Монгол Ардын нам, УИХ дахь МАН-ын бүлэг, “Стратеги” Академиас 2014.05.12-16 өдрүүдэд “Монгол Улсын хөгжлийн бодлого” сэдэвт “Хаврын академи”-ийг ХБНГУ-ын Фридих Эбертийн сантай хамтран Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна.

Тус арга хэмжээнд Монгол Улсын нийгмийн хөгжлийн бодлого, эдийн засгийн хөгжлийн бодлого, засаглалын бодлого, ногоон хөгжлийн бодлогын талаар дотоод, гадаадын эрдэмтэн судлаачид сонирхолтой илтгэл тавьж хэлэлцүүлэг өрнүүлнэ.

Монгол Улсын Их Хурал одоогоос 6 жилийн өмнө “Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтуудад суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлого”-ыг баталсан хэдий ч улс төрийн намууд энэхүү төрийн бодлогыг чиг шугамаа болгон ажиллаж чадалгүй, улс төрийн сонгуулийн амлалтуудаар замхруулан ач холбогдлыг нь алдагдуулсан. Эрх баригч АН өнөө хэр улс орны хөгжлийн бодлогыг тодорхойлоогүйгээр үл барам улс орныг хааш нь удирдаж яваа нь олон түмэнд ойлгомжгүй хэвээр байсаар байна. Улс төрийн намуудын үзэл баримтлал, онол зарчим алдагдаж, улс оронд эдийн засаг, нийгмийн хүндрэл нүүрлээд буй энэ цаг үед МАН хариуцлагатай, зүүн төвийн улс төрийн хүчний хувьд Монголын хөгжлийн бодлогыг шинэчлэн томъёолоход энэхүү “Хаврын академи” ач холбогдолтой байх нь дамжиггүй.

Энэхүү “Хаврын академи”-ийн үйл ажиллагаанд МАН-ын удирдлагууд, МАН-ын бүлгийн дарга, УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн дэд дарга, УИХ-ын гишүүн, доктор Д.Оюунхорол, МУИС-ийн ЭЗС-ийн багш, доктор Ч.Хашчулуун, МАН-ын Эдийн засгийн хөгжлийн бодлогын газрын дарга Д.Даваасүрэн, МАН-ын Нийгмийн хөгжлийн бодлогын газрын дарга С.Чинзориг нар Монгол Улсын хөгжлийн бодлогын талаар илтгэл тавьж оролцохоос гадна гадаадын олон оронд ажилласан туршлагатай эксперт ХБНГУ-ын доктор Алфрэд Пфаллер, Норвеги Улсын эдийн засгийн ахлах судлаач, доктор Хельге Редвик зэрэг гадаадын нэр хүнд бүхий эрдэмтэн судлаачид урилгаар оролцож өөрийн орны хөгжлийн туршлага, арга барилаас хуваалцаж илтгэл тавина.

“Хаврын академи”-ийн сүүлийн өдөр буюу 2014.05.16-ны өдөр “Монгол улсын хөгжлийн бодлого”-ийг тодорхойлох форум болох бөгөөд энэхүү форумд Монгол дахь зүүний болон зүүн төвийн үзэл баримтлалтай улс төрийн намууд хамтран оролцож үзэл бодол, байр сууриа илэрхийлэх юм байна. “Хаврын академи” болон форумаас зөвлөмж гаргаж холбогдох төрийн байгууллагууд, улс төрийн намуудад хүргүүлэх юм байна.