-Улсын 3-р төв эмнэлгийн Мэдээгүйжүүлэг, мэс заслын нэгдсэн тасгийн сувилагч нарыг онцоллоо-

Сэтгүүлч Л.Баатархүү

   “Цагаан халаадтай баатрууд” хэмээгддэг сувилагч нарын баярын өдөр өнөөдөр тохиож байна. Тодруулбал, Олон улсын Сувилагчдын нийгэмлэгээс орчин үеийн сувилахуйн шинжлэх ухааныг үндэслэгч Флоренс Найтингелийн төрсөн өдөр болох тавдугаар сарын 12-ныг “Олон улсын сувилагчдын өдөр” болгон  тэмдэглэж ирсэн юм.

Өдгөө дэлхийн хамгийн эрэлттэй мэргэжлийн нэг болчихоод буй сувилагч нар өвдөж, шаналж ирсэн үйлчлүүлэгчтээ эмийн болоод сэтгэлзүй, орчин нөхцөл гээд бүх л  эмчилгээг хийж амьдрал бэлэглэдэг хамгийн чухал мэргэжил.

Тэдний ажил, мэргэжлийн талаар Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Ерөнхий захирал Тедрос Адханом “Сувилагч мэргэжилтэн бол дэлхийн хаана ч эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлэхэд үнэлж баршгүй хувь нэмэр оруулдаг гавъяатан юм. Сувилагч, эх баригчгүйгээр бид тогтвортой хөгжлийн зорилтод хүрч чадахгүй” хэмээжээ.

Тиймээс манай редакци тэдний баярын өдрийг тохиолдуулж 2019 оны “Сувилахуйн тусламж, үйлчилгээний шилдэг хамт олон”-оор шалгарсан П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлгийн Мэдээгүйжүүлэг, мэс заслын нэгдсэн тасгийн хамт олныг онцолж байна.

Тус тасгийнхны хувьд улсын хэмжээний хамгийн том гол хагалгаанууд, мэдээгүйжүүлэгч сувилагчдыг бэлддэг өндөр түвшинд бэлтгэгдсэн баг юм.

Тэднээс тасгийн бүтэц зохион байгуулалт, гадаад харилцаа, улсын хэмжээнд хийдэг хагалгааны төрлүүдийн мэдээгүйжүүлгийн онцлог, сувилагчийн хөгжих боломжийн талаар цөөн хором ярилцснаа хүргэж байна.

А.Соёл-Эрдэнэ: Манай тасаг улсын хэмжээнд мэдээгүйжүүлгийн нарийн мэргэшлийн сувилагч нарыг бэлддэг

   

   Эрүүл мэндийн салбарт тасралтгүй 25 жил ажиллаж буй Мэдээгүйжүүлэг, мэс заслын нэгдсэн тасгийн Ахлах сувилагч А.Соёл-Эрдэнэ тасгийнхаа онцлог, бүтэц зохион байгуулалт, гадаад харилцааны талаар ийн ярилаа.

-Юун түрүүнд нийт мэргэжилт нэгтнүүддээ Олон улсын сувилагч нарын өдрийн мэнд хүргэе. Манай тасаг 16 сувилагчтай, эмч нартайгаа нийт 30 хүний бүрэлдэхүүнтэй. Яаралтай, уралог, ангиограф, зүрх, тархи, мэдрэлийн гээд бүх төрлийн мэс засалд мэдээгүйжүүлгийг хийдэг байгаа. Товчхондоо мэдээгүйжүүлэг хаана шаардлагатай байна тэнд бид ажилладаг гэсэн үг. Манай эмнэлгийн хувьд гадаад харилцаа нэлээд өргөн учраас олон улсын багууд ирж Монголд мэс заслын тусламж, эмчилгээг хийсээр ирсэн.

Тухайлбал, зүрхний мэс засалд гэхэд Солонгос, Луксенбург, Япон, мэдрэлийн мэс заслын чиглэлээр АНУ, БНХАУ, ерөнхий мэс заслын чиглэлээр Энэтхэг, Солонгос, Францын багуудтай хамтран ажиллаж олон олон хагалгааг амжилттай хийсэн юм. Түүнээс гадна ОХУ, Германы багууд бусад хагалгаан дээр ирж ажиллахад манай хамт олон харилцан суралцаж, туршлага сууж байна.

