УОК-иос энэ сарын 22-ноос эхлэн хот хоорондын хөдөлгөөнийг нээлээ. Коронавирусийн эсрэг вакцины хоёр дахь тунг хийлгээд 14-өөс дээш хоносон иргэдийг вакцины гэрчилгээгээ үзүүлэн, орон нутаг руу зорчихыг зөвшөөрсөн билээ. Мөн 0-17 насны хүүхдээс шинжилгээний бичиг шаардахгүй байх шийдвэр гаргасан.

Сургууль, цэцэрлэгийн зуны амралт эхэлсэн энэ үед хүүхдүүдийг хөдөө явуулах нь их байгаа юм. 17 хүртэлх насны хүүхдүүд дархлаажуулалтад хамрагдаагүй учир халдвар авах болон дамжуулах эрсдэлтэй. Тиймээс нийслэлээс орон нутагт очсон хүүхэд очсон айлдаа долоо хоног тусгаарлагдаж, халдварын шинж илрээгүй бол хэвийн амьдралд шилжиж болно.

Мөн эрүүл мэндийн болон тодорхой шалтгааны улмаас ваkцин хийлгээгүй иргэд дээрх халдвар хамгааллын дээрх дэглэмийг мөрдөх шаардлагатай хэмээн Эрүүл мэндийн яамнаас зөвлөж буй юм. 

 

Хөдөө орон нутаг руу зорчихдоо юу анхаарах вэ?

 

Архангай, Баянхонгор, Булган, Говь-Алтай, Дархан-Уул Шарын гол, Дорнод, Дундговь, Орхон, Завхан, Төв Аймаг, Увс, Хэнтий, Хөвсгөл, Өвөрхангай аймаг болон нийслэл хооронд зорчих иргэдийн хөдөлгөөнийг энэ сарын 22-ноос эхлүүлсэн. Үүнтэй холбогдуулан “Хот болон орон нутаг хооронд иргэдийн зорчих хөдөлгөөнийг зохицуулах түр журам” -д заасан тээврийн хэрэгслээр зорчигчдод тавигдах шаардлага, хүлээх үүргийг танилцуулж байна. Үүнд:

-Иргэний үнэмлэх болон бусад холбогдох баримт бичгийг биедээ авч явах бөгөөд шалган нэвтрүүлэх хяналтын цэгүүдэд тухай бүр шалгуулна.

-Нэг удаагийн амны хаалт, бээлий, гар халдваргүйжүүлэгч, хувийн хэрэгцээний эд зүйлс, замд хэрэглэх хоол, хүнс болон хогийн уутыг урьдчилан бэлтгэнэ.

-Зорчигч тээвэрлэлтийн туршид халдвараас сэргийлэх дэглэмийг мөрдөж, /хооллохоос бусад нөхцөлд нэг удаагийн амны хаалтыг авахгүй байх хоёр цаг тутам эсвэл бохирдсон тухай бүр амны хаалтыг солих, гараа бохирдох бүрт халдваргүйжүүлэх, бусадтай биеэр хүрэлцэхгүй байх, ойролцоо суудалд зорчиж буй бусад хүнтэй харьцах үедээ амны хаалт хэрэглэж, хүн хоорондын зай барих/ эрх бүхий ажилтан, албан хаагчдын тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлнэ.

-Зорчигч өөрийн бэлтгэсэн хогийн уутанд хог хаягдлаа хийн битүүмжилж хог хаягдлыг цуглуулах цэгт төвлөрүүлнэ.

-Тээврийн хэрэгсэл дотор болон гадагш нус, цэр, шүлс, хог хаягдлыг ил задгай хаях, утсаар чанга удаан ярихыг хориглоно.

-Халдварын сэжигтэй шинж тэмдэг илэрвэл өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэндийг эрсдэлд оруулахаас сэргийлж, энэ талаар тээвэрлэлтийн үйлчилгээ үзүүлэгч ажилтанд нэн даруй мэдэгдэнэ.

Хөдөө орон нутаг руу зорчих иргэдэд тавих шаардлага

-Дархлаажуулалтын бүрэн тун /2 тун/ авсны дараа 14 хоног өнгөрсөн нотлох баримт шаардлагатай. Энэ тохиолдолд PCR-ын шинжилгээ шаардахгүй.

-Сүүлийн дөрвөн сарын хугацаанд коронавирусын халдвараар өвдөж, эдгэрсэн бол эмчийн магадалгаа шаардлагатай. Эмчийн магадалгааг эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн бол эмнэлгээсээ, гэрээр эмчлүүлсэн бол Өрхийн эрүүл мэндийн төвөөсөө авна.

-0-17 насны хүүхдээс шинжилгээ шаардахгүй боловч шинж тэмдэг илэрсэн тохиолдолд түргэвчилсэн шинжилгээ хийнэ.

-Бусад тохиолдолд буюу вакцины бүрэн тунд хамрагдсан ч 14 хоног болоогүй, хүндэтгэн үзэх шалтгаанаар вакцинд хамрагдаагүй иргэдийн хувьд PCR-ын шинжилгээ /72 цаг хүчинтэй/ эсвэл түргэвчилсэн шинжилгээ /48 цаг хүчинтэй/ шаардана. Мөн шинжилгээ өгч явж байгаа иргэд, 0-17 насны хүүхэд очсон газраа гэрийн ажиглалтад  долоо  хоног байна.