Д.БЯМБАСҮРЭН

Урин цагт хоёр алхаад “Зам засварын ажил явагдаж байна” гэсэн бичигтэй тааралдана. Угаас их хотын дулааны улиралд хийгддэг томоохон ажлын нэг бол зам засвар. Хагарсан, цуурсан, эвдэрсэн замуудыг засаж, тэгшлэн, аль болох аюулгүй замаар алхах тав тухыг бэлтгэгч нар бол замын ажилчид.

Өнгөрсөн онд авто замын салбарт улсын төсөв, гадаадын зээл, тусламж, төр, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар нийт 123 чиглэлийн 1902.7 км авто зам болон 27 байршилд 1376.6 метр урттай төмөр бетон гүүрийн барилгын ажлыг гүйцэтгэсэн гэж Зам, тээврийн хөгжлийн яамнаас мэдээлсэн. Энэхүү тоо баримтаас харахад, авто замын засварын ажил ахицтай мэт боловч сүүлийн жилүүдэд шинээр хийгдэх замын тоо багассан.

Харин жил бүр замын заадас засах, урсгал засвар, нөхөөс хийх ажил хэвийн үргэлжилж буй. Өөрөөр хэлбэл, сүүлийн жилүүдэд хийгдсэн зам засварын ажлын ерөнхий төрх урд хормойгоороо, хойд хормойгоо нөхөх буюу зассан замаа дахин засах замаар дороо эргэлдсээр дорвитой урагшлахгүй байгаа. Түүнчлэн Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт “Улаанбаатар хотын авто замын ачааллыг бууруулах, авто замын засвар арчлалтын хугацааг уртасгах, чанарыг сайжруулах, хөрөнгийн эх үүсвэрийг үе шаттай хэрэгжүүлэх зорилтыг тусгасан байдаг. Эндээс үзэхэд жил бүрийн урин цагт хийх зам засварын ажлыг зорилтын нэг хэсэг гэлтэй. Бид хөл хорионы үед “Хатуу хөл хориог үл ажирсан зам засварын ажил” сурвалжилгыг бэлтгэн хүргэсэн. Тэгвэл энэ удаад хийгдэж байгаа зам засварын ажлын явц энэ зун хотын аль хэсгээр үргэлжлэх, чанарын хувьд ямар байгааг албаны хүнээс тодруулж, дараах сурвалжилгыг бэлтгэлээ.

 

ЗАМЫН АЖИЛ УРСГАЛ ЗАСВАР, НӨХӨӨСӨӨР ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

Хөл хорионы үеэс хүний хөл хөдөлгөөн ихэссэн нь илт. Энэ ч утгаар ихэнх замын ажил шөнийн цагаар хийгдэж байгаа аж. Авто зам жил бүр урсгал, ээлжит, их засвар, өргөтгөл шинэчлэлт хийх гээд замынхаа насжилт, ашиглагдсан хугацаанаас хамаараад өөр байх аж. Хөл хорионы үед замын тэмдэг, хайс янзлах, тэгшлэх ажлыг хийсэн бол одоо замын заадас янзлах, урсгал засвар, нөхөөсний ажил явагдаж байгааг Нийслэлийн авто замын хөгжлийн газраас мэдээлсэн. Ойрын өдрүүдэд, хотын төв хэсгээр буюу Байгалийн түүхийн музейгээс Зоос гоёлын уулзвар хүртэл зам засварын ажил үргэлжилж байгаа юм. Иймд бид тус газрын ажлын явцтай танилцахаар очив. Эндэхийн ажил мөн шөнийн цагаар үргэлжилж байгаа аж.