Түүнээс гадна эдгээр улсуудад манай эмч, сувилагч нар очиж мэргэжил дээшлүүлэх сургалтад байнга хамрагдаж байгаа. Энэ хэрээр сурч мэдсэн мэдлэг, туршлагаасаа улсын хэмжээнд мэдээгүйжүүлгээр нарийн мэргэших сувилагч нарын сургалтуудыг хариуцаж хийдэг. Мэргэшил олгох сургалтын онол, практик, ажлын байран дээрх дадлагажуулалтыг манай бүх сувилагч хариуцаж сургадаг юм. Жилд дунджаар 30-40 сувилагчийг нарийн мэргэшүүлж байна.

Ажлын онцлогийн хувьд зарим хагалгаа 12 цаг хүртэл үргэлжлэх ч тохиолдол бий. Ажлын найман цагт багтаж хагалгаагаа дуусгах боломж бараг байдаггүй.

Одоохондоо манай мэдээгүйжүүлгийн аппарат тоног төхөөрөмжийн тоо цөөрч, удаан эдэлсэн учраас зарим хагалгааны өрөө ажиллахгүй, сувилагч нар ачаалалттай байгаа. Удахгүй ковид-19 намжиж хил нээгдэхээр шинэ тоног төхөөрөмжүүд ирнэ. Төхөөрөмжүүд ирэхээр хүний нөөцийн хувьд ч жигд хувиарлагдаад ачаалал буурах боломжтой.

Хүмүүс мэдээгүйжүүлгийн сувилагчийн ажлын онцлогийн талаарх ойлголт жаахан муу байдаг. Учир нь бид бусад тасгууд шиг хэвтэн эмчлүүлэгчтэй харьцдаггүй. Зөвхөн мэс заслын үеэр л мэдээгүйжүүлэх мэргэжлийн ажлаа хийдэг болохоор хүмүүс сайн мэддэггүй.

Гэтэл тухайн мэс ажилбарын явцад хагалгаанд орж буй хүний амь насыг мэдээгүйжүүлгийн эмч, сувилагч нар л хариуцна.

Мэдээгүйжүүлгийн сувилагч нарын маань ачаалал их байдаг. Гэхдээ бид ачааллыг нь тэнцвэржүүлэх зорилгоор хоёр хоёр сараар тойруулж ажиллуулдаг юм. Өөрөөр хэлбэл, энэ сар тухайн сувилагч зөвхөн мэдрэлийн мэс заслын хагалгааны өрөөнд ажиллалаа гэхэд дараа хоёр сар нь арай ачаалал бага хэсэгт ажиллах байдлаар хувиарлагдаж ажиллана гэсэн үг.

Түүнчлэн бид хэвийн бус, хүнд нөхцөлд хийж байгаа ажилтайгаа харьцуулахад цалингийн үнэлэмж бага байгаа нь нууц биш. Бараа, бүтээгдэхүүн, амьдралын өртөг ямар өндөр билээ, эдгээрийг тооцож мэдээгүйжүүлгийн сувилагч нарын цалин хөлсийг нэмэх шаардлага зайлшгүй бий.

Цаашид нарийн мэргэжлийн чиглэлийн мэргэшүүлэх, олгох сургалтын сурах хугацааг арай сунгаж өгөх нь чухал байна. Одоогоор мэргэшүүлэх гурван сар,  олгох сургалт гэхэд нэг сар байх жишээний.

Т.Сарантуяа: Улсын хэмжээнд зүрх, тархи, ангио, мэдрэлийн мэс заслын мэдээгүйжүүлгийг зөвхөн манай тасаг хийдэг

  Өнгөрсөн 2002 оноос мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээгээр нарийн мэргэжил эзэмшнээс хойш мөн эрүүл мэндийн салбарт тасралтгүй 23 дахь жилдээ ажиллаж буй туршлагатай сувилагч Т.Сарантуяагаас мэдээгүйжүүлгийн сувилахуйн тусламж үйлчилгээний онцлог, зөвхөн эдний эмнэлэгт хийгддэг мэдрэлийн мэс зэсэл, зүрхний мэс засал, ангио графикийн оношилгоо, эмчилгээний мэдээгүйжүүлгийн талаар тодрууллаа.

-Манай тасаг улсын хэмжээнд төрөлжсөн нарийн мэргэжлийн буюу зүрх, тархи, мэдрэл, сүүлийн хоёр жилд судсан дотуурх оношилгоо эмчилгээний тасгийн мэдээгүйжүүлгийг үзүүлж буйгаараа онцлогтой. Өөрөөр хэлбэл, улсын хэмжээн дахь төрөлжсөн ийм хагалгааны мэдээгүйжүүлгийг зөвхөн манай тасаг л хийдэг гэсэн үг.

