан дээрх асуудлаар өөрийн хүсэлтээр сайн дураараа хуулийн байгууллагаар нэн яаралтай шалгуулж, бодит үнэнийг тодорхой болгохыг шаардсан. Үүнд Булган аймгийн залуучууд хүчирхийллийг тэвчихгүй, түүнийг үйлддэг хүн биднийг төлөөлсөн төрийн түшээ байхыг ёс зүйгүй, доромжлол гэж  үзэж “Булган хангай нутгийн минь өвгөдийн түүхэн алдар гавьяа, нэр хүнд, хүний эрхийн хамгийн гутамшигт зөрчил болох бэлгийн хүчирхийллийн асуудлаар гудайх учиргүй” хэмээн хатуу ширүүн үгтэй шаардах бичиг илгээснийг тус тойргоос сонгогдсон эрхэм гишүүн тоохгүй өнгөрөхгүй байх гэж найдаж байна.

ҮНДЭСНИЙ ШУУДАН СОНИН