Гэхдээ биднийг очиход таваас зургаан ажилчид цуурсан цемент дээр элс асгах зэргээр засварын ажил хийж байв. Энэ зуурт техник хариуцсан мэргэжилтэн Н-тэй цөөн хором ярилцав. “Энэ цэгийн ажил 21-ны өдрөөс эхэлсэн. Бид 10 гаруй хүний бүрэлдэхүүнтэй, шөнийн 23:00 цагаас 02:00 цаг хүртэл ажиллаж байгаа. Өдөртөө харин дөрөв, таваараа зарим жижиг ажлуудаа гүйцэтгэж байна. Эндэхийн ажил ирэх сарын 03-нд дуусна. Тэгээд гэр хорооллын зам руу орох байх. Одоо хотын төв хэсгийн замын урсгал засвар, нөхөөсний ажил дуусах шатандаа орж байна. Бид зуслангийн зам болон захын дүүргийн замыг үргэлжлүүлэн засах төлөвлөгөөтэй. Шөнө ажил явагдаж байгаа болохоор хүмүүсээс гомдол ирэх нь харьцангуй багассан.

Гэхдээ ойролцоо оршин суугчдын хувьд дуу чимээтэй гэсэн асуудал үүссэн. Гэвч бид хүний хөдөлгөөн багассан цагаар ажлаа явуулахаас өөр замгүй. Мөн бид дархлаажуулалтынхаа II тунд ихэнх нь хамрагдсан. Харин I тунгаа хийлгэсэн хэдэн хүн бий. Халдвар хамгааллын дэглэмээ мөрдөн, маск, бээлийгээ хоёр цаг тутамд сольж байгаа” гэв. Ийнхүү хотын төв хэсэгт зам засвар иймэрхүү байдлаар өрнөж байв. Хүнсний-1 дэлгүүр буюу тавдугаар сургуулийн ард байрлах орон сууцнуудын айлуудыг эс тооцвол энд зам засахад иргэдээс ирэх гомдол бага аж. Харин зам засварын ажил явагдахад эрсдэлтэй буюу хамгийн их хэл ам дагуулах газар бол гэр хорооллын хэсэг буюу захын дүүрэг. Иймд бид Баянзүрхийн товчоо хүрэв. Эндээс Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20,9 км зам засварын ажил явагдаж байгаа бөгөөд хот хоорондын зам нээсэн болохоор хүний хөдөлгөөн бужигнаж байв. Эндэхийн зам засвар мөн шөнийн цагаар хийгдэж байгаа нь ажил явагдаагүй байдлаас илт. Иймээс эндэхийн ажлын явцын талаар Улаанбаатар зам засвар, арчлалтын газрын орлогч Б.Алагаагаас тодруулав. Тэрбээр “Манайх Нийслэлийн Авто замын хөгжлийн газартай хамтран зам засварын ажилд оролцож буй. Бид Сүхбаатар, Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн замыг хариуцдаг. Эдгээр нутаг дэвсгэрт ус их ундардаг, мөн хот хооронд зорчих тээврийн хөдөлгөөн их болохоор замын эвдрэл гэмтэл их. Гэсэн ч угаасаа эвдэрдэг гээд орхих аргагүй. 

Жил бүр урсгал засварыг хийх ёстой. Хийхгүй бол зам улам муудаж, гэмтэнэ. Алив зүйлийг ер нь арчиж тордохгүй бол зэвэрч, мууддагтай адил.Манай энд хөл хорионы үеэр замын тэмдэг, хайс янзлах зэрэг ажил явагдаж байсан бол одоо урсгал засвар, нөхөөс , нүхэн эвдрэлийг засаж байна” гэв. Ийнхүү зам засварын ажил Хүсний 4-р дэлгүүрийн урд уулзвараас Нэгдсэн үндэстний гудамжны зүүн уулзвар, ШУТИС-ийн баруун хойд уулзвараас МУБИС-ийн баруун урд уулзвар, Цэцэг төвийн баруун урд уулзвараас Занабазарын музейн зүүн уулзвар зэргээр ирэх саруудад үргэлжлэн хийгдэх юм. Бид цааш явсаар зам засварын ажлын талаар иргэдийн байр суурийг сонсов. Баянзүрх дүүргийн IV-р хорооны иргэн Г.Энхтуяа “Жил бүр зам заслаа гэдэг ч нүдэнд харагдахаар дорвитой зассан зүйл байдаггүй.