Мөн дөнгөж төрсөн нэг хоногтой ч юм уу хүүхдийн зүрхний мэс заслын мэдээгүйжүүлэг зөвхөн манай дээр хийгддэг. Зүрхний төрөлхийн гажигийг засах мэс заслыг анх 2013 оноос Солонгосын багтай хамтарч хийж байлаа. Хүүхдэд мэдээгүйжүүлэг хийнэ гэдэг бол сувилагчаас гардан ажилбарууд, хүүхдээ дааруулахгүй байх, хэрэглэж байгаа эм тариа, эмч, бусад багуудтайгаа нягт уялдах гээд ур чадварыг их шаарддаг.

Солонгосоос нарийн мэргэжлийн эмч, сувилагч нар эхний жилдээ манай багийг нарийн мэргэшүүлсэн. Дараа нь бид өөрсдөө бие даан хийдэг болсон юм.

Мэдрэл, зүрхний мэс засал том хагалгаа, удаан цагаар үргэлжилдэг болохоор сувилагчийн ур чадвар, мэдлэг, туршлага өндөр байхыг шаарддаг.

Манай тасгийн баг өндөр түвшинд бэлтгэгдсэн боловсон хүчнүүд байдаг болохоор олон мянган хүний алтан амийг аврахад чадах чинээгээрээ туслаж явна.

Удаан цагийн хагалгаанд шингэн юм ч уухгүй, хагалгаа хэзээ дуусна тэр үед л гардаг. Сүүлийн дөрвөн жил буюу манай сувилагч нар бүх хагалгаанд тойрч ажиллаж мэдээгүйжүүлэг хийдэг болсон. Энэ нь сувилагч нарыг илүү ур чадвартай, мэдлэг, туршлагатай болоход маш том хөшүүрэг болж байгаа. Бид ямар ч төрлийн мэс заслын үед мэдээгүйжүүлэг хийх чадвартай болсон гэсэн үг.

Сувилагч мэргэжилтний ажлын үр дүн шууд харагдаж байдаг. Мөн манай мэргэжлийн нэр хүнд дэлхий дахинаа өсөж байна. Бид илүү хөгжих, дэвших шаардлага ч тулгарч байгаа.

Мэргэжил нэгтнүүддээ Олон улсын сувилагч нарын баярын мэнд хүргэе.

М.Мөнгөнбаяр: Мэс засал амжилттай болоход сувилагчаас маш их зүйл шалтгаална

  Тус эмнэлгийн Мэдээгүйжүүлэг, мэс заслын нэгдсэн тасгийн ахлах зэргийн сувилагч, мэдээгүйжүүлгийн чиглэлээр тасралтгүй 12 жил, эмнэлэгтээ 14 жил ажиллаж байгаа М.Мөнгөнбаяраас сувилагч нарын багийн ажиллагааны талаарх сэтгэгдлийг нь авснаа хүргэж байна.

-Бид үйлчлүүлэгчийнхээ сэтгэлзүйд эерэг нөлөө үзүүлэх, биеийг нь бэлдэх, айдсыг нь арилгах, мэдээгүйжүүлэх эм тарианы ач холбогдлыг тайлбарлах гээд мэс ажилбарыг амжилттай болгоход мэргэжлийн бүхий л чадвараа дайчлан ажилладаг. Тухайн хүнийхээ амь насыг аварч, эрүүл болгохын тулд хагалгааны багийн 8-9 хүн нэг цул болж ажилладгаараа бидний ажил илүү онцлогтой.

Амжилттай ажиллах, сэтгэл санаа өөдрөг байх, ажилдаа зүрх сэтгэлээ зориулахад тасгийн хамт олны нэгдмэл, бие биенийгээ дэмжих байдал болон Тасгийн эрхлэгч, Ахлах сувилагчийн үүрэг маш чухал байдаг.

Ер нь бид ч гэсэн хүн учраас ойлгодог, ярилцдаг, дэмждэг удирдлага, хамт олонтой байхыг хүснэ. Манай хамт олон энэ тал дээр сайн учраас бидний амжилттай ажиллах нөхцөл бүрддэг байх.

