МЗХ-ны төлөөлөгчдийн Зүүн Өмнөд Азийн 4 орноор хийсэн айлчлал 2014 оны 4-р сарын 30-ны өдөр Малайзын Мелака хотод байрлах Дэлхийн Залуучуудын Ассемблей (ДЗА)-н төв байранд зочилсоноор өндөрлөлөө.

МЗХ-ны ерөнхийлөгч Аюушийн Мөнхбат болон бусад төлөөлөгчдийг ДЗА-н ерөнхий нарийн бичгийн дарга хатагтай Эдиола Пашолиари өөрийн биеэр угтан авч уулзан, ДЗА-ийн бүтэц, 2014 онд зохион байгуулах арга хэмжээнүүдийн талаар товч танилцуулга хийж, нарийн бичгийн газарт ажилладаг бусад ажилтнууд өөрсдийн үйл ажиллагааны чиглэлийн талаар мэдээлэл өглөө. Дашрамд дурьдахад хатагтай Эдиола ДЗА-ийн ерөнхий нарийн бичгийн даргаар 2007 оноос ажиллаж байгаа юм.

ДЗА нь 1949 онд байгуулагдсан бөгөөд улс орон бүрийн үндэсний хэмжээний залуучуудын байгууллагуудыг өөртөө нэгтгэн нэгдсэн удирдлагаар хангаж, зөвлөгөө өгдөг олон улсын байгууллага юм. Мөн НҮБ-ийн гишүүн байгууллаггуудтай зөвлөлдөх байр суурьтай байдаг бөгөөд НҮБ болон дэлхийн залуучуудыг холбох гүүр болдог.   

Энэ жил ДЗА байгуулагдсаны 65 жилийн ой тохиож байгаа бөгөөд 2014 онд ДЗА-аас хоёр гол арга хэмжээ зохион байгуулах гэж байна. Үүнд,  2014 оны 6-р сарын 23-25 ны өдрүүдэд Малайзын Мелака хотноо болох Залуучуудын 14-р хэлэлцүүлэг “Залуучууд ба боловсрол: Бүх нийтийн боловсролтой болгохын төлөө үйл ажиллагаа хэрэгжүүлж үр дүнд хүрье” сэдвийн доор явагдана. Энэхүү арга хэмжээнд сонирхсон залуу хүн бүр оролцох боломжтой.

ДЗА-н энэ жилийн 2 дахь гол арга хэмжээ нь ДЗА-н 16-р Ерөнхий Ассемблейн уулзалт 2014 оны 12-р сарын 7-11 өдрүүдэд Албани Улсын Тирана хотноо чуулах гэж байна. Энэхүү чуулга нь 4 жилд 1 удаа хуралддаг бөгөөд ДЗА-ийн гүйцэтгэх хорооноос зохион байгуулдаг.Чуулганд оролцох урилгыг ДЗА-ийн бүрэн гишүүн болох 124 улсын үндэсний хэмжээний залуучуудын байгууллагуудад хүргүүлсэн байгаа. Энэ дундаа МЗХ ч мөн энэхүү урилгыг хүлээн авсан.  

МЗХ-ны ерөнхийлөгч Аюушийн Мөнхбат хатагтай Эдиолад цаг зав гарган монголын төлөөлөгчдийг хүлээн авч уулзаж байгаад талархаад, Зүүн Өмнөд Азийн 4 орны залуучуудын холбооны удирдлагатай хийсэн уулзалтуудынхаа зорилго, үр дүнгийн талаар мэдээлэл хийж Мелака хотноо ДЗА-н төв байранд зочилж байгаадаа ихээхэн ач холбогдол өгч байгаагаа илэрхийллээ. Ерөнхийлөгч Аюушийн Мөнхбат ДЗА-н ажилтануудад МЗХ-ны түүхэн замнал, үйл ажиллагааны талаар товч мэдээлэл хийж, монголын залуучуудын хувьд өнөөдрийн байдлаар тулгамдаад байгаа боловсрол, эрүүл мэнд, хөдөлмөр эрхлэлт, орон сууц гэх мэт 5 асуудлын талаар ярилаа.

Ерөнхий нарийн бичгийн зүгээс эдгээр асуудлыг шийдвэрлэх зарим нэг гарцуудыг санал болголоо. Тухайлбал, ДЗА-аас залуучуудыг биеийн тамирын хэрэгсэл тоноглолоор хангах төслийг энэ жилээс шинээр хэрэгжүүлж эхэлж байгаа бөгөөд эдгээр хэрэгсэл хэрэгтэй байгаа жагсаалтанд МЗХ-г оруулж болох талаар амлалаа. Цаашилбал, Малайзи Улсад сурч буй монгол оюутнууд ДЗА-аас зохиох арга хэмжээнд оролцох мөн сайн дурын ажилтанаар ДЗА-н төв байранд ажиллах боломж байгааг ч дурьдлаа.

Уулзалтанд Малайзи Улсад сурдаг монгол оюутнуудын холбооны тэргүүн Н. Лхагвадорж байлцсан ба Малайзид сурч буй монгол оюутнуудад тулгардаг бэрхшээлүүдийн талаар ярилаа. Гол нь хар тамхины хэрэгт монгол залуучууд түгээмэл өртөж байна.

Уулзалтын төгсгөлд МЗХ-ны ерөнхийлөгч, хатагтай Эдиолад Монгол Улсад зохион байгуулах Азийн Залуучуудын Чуулганы албан ёсны урилгыг гардууллаа.

2014 оны 5-р сарын 1-ны өдөр Монголын төлөөлөгчдийг ДЗА-ийн ерөнхийлөгч Датук Сэри Идрис Бин Харон өөрийн албан өргөөнд хүлээн авч уулзлаа.

Тэрбээр ДЗА-ийн ерөнхийлөгчийн албан тушаалыг 2010 оноос хашиж байгаа бөгөөд Малайзын томоохон улс төрчдийн нэг юм. 2004 оноос Мелака хотын парламентын гишүүнээр, 2008 оны сонгуулийн дараа Дээд боловсролын дэд сайдаар томилогдон ажиллаж байсан бол 2013 оны 5-р сараас Мелака хотын 10 дахь захирагчаар тус тус ажиллаж байна.

Тэрээр залуучуудыг ихээхэн дэмждэг бөгөөд өөрөө оюутан байхдаа Малайзын Оюутны Конгрессын даргаар төгсөн төгслөө сонгогдон ажиллаж байсан байна. Энэ удаа ч МЗХ-ны төлөөлөгчдийн айлчлалыг ихээхэн сайшааж, Монголд болох Азийн Залуучуудын Чуулганд урьсан явдалд талархаснаа илэрхийллээ.

Ийнхүү МЗХ-ны ерөнхийлөгч Аюушийн Мөнхбат тэргүүтэй төлөөлөгчдийн Зүүн Өмнөд Азийн 4 орон Тайланд, Лаос, Сингапур, Малайз Улсын Үндэсний хэмжээний залуучуудын холбоодын удирдлага болон ДЗА-ийн удирдлагуудтай хийсэн уулзалт амжилттай өндөрлөлөө. Айлчлал хийсан улс орон бүрт монгол залуустай уулзаж, санал бодлыг нь сонсон залуучуудын салбар зөвлөл байгуулахаар боллоо.