Тухайлбал, манай урд талын замыг өнгөрсөн зун хэсэг хүн, хорин гаруй хоног зассан. Гэвч энэ жил цуураад, муудсан харагдана лээ. Энэ бол наад захын жишээ. Зам засварт төлөвлөсөн мөнгийг, хариуцсан хүмүүс нь иддэг байх. Уг нь үнэхээр сайхан замтай болох боломж бидэнд бий. Гэвч хоёрын хооронд чанаргүй юм хийж, сар болохгүй эвдэрдэг. Ер нь хотын захын дүүрэгт засмал зам их цөөхөн. Ихэнхдээ шороон замтай. Манай улс хэзээ энэ дэд бүтцийн асуудлаа шийднэ дээ. Өнөөдөр гэрээсээ гараад эвдэрхий зам, битүү түгжрэлээс өөр зүйл үнэндээ алга. Тэгээд түгжрэлээсээ үүдэн шөнө гэртээ очиж хоолоо иднэ.

Энэ олон хүнд өвчнүүд үүнээс л үүсэж байгаа. Машины тоо өсөхийн хэрээр зам нь эвдэрч, нөгөө эвдэрсэн замаа жил бүр давтан засахаас цаашгүй. Гараас нь хийсэн зүйл нь гардаггүй хүн байдаг даа. Зам засварын ажил бол тийм л зүйл” гэж хуучлав. Харин иргэн н.Мөнхбат “Мэдээнээс сонсоход, Засгийн газраас хамгийн их хөрөнгийг зам засварт суулгаж өгдөг юм билээ. Тэгээд зассан, өнгө орсон зүйл харагдахгүй юм. Хотын дарга тэр хэдэн дарга нартай саяхан зарим эвдэрсэн, засвар хийгдэх болсон гудамж, замтай танилцаж байна лээ. Гэсэн ч өнөөдөр манай хотод энэ замыг үнэхээр сайхан барьсан шүү гэчхээр нэг ч зам алга. Бүгд л хагарсан, цуурсан харагддаг. Дээрээс нь өнөөдөр зам засварын ажилчид халдвар авахгүй гэж тусгайлан заагаагүй. Хэдийгээр цалин өгч ажиллуулж байгаа ч энэ муухай өвчин хэнийг ч ялгахгүй. Энэ тал дээр анхаараасай. Аль хорионы үед ч ажиллуулж байсан” гэсэн юм.

 

ЭНЭ ЖИЛ 45 МЯНГАН МЕТР КВАДРАТ ЗАМД НӨХӨӨС ХИЙХ ТӨЛӨВЛӨГӨӨТЭЙ

Бодит нөхцөл байдалтай танилцаж, иргэдийн байр суурийг сонссоны дараа Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын Зам засвар ашиглалтын хяналтын хэлтсийн дарга Д.Ганбаттай ярилцав. Тэрбээр “Улаанбаатар хотын зургаан дүүрэгт замын хагарал, заадас хийж, нүхэн эвдрэл нөхөөсийн ажлыг эхлүүлэв. Хотын төв хэсгийн ажил дууссан. Одоо гэр хороолол, захын дүүргийн зам засварын ажил 80 хувьтай хийгдээд явж байна. Нийслэл дэх 1100 км авто замыг байнгын арчилж, тордохгүй бол жилээс жилд муудаж, доройтно. Тиймээс бид жил бүр төлөвлөгөө гарган, урсгал засвар хийж, арчилж торддог юм. Энэ жил 45 мянган метр квадрат замд нөхөөс хийхээр, Улаанбаатар зам засвар, арчлалтын газартай гэрээ байгуулсан. Хотын төв хэсгийн зам, 175 нэршил бүхий гудамж, зам нийлээд 100 гаруй километр авто замд урсгал зардал, нөхөөсний ажил хийгдэж байна.