Аливаа мэс засал тэр чигээрээ эрсдэл байдаг учраас хааяа хүндрэл гарах үед сэтгэл санаагаар унах тохиолдол бий бий. Миний хувьд анх ажилд ороод жил гаруйн дараа хүүхдийн зүрхний мэс засалд орж, хоёр өдөр дараалаад ой ч хүрээгүй хоёр хүүхэд хагалгаа амжилтгүй болж эндэхэд сэтгэл үнэхээр хэцүү болж байсан юм. Энэ цаг мөчид ярьж байхад хүртэл нулимас гарчих гээд дурсахад хэцүү байна. Тухайн үед манай туршлагатай сувилагч Сараа эгч маань зөвлөж, чиглүүлж, туслаж дэм болж байсан даа.

Сувилагч нарын багийн ажиллагаа сайжирахад нэгнийгээ ойлгодог, үгийг нь даадаг, учраа олдог, нөхдөг, бие биедээ тусладаг байхад бүх зүйл, ажил нь амжилттай байх болно. Манай хамт олны нэг давуу тал нь хэн нэгэнд нь хүндэтгэх шалтгаан гарах, зовлон, жаргал тохиолдох үед оронд нь төвөгшөөхгүйгээр ажлаад өгчихдөг.

Хамт олондоо болон, нийт сувилагч нартаа баярын мэнд хүргэе.

Л.Отгонцэцэг: Манай хамт олны 60 хувь нь залуу сувилагч нар

  Тус тасгийн залуу сувилагч Л.Отгонцэцэгээс сувилагч нарын сурч, хөгжих боломжийн талаар цөөн хором ярилцлаа.

-Бидний мэргэжил ачаалал ихтэй, мэдлэг, чадвар, туршлага шаардсан ажлын байр. Залуус биднийг нарийн мэргэшихэд туршлагатай сувилагч нар маань хоёр сар дагалдуулж чадвар суулгадаг байгаа. Манай эмнэлэгт гадны багууд их ирдэг болохоор бид шинийг сурч, ур чадвараа нэмэгдүүлэхэд чухал түлхэц болж байна.

Мөн залуус бид гадаад хэл сурах, мэргэжлийнхээ хүрээнд сурч боловсрох боломжтой байдаг. Өнгөрсөн жил гэхэд манай тасагт сар гаруйн хугацаанд англи хэлний хичээл орсон. Гэхдээ ажлын цаг тогтмол бус зарим үед хагалгаа удаан үргэлжилдэг болохоор хичээлдээ суух боломж тааруу байлаа.

Манайх тасаг дотроо тойрч ажиллах зарчимтай болохоор ээлжинд гарч байгаа үед амарсан өдрөө өөрийгөө хөгжүүлж болно. Харин өөр чиглэлээр сурах боломж хомс.

Ажлын ачааллыг бууруулахын тулд сувилагч нарынхаа орон тоог нэмэх нь зөв. Тэгж байж хөгжих цаг хугацаатай болно. Одоогоор бол манай эмнэлэгт мэдрэлийн мэс засал маш их орж байна. Шөнийн 02:00 цаг хүртэл ажиллах үе ч бий. Мөн ковид-19-ийн нөлөөгөөр манай эмч, сувилагч нараас нөөцөд бэлтгэгдэж үндсэн ажлаа хийхгүй байгаа.  Удахгүй тоног төхөөрөмж нэмэгдээд тэр хэрээр хүний нөөц нэмэгдэж, цар тахлын нөхцөл байдал намжаад ирэхээр хагалгааны өрөө хувиарлалт, ачаалал багасах боломж бүрдэх байх.

Мэдээгүйжүүлгийн сувилагч тухайн хагалгааны өрөөндөө ажлын цаг нь дуусах хүртэл хэдэн ч хагалгаанд орж болно. Эмч нар нэг хагалгаанд ороод л явчихна. Ийм байдаг учраас ажлын ачаалал маш өндөр. Нөгөөтэйгүүр бидний ажлын орчин нөхцөл зарим хагалгааны өрөө заалтаас хамаарч хүйтэн байх, рентген туяатай, хүний цус, ялгадас, амьсгал, битүү хувцастай удаан зогсох гээд хэвийн бус нөхцөлд ажилладаг гэсэн үг.

Манай сувилагч нар хэдий ачаалалтай ажилладаг ч гэсэн гадны багуудтай их хамтардаг учраас хэлний болоод хувь хүний хөгжлийн нэлээд сургалтад хамрагдаж, хөгжиж байгаа.

 

Цаг гарган мэдээлэл өгсөн та бүхэнд баярлалаа, ажлын өндөр амжилт хүсэн ерөөе.