Улаанбаатар зам засвар, арчлалтын газар Сүхбаатар, Баянзүрх, Сонгинохайрхан зэрэг дүүргийн нутаг дэвсгэрийн зам засварын ажлыг хариуцан ажиллаж байгаа. Үлдсэн дүүргүүдийн ажлыг тендер шалгаруулалтаар сонгогдсон, таван компани гэрээгээ байгуулаад хариуцан ажиллаж байна” гэж мэдээлэв. Мөн бид түүнээс иргэдийн яриад буй зам засварын чанарын талаар асуув. Тэрбээр “Манайх нэг метр квадрат нөхөөсний ажлыг 70 мянган төгрөгөөр нэгж үнийг тавиад тендер зарладаг. Чанарын хувьд бид өдөр тутмын хяналт тавьдаг. Тухайлбал, хучилтын ажил дуусахад бид өрөмдөөд зузааныг нь технологийн дагуу хийсэн эсэхийг хянан, шалгана. Чанаргүй байгаагийн учир нь бид урсгал, ээлжит, их засварын ажлыг цаг тухайд нь хийдэггүй. Улаанбаатар хотод заадас, засварын ажил гэхээр 33 гудамж зам дээр бид хотын гол болон төвийн, гэр хорооллын зам дээр засвар арчлалтын ажлыг хийж байна.

Бусад гудамж зам, хөрөнгө мөнгөтэй холбоотой урсгал засварын ажлыг хийхгүй үлдэх нь бий. Нийт замын урт 1100 км. Бид дунджаар жилдээ нэг 800 гаруй километр замын засвар хийнэ. Тухайлбал, өнөөдөр хүмүүсийн нүдэнд ногоон нуурын гудамжинд засвар хийсэн харагддаг ч нэгээхэн хэсэгт л хийдэг.Үүнийг хүмүүс огт мэддэггүй, ногоон нуурын замд засвар хийлээ гэж л ойлгодог. Гэвч, засвар хийсэн замын хэсэг биш, түүнтэй залгаа замд засвар хийдэг. Тиймээс хотын нийт зам буюу 1100 км замыг тэр чигт нь засна гэвэл их хөрөнгө, ажил орно. Гэтэл иргэд зам засварын ажил бүрэн хийгдэхгүй байна. 

Бид нар татвараа бүрэн төлдөг гэнэ. Энэ бол буруу ойлголт. Түүнээс гадна уул уурхайн тоног төхөөрөмж, хүнд даацын тээврийн хэрэгслүүд нийслэлд их явж байна. Манай замын хучилтын зузаан ямар билээ. Хатуу хучилт долоон см зузаантай.Ер нь хучилтын зузаан 20-30 см байдаг. Ийм хучилттай байхад даацын тэрэгнүүд явдаг нь бидний шүдний өвчин мэт болсон асуудал. Бид тэнхлэг, даацын ачааллыг 11 тонн байх ёстой гээд Нийтийн тээвэр, Тээврийн цагдаагийн газар, манай хэлтэс хамтарсан үйл ажиллагаа явуулаад үзэж шалгадаг. Энэ зөрчил өнөөдрийг хүртэл арилдаггүй. Мөн борооны усны шугамын асуудал байна. 

Өөрөөр хэлбэл, авто зам өнөөдрийн байдлаар өөрөө ус зайлуулах байгууламж болчихоод байна. Энэ мэт олон хүчин зүйлс бий. Шат дараатайгаар шийдэгдэх байх. Үнийн хувьд нийт 1100 зам дээр 12- 13 төгрөгний урсгал засварын ажил хийгдэж байгаа.Саяхан Засгийн газрын хуралдаанаар Зам тээврийн салбарын засвар, арчлалтын хөрөнгийг нэмэгдүүлж, хотын түгжрэлийн бууруулах асуудал яригдаж байна лээ. Хэрэв тэгвэл, замын урсгал засвар жилд 10 хэдэн тэрбум төгрөг, дээрээс нь бүтээн байгуулалт нэмэгдээд, 40 гаруй тэрбум төгрөгийн ажил хийгддэг байсан бол жилд 420 тэрбум төгрөг байршуулна гэж шийдвэл, зам засвар дээрх бидний санхүүгийн асуудал багасна. Бид урсгал засвар биш, ээлжит засвараа хийдэг болно. Шинээр зам сүлжээгээ нэмэгдүүлнэ” гэв.

ҮНДЭСНИЙ ШУУДАН СОНИН